УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг бараг өөрчлөлтгүй баталсан юм. Энэ төсвийн талаар мэргэжлийн хүний дүгнэлтийг та бүхэнд хүргэж байна.
Юуны өмнө танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Төсвийн тухай хуулиар УИХ ирэх жилийн төсвийн төслийг 11-р сарын 15-ны дотор батлах ёстой хуулийн заалттай байдаг. Энэ дагуу Э.Оюун-эрдэнийн Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн төслийг УИХ хэлэлцсэн дүр эсгэн бараг тэр чигээр өөрчлөлтгүй баталчихлаа. Өөрөөр хэлбэл 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,360.5 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,505.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар баталсан гэсэн үг юм.
Ирэх оны төсвийн төслийг нилээн сайн ул суурьтай хэлэлцэн батлах ёстой байтал хуулийн хугацаанаас 3 өдрийн өмнө яаравчлан батлав. Үүнээс харвал,
Нэгдүгээрт, УИХ нь Засгийн газрын боловсруулсан төсөл задрахаас илүү их болгоомжилсон,
Хоёрдугаарт, ирэх оны төсвийн төсөл илүү их улс төрийн болон сонгуулийн шинж чанарыг агуулсан байсан учраас УИХ дотроо болон гадагшаа тэр бүр олон нийтэд задлан ярих сонирхолгүй байна гэж дүгнэж болохоор байна.
Нөгөө талаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого гэсэн програмын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт гэсэн нэрийн доор төсвийг хуваарилах чиглэлээр үндсэндээ УИХ-ын гишүүн бүрт тойрогт нь 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын чиглэлийн төсөл, арга хэмжээг оруулж баталсан нь сонгуульд чиглэгдсэн төсөв болсон гэдгийг батлаад байна. Үүнийгээ УИХ-ын гишүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүртэл нууж хаахгүйгээр ярьж байна. Ер нь аливаа улс орнуудад Төсвийн тухай хуулиар хууль тогтоох байгууллага буюу Парламентын гишүүн тус бүрийн тойрогт зориулан төсвийн хөрөнгийг хуваарилах талаар заалт байдаггүй бөгөөд харамсалтай нь Монгол мэтийн улс оронд ийм гажиг, хуулийн цоорхойг ашиглан практик жишиг гэх мэт зүйлүүдээр өнгөлөн далдалсан буруу зүйлүүд тогтоод удаж байна. Үүний цаад үр дагавар нь эргээд ардчилал, шудрага ёсны эсрэг байдаг бөгөөд сонгуулийн үйл явцад нөлөөлж сайн засаглал бий болгохын эсрэг, улс орны хөгжилд муугаар нөлөөлж ирсэн. Ийм замаар манай улс 30 гаруй жил замнаж ирсэн байдаг.
Мэргэжлийн хүний зүгээс Засгийн газрын боловсруулсан ирэх оны буюу 2024 оны төсвийн төслийг хэт их өөдрөг болон эрсдэл ихтэй, мөн түүнчлэн ирэх оны сонгуульд чиглэгдсэн улс төрийн арга хэмжээг ихээр агуулсан төсөв байсан гэдгийг онцлон давтан хэлэх хэрэгтэй.
Ийм л төсвийг УИХ өөртөө ашигтай хэлбэрээр баталчихлаа. Тухайлбал, Нэгдсэн төсвийн орлого, зарлага, алдагдлын 2021, 2022 оны төсвийн гүйцэтгэл болон 2023 оны батлагдсан төсвийн дүнг 2024 оны төсөвтэй харьцуулан үзэхэд харагдаж байна.
Төсвийн нийт орлого 2021 оны гүйцэтгэлээр 14,3 их наяд төгрөг, 2022 оны гүйцэтгэлээр 18,5 их наяд төгрөг, 2023 оны батлагдсан төсөв 21.8 их наяд төгрөг байсан бол байсан бол 2024 онд 27,1 их наяд байхаар тооцсон нь 2021 онтой харьцуулахад 100 хувиар, 2022 онтой харьцуулахад 46.6 хувиар, 2023 онтой харьцуулахад 24.4 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Энэ нь төсвийн орлогыг хэт их өөдрөгөөр төсөөлсөн байгаа юм. Манай улсын төсвийн орлогод гол нөлөөлдөг хүчин зүйл бол Та бүхний мэдэж байгаачлан газрын доорх эрдэс баялаг болох зэс, нүүрс, хүдэр, алтны эскспортын орлого бөгөөд энэ орлогын хэмжээ дэлхийн гол түүхий эд болох эдгээр бүтээгдэхүүний зах зээлийн үнийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай байдаг. Нөгөө талаар эдгээр гол түүхий эдийн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс шалтгаалах бөгөөд түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход шаардлагатай дэд бүтэц, хүчин чадал байгаа эсэх, нөгөө талаар дэлхийн зас зээлийн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдал зэргээс ихээхэн хамаарна. Төсвийн зарлагын хувьд мөн л адил 2024 оны төсвийн зарлага нь 2021 оны төсвийн нийт зарлагаас 11.7 их наяд төгрөгөөр илүү буюу 75 хувиар нэмэгдүүлсэн байгаа юм. Дэлхийн гол түүхий эдийн бараа, бүтээгдэхүүний үнийг хэт өөдрөгөөр буюу нэг тонн зэсийн баяжмал тутмыг 9,000 доллар, нүүрсний үнийг 140 ам. доллар байхаар тооцсон нь олон улсын санхүүгийн байгууллагуудын тооцоолол буюу бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байна.
УИХ-аар 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлан жил бүрийн төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа макро эдийн засгийн үндсэн 9 үзүүлэлтээр шалгуур тогтоон тухайн хүрээнд ирэх жил болон түүний дараах 2 жилийн төсвийг хэлэлцэн батлахаар хуульчилж байсан боловч УИХ энэ хуулиа жил бүр өөрөө зөрчдөг байсан нь манай улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд муугаар нөлөөлж ирсэн байдаг. Саяхан УИХ-иар энэ хуулиа эргэн харж төсвийн тогтвортой байдлын үзүүлэлтээ мөрддөг байх талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа шинэчилсэн боловч 2025 оноос эхлэн мөрдөхөөр заасан нь төсвийг тогтвортой байлгах сонирхол угаасаа УИХ-д байхгүй байсан нь харагдаж байна. Ийм байдал өмнөх 2012, 2016, 2020 оны сонгуулийн жилтэй давхацсан тухайн оны төсвийг батлах үед бас харагдаж байсан. УИХ-ын чуулганаар жил, жилийн төсөв хэлэлцэн батлахдаа хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтаа өөрчилдөг болсон нь уламжлал, жишиг гэж болхи байдлаар тайлбарлаж байгаа нь үүний баталгаа гэж үзэж байгаа юм. Сангийн яам болон Засгийн газрын боловсруулсан 2024 оны төсвийн төслийн баримт бичгийг сайтар судлан үзэхэд 2023 оны төсвийн зардлын урьдчилсан гүйцэтгэлийн (Хүлээгдэж буй гүйцэтгэл гэдэг) талаар бага дурдсан байгаа нь энэ талаар ер нь мэдээлэл өгөхөөс татгалзсан шинж чанарыг агуулсан байсныг хэлэх нь зүйтэй байх.
Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн багш, доктор (Ph.D), дэд проф. А.Энхбат