Дэлхийн олон улсын шинжлэх ухааны зөвлөл болон ЮНЕСКО хамтран Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо 1999 онд зохион байгуулсан Дэлхийн шинжлэх ухааны бага хурлаар жил бүрийн 11-р сарын 10-ны өдрийг “Дэлхийн шинжлэх ухааны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Үүнээс хойш дэлхийн улс орнууд жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн байна. Тухайлбал, 2015 онд "Шинжлэх ухаан- Тогтвортой хөгжлийн ирээдүй", 2016 онд "Шинжлэх ухаан-Энх тайван-Хөгжил" зэрэг уриан дор тус тус тэмдэглэн өнгөрүүлсэн аж.
Тиймээс 11-р сарыг шинжлэх ухааны сар хэмээн нэрлэх нь ч бий. Энэ сард Монгол Улсын шинжлэх ухааны салбарт өрнөсөн үйл явдлын тоймыг та бүхэндээ танилцуулая.
“Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус хүрээлэн нь тэртээ 1968 онд хүйтэн дайны талцал хуваагдлын хөшиг татагдсан олон улсын харилцааны амаргүй цаг үед Ази, Африк, Дорно дахин судлалын суурьтайгаар анх үүсэн байгуулагдаж байжээ. Хүрээлэн нь 55 жилийн түүхэн хугацаанд эрдэм судлалын талаар тасралтгүй хөгжин бэхэжсээр иржээ.
Өнөөдөр тус хүрээлэн нь Монгол Улсад олон улс судлал, ялангуяа хөрш орон судлал, бүс нутаг, олон талт харилцаа судлалыг улс орны үндэсний эрх ашиг, гадаад бодлогын эн тэргүүний зорилтуудтай нягт уялдуулан хөгжүүлэх их гүрнүүдийн гадаад бодлого, олон улсын эдийн засаг, эрхзүй, улс төрийн харилцааны хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг суурь болон хавсарга судалгааны хүрээнд судлах, санал дүгнэлт, зөвлөмж гаргах, ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ болон бусад орнуудын ижил төстэй байгууллагуудтай хамтран судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, төслийн чиглэлд шинэ мэдлэг, мэдээлэл бүтээгдэхүүнийг бий болгоход чиглэн ажиллаж байна.
Мөн хүрээлэнтэй хамтран ажилладаг гадаадын эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтдийн мэндчилгээг танилцуулж, эрдмийн хамт олны 1968 оноос хүртэлх хугацаанд туурвисан эрдэм судлалын бүтээлийн үзэсгэлэн Гадаад харилцааны яамны “Номин” танхимд дэлгэж, “Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг “Зөвшилцөл”танхимд амжилттай зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч яам, олон улс судлал судлалын судалгааны цөм байгууллага болох хүрээлэн, мэргэжил боловсон хүчнээ бэлтгэж буй их, дээд сургуулийн төлөөллийг хамруулан оролцуулж зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой болов.
Нээлттэй хаалганы өдөрлөгүүд
Одон Oрон Геофизикийн Хүрээлэн жил бүр шинжлэх ухааныг дэлгэрүүлэх ажлын хүрээнд өөрийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажлын талаар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил Одон Oрон Геофизикийн Хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөр Астропаркт болсон байна. Мөн жил бүр шинжлэх ухааны сарыг тохиолдуулан ШУА, Биологийн хүрээлэнгээс нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил нээлттэй хаалганы өдөрлөгт оюутан, сурагчид мөн биологи сонирхогч иргэдийг өргөнөөр хамруулсан сонирхолтой өдөрлөг болж өнгөрчээ.
“SCIENCE FAIR 2023” шинжлэх ухааны бүтээлийн уралдаан
2023 оны Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Гэртээ туршья” ТББ, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарласан. Тус уралдааныг Америкийн ЭСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Голомт банк дэмжин оролцжээ.
Тус тэмцээн нь хүүхдүүдийн шинжлэх ухаанч мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, өөрийн сонирхлоор туршилт судалгаа хийхийг дэмжих, ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Тус уралдаанд Физик, Хими, Биологийн хичээлээр шинжлэх ухааны сорилт, туршилтыг бодитоор өөрийн бүтээлч сэтгэлгээнд тулгууран хийсэн, гарын авлага, бичлэг, зурагт хуудас, үр дүн, дүгнэлт бүхий зүйлс бүхий 550 гаруй сурагчийн 300 гаруй бүтээлээс нийт 8 ангилалд шилдэг бүтээл шалгарчээ.
2023 оны уралдааныг АНУ-ын эрдэмтэн Нобелийн 2 удаагийн шагналт ЛАЙНУС ПАУЛИНГ-ийн нэрэмжит болгон зохион байгуулсан байна.