Нийслэлийн Бизнес, инновацын газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Comeup 2026 - Global Startup Festival” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох гарааны компаниудыг сонгон шалгарууллаа.
Сонгон шалгаруулалтын эцсийн шатны үнэлгээг арваннэгдүгээр сарын 9-ний өдөр БНСУ-ын ажлын хэсэг цахимаар зохион байгуулж, дараах шилдэг гурван гарааны компанийг шалгаруулсан юм.
Үүнд, 1. “Хорека Юнион” ХХК - “HoReCaSoft” төсөл 2. “Оюу Интеллиженс” ХХК - “LookLuxe AI” төсөл 3. “Хонмоно” ХХК - “Honmono AI” төсөл тодорлоо. Тус сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14 төсөл, эцсийн шатанд 6 төсөл шалгарч, дээрх гурван компани Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг авлаа.
Шалгарсан компаниуд арванхоёрдугаар сарын 9–11-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын COEX үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах “Comeup 2026” олон улсын стартап фестивальд оролцоно. Тэдний хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
“Comeup 2026” нь дэлхийн өнцөг булан бүрийн гарааны компаниуд, хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллагуудыг нэгтгэдэг олон улсын арга хэмжээ юм. Энэхүү фестивальд оролцсоноор Монголын стартапууд инновац, технологийн шийдлээ олон улсын зах зээлд танилцуулах, хөрөнгө оруулагчидтай холбогдох, бизнесийн түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ.
НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦЫН ГАЗАР