Дэлхийн 197 улсын төлөөлөл болсон 6-10 орчим мянган хүн Монгол Улсад цугларч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) -д оролцох юм. Нэг үгээр хэлбэл, хоёр жил тутамд болдог дэлхийн хамгийн өндөр түвшний бага хурлын бэлтгэл ажлыг хангах, даргалагч улсын Монгол Улс Саудын Арабын нийслэл Рядад болсон COP16 хурлаас эрхийг авч ийнхүү Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 17-28-ын өдрүүдэд зохион байгуулах үүрэг хүлээсэн билээ. Энэ хурал болоход 22 хоног үлдээд буй. Хурлын бэлтгэл ажил 2024 оноос эхэлж 2025,2026 онд үргэлжилж одоогоор бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгаа аж. Харин иргэд COP17 хурлын талаарх мэдлэг, мэдээлэл муу байгаа талаар шүүмжилж байгаа юм. Учир нь манай улсад 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ-ын хурал шиг мөнгө угаалт болох вий гэсэн болгоомжлол хардлага буй юм. Аливаа мэдээ, мэдээллийг цаг тухайд нь нээлттэй, ил тод хүргэх нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, зөв мэдлэг, ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх, улмаар энэ хурлаас Монгол Улсад болон дэлхий нийтэд байгаль орчин, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх амлалт, хөрөнгө оруулалт, зэрэг олон талын ач холбогдолтой байдаг талаарх мэдээллийг өгөх явдал юм.
СОP17 “MEDIA CENTER” МОНЦАМЭ агентлагт болон төв талбайд ажиллана
Тиймээс өчигдрөөс /08.28/ МОНЦАМЭ агентлагийг түшиглэсэн “MEDIA CENTER” ажиллуулахаар болсон байна. Тус төвд бэлтгэл ажлын талаар БОУАӨЯ-ны удирдлагууд мэдээлэл өглөө. Одоогоор гадаадын 4000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн. Үүнээс дээд түвшний 112 оролцогч байгаа бөгөөд бүртгэл үргэлжилж байна. Тухайлбал, Шадар сайдын түвшний нэг,Байгаль орчны сайд болон салбар хариуцсан сайдын түвшний 66, дэд сайд 29, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан дөрөв, НҮБ-ын агентлагийн удирдлагын түвшний тав, Банк санхүүгийн байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван хүн оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Цахим визийг 1223 иргэн мэдүүлсэн. Хурлыг цэнхэр, ногоон гэсэн хоёр бүсэд зохион байгуулна. Цэнхэр бүсэд Конвенцын талуудын хурал, арга хэмжээ зохион байгуулагдана. Ногоон бүсэд дотоодын арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд иргэд e-mongolia бүртгэлээрээ бүртгүүлж нэвтрэх боломжтой. Цэнхэр бүсийн бэлтгэл ажил 73 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд дууссан даруйд НҮБ-д хүлээлгэж өгөх юм байна. Энд олон улсын зочид төлөөлөгчдийн хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг болох бөгөөд харуул хамгаалалт, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангана. Харин ногоон бүсэд хурлыг сонирхсон хүн бүхэн очиж танилцах боломжтой аж. Зохион байгуулагчдын зүгээс түгжрэлийг зохицуулахын тулд урьдчилсан байдлаар ойролцоо захуудын нээх, хаах цагийн өөрчилж магадгүй. Тухайлбал, хурал 09:00-18:00 цагт үргэлжлэх учраас захын нээх, хаах цагийг зөрүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ энэ шийдвэрийг нийслэлээс гаргана. Мөн авто замыг хаахгүй ч шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг татна гэж мэдэгдлээ. Цөлжилттэй тэмцэх COP17 хуралд олон улсаас найман санаачилга гаргасны гурав нь Монгол Улсынх. Тал хээрийн төлөвлөгөө /STEPPE ACTION AGENDA/дэвшүүлсэн. Үүнд бэлчээрийн тэргүүлэх санаачилга, байгальд суурилсан шийдэл бүхий санаачилга, тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн. Энэ төлөвлөгөө санаачилгын хөрөнгө оруулалт одоогоор Eвропын хөрөнгө оруулалтын банк (холимог санхүүжилт) 200 тэрбум евро, Даян дэлхийн байгаль орчны сангийн техникийн дэмжлэг үзүүлэх 3.3 тэрбум евро, Азийн хөгжлийн банкны 500 сая ам.долларын баталгаажсан байна.

COP17 хурлын зохион байгуулах нийт төсөвт өртөг нь 301 тэрбум бөгөөд гурван жилд хувааж баталсан. 2025 онд 72 тэрбум, 2026 онд 167 тэрбум, 2027 онд 50 тэрбум төгрөгийг төсөвт суулгах замаар гаргажээ. Ингэснээр 250 тэрбум төгрөгийг зарцуулж, 800 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татахаар тооцжээ.
COP17-ын батлагдсан төсөв 301 тэрбум ч 250 тэрбум төгрөгт багтаахаар зорьж байна гэв
COP17 хурлын зохион байгуулах нийт төсөвт өртөг нь 301 тэрбум бөгөөд гурван жилд хувааж баталсан. 2025 онд 72 тэрбум, 2026 онд 167 тэрбум, 2027 онд 50 тэрбум төгрөгийг төсөвт суулгах замаар гаргажээ. Батлагдсан төсөвт өртгийг аль болох хэмнэх зорилт тавьж байна. Ойролцоогоор 50 орчим тэрбум төгрөг хэмнэж илүү өртөг гаргахгүй байхаар зорьж буйгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир онцлов.
