Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Timesmn@gmail.com
2025/04/08

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

 -Өнгөрсөн дөрвөн жилийн стратегиа дүгнэж, ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Монголын Татварын алба 2021-2024 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтээ 93.09 хувийн гүйцэтгэлтэйгээр тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлж ажилласан.

Ингээд татварын албаны 2025-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөг  “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Олон улсын валютын сангийн зөвлөмж, олон улсын үнэлгээний байгууллага “ТАДАТ”-ын үнэлгээнээс өгсөн зөвлөмж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Татварын болон бусад хууль тогтоомжид үндэслэн боловсруулсан.

Тэгэхээр байгууллагын алсын хараа бол 15-20 жилийн дараа, маргадгүй түүнээс удаан хугацаанд хүрэхээр зорьсон түвшин байдаг. Тиймээс бид ирээдүйд “Олон улсын жишиг татварын алба байх” зорилго тавьж Монголын татварын албаны алсын хараагаа шинэчилсэн.

Бидний алсын хараа маш тодорхой боловч хүрэхэд ихээхэн хүчин чармайлт шаардлагатай, татварын албаны албан хаагч бүрийн харилцаа, хандлага, гүйцэтгэл, ажлын үр дүн чухал нөлөөтэй гэдгийг сайтар ойлгож ажиллах шаардлага тавигдаж байна.

-Татварын алба зөвлөн туслагч байна гэдэг зорилт тавьсан гэж сонслоо?

-Татварын алба татвар төлөгчийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулахад чиглэж ажилладаг. Энэ удаад татвар төлөгчийн үйл ажиллагааны чиглэл, салбарын ангилал, хэрэгцээ, шаардлагад нийцсэн байдлаар мэдээлэл түгээх, үйлчилгээ үзүүлэхэд илүү нарийвчилсан байдлаар төвлөрч ажиллана. Тиймээс бид “Монголын татварын алба зөвлөн туслагч байна” гээд байгаа хэрэг л дээ. Мэдээж эдгээрийг хийхийн тулд зохион байгуулах өөрчлөлтийг хийх шаардлага бий.

Бидний зохион байгуулж явуулдаг сургалт сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээний цар хүрээ өргөжсөн ч зорилтот бүлэгт шаардлагатай мэдээллийг оновчтой хүргэх тал дээр анхаарах асуудлууд байгаа.

Энэ утгаараа Татварын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Эрсдэлийн удирдлагын хэсэгт татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх заалт, Татварын албаны үйл ажиллагааны зарчимд татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлох зохицуулалтыг оруулсан. Мөн Татварын албаны удирдлага, түүний бүрэн эрх бүлэгт татвар төлөгчид үйлчилгээ үзүүлэх, зөвлөх, туслалцаа үзүүлэх, татварын боловсрол олгох, татвар төлөгчид үйлчилгээ үзүүлэх талаарх зохицуулалтыг шинээр оруулж байна.

-Татвар төлнө гэдэг дарамт болж байгаа гэдэг ойлголт нийгэмд бий болсон. Тэгвэл үүнийг өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ?

-Татварын алба татвар төлөгч бүрийн зан, хандлагад судалгаа хийж, татвар төлөгчөө таньж, үзүүлэх үйлчилгээний чиглэлээ тодорхойлох, татварын хууль тогтоомж мөрдөлтийн түвшин хангалтгүй байгаагийн шалтгааныг тодорхойлсны үндсэн дээр тухайн татвар төлөгч бүрд хууль тогтоомжоо сурталчлахад анхаарч ажиллана. Түүнээс гадна ямар үед ямар татварын төрлүүдээр бүртгүүлэх ёстой, хэрхэн, хэзээ ямар төрлийн тайлангаа яаж гаргах, хэзээ төлөх, эрсдэлээс хэрхэн зайлсхийх, сэргийлэх талаар тухайлсан зөвлөгөө өгдөг бас тусалдаг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлж “Зөвлөн туслагч Татварын алба” болох зорилготой байна.

Мөн татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх, татвар төлөгчдийн хэрэгцээг судлан, санал авч боловсруулан дүгнэлт гаргаж хууль тогтоогчдод хүргэх ажлыг хэрэгжүүлнэ.

