Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

Timesmn@gmail.com
2026/09/14

Засгийн газар Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээгээ эцэслэж, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр 17 жилийн дараа тус гэрээнд өөрчлөлт оруулж байгаа бөгөөд Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэж Засгийн газраас мэдээллээ.

Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг буюу нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулахаар болжээ.

Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа” хэмээн мэдэгдэв.

Тэрээр энэхүү тохиролцоо нь Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтай үүссэн аливаа асуудлыг ажил хэрэгч яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддагийн бодит жишээ болж байгааг онцолсон юм. Мөн Оюутолгой төслийн үр өгөөжийг Монголын ард түмэнд бодитоор хүргэх итгэлийг баталгаажуулах хэлцэлд хүрсэн хэмээн тодотгов.

Харин Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Трот есдүгээр сарын 11-нд хийсэн мэдэг­дэлдээ Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруул­сан өөрчлөлтийг “түүхэн мөч” хэмээн тодорхойлов. Тэрээр “Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын ажиллагааг онцолмоор байна. Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буу­рууллаа. Менежментийн үйл­чил­гээний төлбөрийг буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил” гэв.

 2027 оноос ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцжээ

 Хоёр талын хэлэлцээний дараагийн чухал асуудал нь Оюутолгой төслийн ногдол ашиг байв. Ерөнхий сайдын мэдээлснээр Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Троттой Оюутолгой төслийг Монгол Улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож, тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилан, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцжээ.

Саймон Трот ч ногдол ашгийн асуудлаар хоёр тал ярилцсаныг мэдэгдсэн байна. Тэрээр “Бид өнөөдөр Оюутолгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхийн төлөө Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ” гэжээ.

Ингэснээр ногдол ашгийг 2027 оноос хуваарилах асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ажиллаж, нэгдсэн шийдэлд хүрэхээр болж байна.

Ерөнхий сайд Н.Учрал Рио Тинто группийг Монгол Улстай урт хугацаанд тогтвортой, шударгаар хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа харуулж, сайн түншийн ёсоор итгэл гарган ажилласныг онцолж, Саймон Трот болон түүний хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Трот мөн хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар “Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаанд суурилсан эдгээр санаачилгыг амжилттай хэрэгжүүлж, Оюутолгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдэв.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 172 (7914)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 1 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28