Тус хурал нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, байгаль орчны салбарын манлайллаа бататгах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд 6-8 мянган орчим төлөөлөгч оролцсон тохиолдолд зочид буудал, хоол, бэлэг дурсгал, худалдан авалт зэргээс 150 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ. Харин 6000 хүнээс доош бол 120 тэрбум, 8000 дээш төлөөлөгч оролцвол 170 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэсэн тооцоолол хийжээ. Энэ үер Ц.Сандаг-Очир нэмж мэдээлэл өгөхдөө "Хурлын зохион байгуулалтыг хариуцаж байгаа 12 дэд хороо болон яамдаас эрэлт хэрэгцээ байна гэж нэмэлт санхүүжилт хүсэж байгаа. Ирсэн саналыг байж болох хэмжээнд нь танаж байна. Жишээлбэл, Эрүүл мэндийн яам гэхэд олон шинэ машин, тоног төхөөрөмж авна гэж санхүүжилт хүссэн. Бид ямар нэг шинэ машин тэрэг авахгүй, тоног төхөөрөмж авахгүй. Та бүхэн өнөөдрийнхөө бүх хүчин чадлаар ажил гэсэн хариу өгсөн. АСЕМ-ийн үед зочид төлөөлөгчдийг тосож авахын тулд олон машин авч байсан. Энэ удаа төрийн авто баазад машин шинээр авахгүй. Төрийн байгууллагад байгаа бүх автомашиныг үзлэг хяналтад оруулж, шаардлага хангасан автомашинуудыг дайчилна. Хурлын үеэр 150 машиныг ажиллуулна. Тэнд ажиллах жолоочийн хөлс, бензин шатахууны үнийг төлнө. Энэ мэтчилэн төсвийн хэмнэлтийг гаргаж ажиллахыг зорьж байна. Ирэх жилийн төсөвт төлөвлөсөн 52 тэрбум төгрөгийг авахгүйгээр, одоо баталсан төсөвтөө багтаан шийднэ. Үндсэндээ энэ хурлыг 250 тэрбум төгрөгийн төсвөөр хийхээр шийдсэн. Дэд хороодоос ирсэн нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг хандив, тусламжаар шийдэж байгаа” гэв.
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир “ Монгол Улсад COP17 хурлыг зохион байгуулснаар хамгийн чухал зүйл бол төр хувийн хэвшлийн түншлэл. Байгаль орчныг нөхөн сэргээх, урьдчилан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд хөрөнгө оруулалтыг татаж аваад нэн хөнгөлөлттэй зээлүүдээр үйл ажиллагаагаа тэлэх боломжууд нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Засгийн газраас 3.5 тэрбум, “Эрдэнэ Монгол Энержи Ресурс”-аас тус тус 500 тэрбум нийт 4.5 тэрбум төгрөгийн хандив тусламж орж ирсэн. Саудын Араб хоёр сая ам.доллар буюу долоон орчим тэрбум төгрөг, “Оюу толгой”, “Рио тинто” болон бусад байгууллага хандив тусламж өгнө гэж амласан. Гэхдээ одоогоор орж ирээгүй байна. Бид эхний орсон мөнгөнөөсөө төсвийн дутагдалтай байгаа газрууд руу шилжүүлсэн. Улсын төсөвт ногоон бүс болон хэвлэл мэдээлэлд зардал тусгаагүй. Иймээс хандив тусламжаас орж ирсэн мөнгөө эдгээрт зарцуулна. Хурлын хүрээнд “Euronews”-тэй гэрээ байгуулж, улсаа сурталчлахаар болсон. Үүний зардал нь нийт 220 мянган ам.доллар бөгөөд “Европын Холбоо” хандив тусламжийн хүрээнд уг зардлыг өөрөө гаргахаар байгаа.
COP17-д 15 тэрбум төгрөгийн хандив цугларчээ
COP17 хуралд гадаадын болон дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын хандив тусламжаар нийт 15 орчим тэрбум төгрөгийг босгожээ. Европын хөрөнгө оруулалтын банк 200 сая евро, Даян дэлхийн байгаль орчны сан техникийн дэмжлэг гэж 3.3 сая доллар, НФУ 1.0 сая ам.доллар, “Азийн хөгжлийн банк” 500 мянган ам.доллар, Льюксембургийн улс бол 5.0 сая еврогийн амлалт өгөөд байна. Мөн Дэлхийн банк 100 сая ам.долларын зээл олгох асуудлыг ярилцаж байна. Хандив тусламж өгсөн бусад дотоод хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжийг дурдвал “Коко Кола” 460 саяын бараа бүтээгдэхүүн, “Бадрах Энержи” 500 сая, “Мөнх Ногоон амьдрах нийгэмлэг” тохижилтод зориулж 400 сая төгрөгийн цэцэг, “BIB дисковэр” компани 212 сая төгрөгийн ажил, үйлчилгээ, “Хас Банк” 200 сая, “Макс Экс” компани 100 сая, “Улаанбаатар принт”хэвлэлийн чиглэлээр “Тэсо групп” ажил үйлчилгээний чиглэлээр “Арадай трэйд” компани бараа үйлчилгээний чиглэлээр, “Монголын 3х3” сагсан бөмбөгийн холбоо сагсан бөмбөгийн асраа ашиглуулахаар болжээ. Мөн энэ үер 600 орчим сайн дурынхан үйлчилгээнд хөтөч хийхээр сонгон шалгарсан байна.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 139 (7881)