Татварын орлого төвлөрүүлэх, тэр дундаа татварын өр барагдуулалтад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэн ажиллахын зэрэгцээ банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл олголтод татварын алба оролцоотой ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

-Татварын тайлан хүргүүлэх ажил нь зөвхөн аж ахуйн нэгжид хамаарахгүй гэдгийг хүмүүст мэдүүлэх хэрэгтэй байх. Учир нь хувь хүн татварын тайлан гаргадаг соёлд суралцах шаардлага үүссэн гэж харж байгаа л даа?

-Татварын алба орчин үеийн дэвшилтэт технологи, түншлэл, хамтын ажиллагаанд үндэслэн татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний хамгийн чухал хэлбэр болох татварын тайланг хялбарчлах, татвар төлөгчийн тайланг урьдчилан бэлтгэн хүргүүлэх ажлыг сайжруулах шаардлага бий. Мөн иргэн бүрийг татварын тайлан гаргадаг болгох, татвар төлөгч бүрийн ажлын байр, цэг салбарын бүртгэлийг хийдэг системтэй болох, татварын өрийн удирдлагыг эрсдэлийн үнэлгээтэй уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Түүнчлэн татварын хууль тогтоомж мөрдөхгүй татвар төлөгчтэй ажиллах ажиллагааг сайжруулах, үндэстэн дамнасан ажил гүйлгээ, үнэ шилжилтийн мөрдөлтийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлнэ.

Татварын алба нь татварын үнэн зөв тайлагналыг хянахад зайлшгүй хэрэгцээтэй мэдээллийг тухайн мэдээлэл байгаа улсаас хүсэлт гарган авч дэлхийн 143 улстай хүсэлтээр болон сайн дураар мэдээлэл харилцан солилцож байгаа. Ирэх 2027 оноос энэхүү мэдээллийг автоматаар солилцохоор “Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох олон талт эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CRS MCAA) болон “Улс бүрээр тайлан солилцох эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CbCR MCAA)-ийг байгуулж, өнгөрсөн сарын 6-ны өдөр гарын  үсэг зурснаар үндэстэн дамнасан ажил гүйлгээг хянаж, үнэ шилжилтийн мөрдөлтийг сайжруулах боломж нээлттэй болох юм. 

Үүнээс гадна Татварын албаны нэгж хоорондын уялдааг хангасан оновчтой засаглалыг бий болгох, дотоод хяналт, хараат бус хяналтаар дамжуулан татварын албаны хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж, албаны ил тод байдлыг ханган  ажиллана. Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ, тайлан хүлээн авах, баталгаажуулах процесс ажиллагаа, татварын ногдол, өр төлүүлэх ажиллагаа,  татварын хяналт шалгалтын процесс ажиллагаа тус бүрд зарцуулах хүн өдрийн стандарт тогтоож, мөрдөж ажиллана.

Татварын албаны үйл ажиллагаа тус бүрийн чанарын хяналтыг нэвтрүүлж, дотоод хяналтыг сайжруулна. Мөн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлж, авлига ашиг сонирхлоос сэргийлэх олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлж, татварын албаны ил тод байдлыг ханган ажиллана.

Б.БОЛОР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 64 (7561)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.ГАН-ОРШИХ: ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ БИД ДЭМЖИНЭ 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… 13 цагийн өмнө
Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны хуучин тоглоомын талбайг шинэчиллээ 14 цагийн өмнө
“Эрүүл хүнс-эрүүл хүн” аянаар хүнсний чанарын талаар мэдээлэл түгээнэ 15 цагийн өмнө
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж,… 16 цагийн өмнө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА Өчигдөр
ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг шинэчлэн тогтоов Өчигдөр
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт Өчигдөр
Г.Лувсанжамц: “20 минутын хот” бол иргэн төвтэй, аюулгүй амьдрах орчи… Өчигдөр
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүү… 2025/04/11
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/11
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?! 2025/04/11
​ Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/10
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлн… 2025/04/10
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
“ЗӨӨЛӨН ХОТ” ФЕСТИВАЛЬ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 2025/04/09
Д.Батбаатар: Тээврийн үнэ тогтвортой байх ёстой 2025/04/09
Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотойг нотлох 507 нүүр бүхий бари… 2025/04/09
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узб… 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/09