Төрийн болон орон нутгийн өмч, хувьчлал, зардал үр ашиг, засаглалын шинэчлэлийн талаар ярьдаг ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, өмчийг захиран зарцуулах эрх мэдлийн сонирхлоосоо салж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай гэсэн суурь хуулиндаа бүрэн шинэчлэл хийж, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ гэхээсээ бусад өөрчлөгдсөн хууль тогтоомжинд нийцүүлэх маягаар 39 удаагийн нэмэлт, өөрчлөлт хийж ирсэн юм. Харин энэ удаад “косметик” гоёл биш углуургаар нь шинэчлэхээр цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна.
Төрийн өмчийн хууль бол улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсэн нөхцөл гэж үздэг. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Шүүрэн шанага” шиг тогтолцоо нь шамшигдуулах, үнэгүйдүүлэх, үр өгөөжийг бууруулах боломж болчихоод байгааг шүүмжилж үүнийг засах цаг ирсэн гэж мэдэгдэж буй. Өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт Төрийн ордонд болсон хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр орон нутгийн өмчийн харилцааг зохицуулдаг, хуулийг гардан хэрэгжүүлдэг аймгуудын Төрийн өмчийн газрын удирдлага, албан хаагчид ирж оролцов. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг амьдрал дээр хэрэгждэг, “усыг” нь шахсан чамбай зохицуулалттай болгохын тулд яах аргагүй хуулийг бодит нөхцөлд гардан хэрэгжүүлэгч нараас санал авч, ямар хийдэл, давхардал байгаа, ямар сул болон давуу тал байгааг тодруулах, дүн шинжилгээ хийх нь чухал юм.
Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 7000 орчим байгууллага байна. Байгууллагын тоогоор авч үзвэл дөрөвний гурав нь орон нутгийн өмчит байгууллага байгаа. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, ажиллах хүчний 10 орчим хувийг бүрдүүлж ажилладаг гэсэн тоо мэдээ бий. Гэвч олсон ашгийн дийлэнхийг Эрдэнэт болон Эрдэнэс тавантолгой компаниуд бүрдүүлж, дийлэнх нь төрийн болон орон нутгийн өмчит компаниуд нь үр ашиггүй, өндөр алдагдалтай ажиллаж байна. Тэр дундаа орон нутагт. Тэнд маш их зүйл мартагдаж, хаягдаж байна. Энэ бол хяналт сул байгаагийнх. Мөн түүнчлэн орон нутгийн эзэмшилд байгаа соёлын биет өвүүд, буган чулуун хөшөөд, бичээс, хосгүй өвүүд ч бий. Музей орон нутгийн өмчдөө тооцогдоод явдаг. Гэтэл тэнд байгаа соёлын хосгүй өвүүд төрийн өмчдөө ордоггүй гээд шийдэх зүйлс их байгаа. Энэ хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субьектын чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
Төрийн өмчийн үр ашиггүй ашиглалт, бүртгэл, хяналтын сул тогтолцоо, хариуцлагын тодорхойгүй байдал зэрэг нь орон нутгийн түвшинд бодит хүндрэл үүсгэж буйг аймаг, орон нутгийн өмчийн харилцааны байгууллагын удирдлагууд онцолж байна.
Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Н.Бэхбаяр “Одоогийн тогтолцоонд хөрөнгө бүрэн сүйдэж, гэмт хэргийн шинжтэй болсны дараа л асуудал яригддаг болохоос өмнөх шатны хариуцлагын механизм хангалтгүй байгаа” гэлээ.
Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Н.Хулан “Өнөөдөр төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийг заавал хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлэх журам мөрдөгдөж байгаа. Гэвч сум, байгууллагуудад ийм үнэлгээ хийлгэх төсөв бараг байдаггүй” гэж бодит бэрхшээлээ учирлав.
Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Н.Билгээ “Хуулиас давсан журмыг аймаг бүрийн ИТХ гаргаж мөрдүүлж байгаа. Аймаг бүр өөр журамтай учир өмчийн удирдлага нэгдсэн бодлогогүй, харилцан адилгүй хэрэгжиж байгааг” онцоллоо.
Орон нутгийн өмчийн байгууллагууд өнөөдөр хөрөнгийг бүртгэх ажлыг хийдэг ч бодит ашиглалт, хамгаалалтад тавих хяналт хангалтгүй байгааг салбарынхан өөрсдөө хэлж байна.Зарим байгууллага өмч хөрөнгөө бүртгэлд бүрэн тусгадаггүй, зарим нь ашиглалтыг нь муутгаж, элэгдүүлж байгаа ч хариуцлага хүлээдэггүй. Ялангуяа олон улсын зээл тусламж нилээдгүй хэмжээний хөрөнгийг бий болгодог атлаа тэднийг төр өмчиндөө бүртгэдэггүй, төслийн машиныг хариуцаж байсан дарга нар хувьдаа унадаг, өөртөө шилжүүлдэг талаар яриа ч ортой байх талтай. Гэтэл ийм төрлийн “өмчийн ашиглалтыг муутгасан” үйлдэлд тооцох тодорхой хариуцлага өнөөгийн хууль тогтоомжид хангалтгүй байгаагаа ч дэлгэв.
Орон нутгийн өмчийн удирдлагад хамгийн их дутагдаж буй зүйл бол мэдээллийн нэгдсэн, ил тод систем юм байна.
Өнөөдөр зарим байгууллага өмчийн бүртгэлээ бүрэн цахимжуулаагүй, хөрөнгийн хөдөлгөөн бодит цаг хугацаанд харагддаггүй, тайлагнал хоорондоо зөрдөг асуудал түгээмэл байна. Үүнээс болж өмчийн маргаан, үргүй зардал, хариуцлагагүй байдал үүсэх нөхцөл бүрдэж байна. Улсын их хуралд өргөн барьсан “нийтийн өмчийн тухай хууль” ийн төслийг боловсруулахдаа бүртгэл, тооллого, өмчийг хамгаалахад хяналт тавих тогтолцоог шинэчилэх талаар боловсруулсан сайн талтай ч зөвхөн биет өмчөөс гадна биет бус өмч болох оюуны өмч, сан, төрийн эзэмшлийн хувьцаа, үнэт цаасийг хамгаалах чиглэлээр тодорхой нарийвчилах, өсгөн аривжуулах, зарцуулалтын үр ашгийг сайжруулах, олон нийтийн хяналтанд оруулах, төрийн төлөөллийг хэрэгжүүлэгчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зэргийг бүдэгрүүлэхгүй байх нь нэн чухал юм.
Тиймээс төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийг улсын хэмжээнд нэгтгэсэн цахим системд бүрэн шилжүүлж, өмчийн хөдөлгөөн, ашиглалт, засвар үйлчилгээ, үнэлгээ, хяналтын мэдээллийг нээлттэй болгох шаардлагатай байна.
Ил тод байдал нэмэгдэх тусам хариуцлага сайжирч, төрийн өмчийг “эзэнтэй” болгох боломж бүрдэнэ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчлэл өнөөдөр зөвхөн эрх зүйн баримт бичиг шинэчлэх асуудал биш юм. Энэ бол төрийн өмчийг хэрхэн хамгаалах, хэрхэн үр ашигтай ашиглах, хэн хариуцлага хүлээх вэ гэсэн суурь тогтолцоог шинэчлэх асуудал болоод байна. Төр тунгалагших болтугай
Х.Гарьд