Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Timesmn@gmail.com
2026/09/08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, албаны бусад хүн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтаж авлаа.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчилж байна.    

Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана.

Мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.  

Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байсан. 

Энэ үеэр дээд, өндөр түвшний айлчлал хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн юм.

Монгол Улс, Монтенегро Улс 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна.

Манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулсан байдаг юм.

Ерөнхийлөгч Яков Милатович 1986 онд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэй. 2008 онд Монтенегро Улсын Их сургуулийг эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгссөн. 

Оксфордын Их сургуульд сурч, 2013 онд эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Англи, итали, испани хэлний мэдлэгтэй.

Нийслэл Подгорица дахь “NLB” банкнаас ажлын гараагаа эхэлж, Франкфурт хот дахь “Deutsche Bank”, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, тус банкны Бухарест дахь салбарт ахлах эдийн засагчаар ажилласан.

2020 оноос Монтенегро Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эдийн засгийн шинэчлэлийн бодлого боловсруулж, Сангийн сайд Милойко Спаичийн хамт “Европ одоо” (Europe Now) хэмээх эдийн засгийн хөтөлбөр санаачилсан.

Цалин нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой энэ бодлого ард түмний дэмжлэгийг авч, нэр хүндтэй болжээ. 

2022 онд Сангийн сайдын хамт “Европ одоо” нам байгуулсан нь тус улсын хамгийн нөлөө бүхий намын нэг болсон байна.  

2023 онд 36 насандаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.  

Яков Милатович улсаа Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлого явуулж байна.

Гэргий Милена Милатович эдийн засагч мэргэжилтэй.

Милена Милатович 1989 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, хүмүүнлэгийн үйлсэд анхаарч, түүх, соёл, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, дотоодын үйлдвэрлэгчид, хувцасны брэндүүдийг олон улсад таниулахыг идэвхтэй дэмждэг.

Санхүүгийн салбарт ажиллаж байсан бөгөөд 2021-2023 онд “Монтенегрогийн цахилгаан эрчим хүч дамжуулах систем” төрийн өмчит компанийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн захирлын алба хашиж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … Өчигдөр
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12