Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшинтэй ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд утааны асуудал хамгийн их шүүмжлэл дагуулж байна. Та орчны бохирдлын асуудал хариуцсан хотын орлогч. Улаанбаатарыг утаанаас богино хугацаанд гаргах шийдэл та бүхэнд байна уу?
-Энэ ажлыг аваад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Оновчтой шийдлийг цаг алдахгүйгээр, хийдэлгүй хэрэгжүүлж хэрхэн үр дүнд хүргэх вэ гээд бид бүхэн амралтын өдөр ч амрахгүй л ажиллаж байна. Хотоос урт, дунд, богино хугацаанд агаарын бохирдолыг бууруулах цогц төлөвлөлт, ажлыг хэрэгжүүлж байж өөрчлөлт гарч, өгөөжөө өгнө гэж тооцоолж байгаа.
Хатуу түлшний хэрэглээг бууруулж, гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх төслийг эхлүүлчихээд байна. Төслийг 3 үе шаттай хэрэгжүүлнэ. 2025-2026 онд 100 мянган айл өрхийг газын систем рүү шилжүүлье гэсэн том амбицтай ажиллаж байна. Эхний 20 мянган айл өрхийг газын хэрэглээтэй болгоход төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч шийдье гээд хэлэлцээр эхэлчихээд байна. Хотын дарга Нямбаатар Засгийн газрын хуралдаанд галлагааны ид үед газын төлбөрийг дааж давшгүй өндөр биш, одоогийн түвшингээс өсгөхгүй байхад дэмжлэг үзүүлнэ үү гэсэн асуудлыг ч оруулсан байгаа. Үлдсэн 80 мянган айл өрхийн газын асуудлыг шийдэх урьдчилсан ТЭЗҮ хийгдэнэ. Энэ ажлыг аль болох шуурхай хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн асуудлыг шийдэх шаардлагатай болж байгаа. Ирэх онд эрхзүйн шинэтгэлд онцгой анхаарч ажиллана. Өмнө нь ийм олон айл өрхийг хийн түлшинд хамруулж байсан туршлага бидэнд байхгүй. Тиймээс аюулгүй байдлыг хангах, газыг хэрхэн ашиглах тухай санамж зөвлөмж гаргах, иргэдээ мэдээлэлжүүлэх гээд хийх ажил маш их бий. Олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах гээд ажил ундарч байна.
-Улаанбаатарт 198 мянган айл өрх гал түлж байгаа. Үүний 100 мянгыг газруу шилжүүлж чадвал утаа эрс багасч таарна. Хэдэн хувиар буурах тооцоолол гарсан бол?
-Үнэхээр 100 мянган айлыг газын системд шилжүүлж чадвал агаарын бохирдол 50 орчим хувиар буурах тооцоолол гарсан байгаа.
-Өөр үр ашигтай шийдэл байна уу?
-Би түрүүн онцолж хэлсэн шүү дээ. Бүхий л боломжит түвшинд аль болох олон талаас нь харж шийдэх шийдэлд анхаарч байгаа гэж. Бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Агаар бохирдуулагч эх үүсвэрийг судлахад гэр хорооллын айл өрх 198’840 буюу 55,6 хувь, автомашин /804’000/ буюу 28,9 хувь, бусад хүчин зүйлс / бага оврын халаалтын зуух, дулаан, цахилгаан станцын үнсэн сан.../ 15,5 хувь эзэлж байна.
Тэгэхээр агаар бохирдуулагч 50 гаруй хувийн эх үүсвэрийг бууруулж байж ахиц гарна.Тиймээс орон сууцжуулах бодлогыг огт орхигдуулж болохгүй. Гэр хорооллыг орон сууцжуулан хотын төвлөрлийг сааруулан нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд дэд төвүүдийг бий болгон иргэдийг эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 202,626 айлын орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж байна.
Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг бүрэн дуусгаж, 20 минутын хот концепцийг бүрэн хэрэгжүүлэх 20’000 айлын /Сэлбэ дэд төв 12’000, Баянхошуу дэд төв 8’000 айл/ жишиг орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлсэн байгаа. Сэлбэ дэд төвийн төслийн газарт өртсөн 2206 нэгж талбарын 1502 нэгж талбарыг чөлөөлж, төслийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын тендерийг зарлаад байна.
Баянхошуу дэд төвд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр эхний ээлжийн 3’000 айлын ногоон орон сууцны төслийг эхлүүлсэн байгаа.
Дэд төвүүдийг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг 22 хувиар, автозамын түгжрэлийг 36,3 хувиар бууруулахаар тооцоолсон.
Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн асуудал шийдэгдэж байгаа учраас сургууль, цэцэрлэг болон бусад төрийн үйлчилгээний байгууллагыг хэрхэн шийдэх, ямар төлөвлөлттэйгээр байгуулах уу гээд илүү нарийвчилсан ажлууд хийгдэж байна.
Мөн агаарыг бохирдуулж байгаа 30 орчим хувийн эх үүсвэр болох автомашины асуудлыг анхаарлын гадна үлдээж болохгүй. Агаар дахь бохирдуулагч бодисын агуулгын хувьд PM 2,5 болон PM 10 тоосонцор гэр хорооллын хувьд 17,6 хувь, автомашинаас ялгарах нь 52,3 хувь, бусад эх үүсвэрт 30,1 хувь байгаа юм. Азотын давхар исэл NO2 нь гэр хорооллын хувьд 28,2 хувь байхад автомашинаас ялгарах нь 63,2 хувь байна шүү дээ. Тэгэхээр насжилт өндөртэй автомашины асуудалд онцгой анхаарч, албадлагын болон зарим нэг зоримог алхам хэрэгжүүлэхээс аргагүй болж байна. 2024 оны байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 804 мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 74,2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Автомашин 0-5км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг нь судалгаагаар тогтоогдсон.
