УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулиар гэр бүлийн болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар тусгасан онцлогтой. Гэр бүлийн хэрэг, өсвөр насны хүн холбогдсон гэмт хэрэг, өсвөр насны хүнд холбогдуулан авах таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны хүнийг баривчлах ажиллагааг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, сум, сум дундын шүүх, хуульд заасан бол дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр, бусад тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хүүхдийн эрхийг хангах үүднээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, үрчлэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд дуу, дүрсээр хүргэхийг хоригложээ. Мөн хүүхдийн асрамж тогтоох, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоох, тэжээн тэтгэх асуудлыг шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж, хүүхэд долоо буюу түүнээс дээш настай бол түүний санал болон энэ хуульд заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайланг харгалзан үзэхээр зохицуулсан байна. Шаардлагатай тохиолдолд шүүгчийн захирамжаар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчмын дагуу эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа, хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарь тогтооход шаардлагатай хүчин зүйл, хүүхдийн цаашдын хүмүүжил, төлөвшилд эцэг, эхээс анхаарвал зохих асуудал зэрэг хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судалж, тайлан гаргах Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг томилж, шүүгч шийдвэрээ гаргахдаа уг тайланг харгалзан үзэхээр хуульчилжээ. Шүүгч гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, гэрлэгчид тусдаа амьдраад таван жил болсон бөгөөд 0-14 нас хүрээгүй хүүхэдгүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хөрөнгийн маргаантай боловч 18 буюу түүнээс доош насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн бол гэрлэлтийг шууд цуцалж болохоор тусгажээ. Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг тусгай зүйл болгон өсвөр насны хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргах боломжтой болсон байна. Түүнчлэн “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол баталж, Шүүх байгуулах тухай хууль болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн барилга байгууламж шинээр барих байршил, газрын асуудал, шаардагдах зардлыг судалж, шийдвэрлэх, Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эвлэрүүлэн зуучлах багийн сэтгэлзүйч, мэргэжилтнийг бэлтгэх, холбогдох зардал, цахимжуулалт, хэрэг, маргааныг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх, холбогдох журмуудыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Хууль баталснаар гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэх, хүчирхийлэл, хүүхдийн эрх ашигт ноцтой эрсдэлтэй тохиолдолд гэр бүл цуцлалтыг шуурхай шийдвэрлэх эрх зүйн орчин бий болж, хүүхдийн хувийн нууц, нэр төрийг хамгаалах баталгааг бэхжүүлжээ. Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон хамгаалалт, хүмүүжлийн арга хэмжээг түлхүү хэрэглэх боломж бүрдсэн байна. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон хамт баталсан хуулиудыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс, “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг 2026 оны долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ.
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
Мөн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг шинжлэх ухаанд үндэслэх, хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчны тэнцвэрт байдлын харилцан шүтэлцээг хангах зарчмыг шинээр тусгалаа. Төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах цогц бодлогын чиглэл болон түүнийг удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, мэдээлэл, эрсдэлийн удирдлага, хяналтаар дамжуулан хэрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилсан байна. Стратегийн хүнсний экспорт, импортын зөвшөөрлийн журмыг шинэчилсэн: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчим баримтлах бөгөөд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх санал, зөвлөмж гаргасныг үндэслэн салбарын сайд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тогтолцоог бий болгож, зөвшөөрлийн хугацаа нэг жил байхаар тогтоосон байна. Үүнийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлжээ. Хүнсний салбарын мэдээллийн нэгдсэн санг байгуулах эрх зүйн үндэс бий болгосон: Хүнсний аюулгүй байдлыг хангах, салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл, гол нэрийн хүнсний нөөцийн мэдээлэл, хяналт шалгалтын тайлан, импорт, экспортын зөвшөөрлийн мэдээлэл, лабораторийн шинжилгээний дүн зэрэг найман ангиллын мэдээлэл агуулсан нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтлөхөөр заасан. Стандарт дагаж мөрдөх хамрах хүрээг тодруулсан: Хүнсний анхан шатны болон боловсруулах үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, худалдаа, тоног төхөөрөмж, сав баглаа, боодол, экспорт, импорт, шошгололт, цахим болон бусад худалдаа зэрэг гурван бүлэг харилцаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүргийг тусгасан. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны хүртээмжийг дэмжих урамшуулал тогтоосон: Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглан, стандарт шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, хоршоонд төрөөс дэмжлэг, урамшуулал олгох эрх зүйн үндсийг бүрдүүллээ. Энэхүү хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх бөгөөд уг хуультай хамт Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 135 (7877)