-Шахмал түлшний чанарт иргэд үнэхээр эргэлзэж байгаа. Үүнийг сайжруулахад төсөв нэмж гаргах уу?
-Түүхий эдийг солино, үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагад өөрчлөлт оруулна. Шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах гэхээсээ илүү цаашид яндангийн тоо бууруулна гэсэн бодлого барьж байна.
-Яндангүй бүс зарлана гэсэн үү?
-Тиймээ. Яндангүй бүс зарлана. Энэ заалтыг хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа.
Бага тойруугийн гадна талд байгаа 20 мянган айлыг ирэх 3-р сараас эхлээд шугам сүлжээнд холбоно. Үүнийг ирэх 11-р сар гэхэд холбож дуусна гэсэн төлөвлөлтэйгээр ажиллаж байгаа. Яндангүй бүс гэж зарласан газарт байгууллага, аж ахуйн нэгж, хувь иргэн, айл өрхүүд шахмал түлш болон шатамхай зүйлийг түлэхийг зөвшөөрөхгүй. Зөвхөн газ, хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүчийг ашиглана. Тэрхүү шийдэл, шинэчлэлийг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлнэ. Холбогдох дэд бүтэц, холболтуудыг нийслэлийн зүгээс хийнэ. Тодруулж хэлбэл, иргэдэд, айл өрхөд тэр шийдлийг ашиглах дэд бүтцийг л шийдэж өгнө гэсэн үг.
-Орон сууцжуулах ямар бодлого барьж байгаа вэ?
-Утаатай тэмцэхийн тулд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцжуулах асуудлыг тууштай хэрэгжүүлж байж л утаагүй байх тухай яригдана. Эрчим хүчний эх үүсвэрийг ойрын хугацаанд бага ч гэсэн нэмэгдүүлэх гээд хотоос 2024 оны 3-р сард дотоод бонд гаргаж Багануурт 50 мегаваттын бага оврын батерейн станц ашиглалтад оруулсан. Бөөрөлжүүтийн станцад хөрөнгө оруулалт хийсэн, удахгүй улсын комисс ажиллах гэж байна. Хүчин чадлыг 150 мегаваттаар нэмэгдүүлж байгаа ч ахиад дутагдана. Хотоос эрчим хүчний шинэ эх үүсвэр барих ажлыг эрчимжүүлж байна. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Дамбадаржаад 160 гаруй мегаваттын дулааны станцын өргөтгөл барихаар тохиролцоонд хүрч байгаа.Энэ мэтчилэн Дэнжийн мянга, Зайсан, Цэцэрлэгт хүрээлэн, Морингийн даваа, Яармаг, Дүнжингарав зэрэг байршилд нийтдээ 9 тархмал эх үүсвэрийг нэмж барих судалгаа хийгдээд эхнээсээ ТЭЗҮ батлагдаад явж байна. Хэрвээ энэ эх үүсвэрийг нэмэгдүүлж чадвал эрчим хүчний хомсдолыг нөхөхөөс гадна цахилгаан халаагуур гээд өөр гарц бий болгох боломж бүрдэнэ.
-Зуух тараах асуудлыг иргэд ихэд шүүмжилж байна. Тендер зарлагдсан байгаа учраас 32 мянган айлд тараах шийдвэрээсээ ухрахгүй юу?
-Өнгөрсөн 7-р сард Агаарын чанарын албанаас судалгаа хийхэд зуух солих шаардлагатай 84400 айл байна гэсэн тооцоолол гарсан. Зарим айлын зуух нь хуучирсан, салаад унах дөхсөн, гар хийцийн, шаардлага хангахгүй байна,үүнээс болж угаартах нөхцөл байдал үүснэ гэж сэрэмжлүүлсэн. Өнөөдөр хэдэн хүн алтан амь насаа алдав. Би өөрөө ч айлуудаар явж иргэдтэй уулзсан. Асуудлыг шүүмжлэх маш амархан. Нөхцөл байдал бодит хөрсөн дээрээ тэс өөр байдаг. Зуух нь хагарсан, онгойсон, хуучирч муудсан, галын цог нь ил харагдаад л, ямарч стандарт хангахгүй. Хоногийнхоо хоолыг арай хийж залгуулж байгаа айлууд зориулалтын зуух худалдаж авах боломжгүй байна. Та нар зуухаа сольж чадахгүй бол хохь нь гээд орхиж болохгүй биз дээ. Хэчнээн олон хүүхдийн хувь заяа хэрхэхийг таашгүй нөхцөл байдал үүсснийг харсан байж нүдээ аниад сошиалаар балбаад байна больё гээд нэр хүндээ бодоод сууж байж боломгүй санагддаг.
Улаанбаатар хотод амьдралын баталгаажих түвшинээс доогуур орлоготой 90 мянган гаруй айл өрх буюу 300.000 иргэн байна. Тэдний ердөө 32 мянган зорилтот бүлгийн өрхөд тараана. Гар хийцийн эсвэл уламжлалт, хуучирч муудсан, стандарт хангахгүй зууханд шахмал түлш түлснээр бүрэн шаталт явагдахгүй угаарын хий болон тоосонцорын хэмжээ л улам нэмэгдэж нийслэл хотод амьдарч байгаа иргэн бүрийн амьсгалах агаарт сөргөөр нөлөөлж байгааг бас бодолцож үзээсэй гэж боддог. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээсээ ч тэр, тэр айл өрхүүдийн гишүүн бүрт тулгарч буй угаарын аюулаас сэргийлэхийн тулд ч хэрэгжүүлэхээс өөр аргагүй юм.
Х.Тамирчулуун