Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

Timesmn@gmail.com
2024/04/05

 Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслийн талаар

Байнгын хорооны дарга, Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүнээс “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг санаачлан боловсруулах дараах шаардлагууд байлаа. Үүнд:

1.Эдийн засгийн анхдагч уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах нь дэлхийн бусад орнуудаас ялгарах, ондооших, өвөг дээдсийнхээ өв соёлоо хадгалж, хойч үедээ өвлүүлэх, эдийн засгийн бусад салбарын хөгжлийн тулгуур, хүнсний хангамж аюулгүй байдлын үндэс юм. 

2.Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч ган, зуд зэрэг байгалийн эрсдэлт болон давагдашгүй хүчин зүйлийн давтамж ойртсон манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд нэрвэгдээд байгаа нь бэлчээрийн мал аж ахуйн салбар эрсдэлт байдалтай нүүр тулаад байна. 

 3.Бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт доройтол хүчтэй явагдахын зэрэгцээ мал нь тэжээлийн архаг дутагдалд орсноос давжаарч ашиг шим, үнэ цэнэ буурч байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны мэдээгээр 2004-2014 онд хонины амьдын жин 1-2 кг, үхрийнх 30 кг-аар буурсан. 1990-2016 онд богийн гулуузны жин 13.9 хувь буурсан баримт байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засгийн гол салбарын нэг болсон мал аж ахуй маань бүтээмж буурч, үнэ цэнэ муутай, улсын эдийн засагт оруулах хувь хэмжээ улам бүр буурсаар байгааг та бид харж байгаа билээ.

 Иймд монгол орны газар зүй, уур амьсгал, бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос хамааран монголчууд эрт дээр үеэс айл саахалтаараа хүч хөдөлмөрөө нэгтгэн, байгаль цаг уурын (аливаа) хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн уламжлалыг өнөөгийн байгаль цаг уур, нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулж, малчдын өөрсдийн үүсгэл санаачлага, оролцоонд тулгуурлан хамтын удирдлага, хариуцлагын үндсэн дээр байгалийн нөөц, бэлчээрийг доройтлоос хамгаалах, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх нь өнөөдөр бидний зайлшгүй шийдвэрлэх ёстой, хойшлуулшгүй чухал асуудал болж тулгараад байна. Үүнийг шийдэхийн тулд хууль зүйн хувьд малчдын хамтын зохион байгуулалт, өөрсдийн үүсгэл санаачлагын байгууллагын эрх зүйн байдлыг төрөөс тодорхойлж өгөх нь ач холбогдолтой гэж үзэж, уг хуулийн төслийг санаачлан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр танилцуулж байна.

 Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл 5 бүлэг, 34 зүйлтэй.

 Зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усны, бэлчээрийг хамтран ашигладаг малчин өрхүүд газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 20-оос доошгүй өрх нэгдэж, Малчин өрхийн анхдагч холбоог байгуулахаар төсөлд тусгасан. Анхдагч холбоо нь:

  • гишүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрт төрийн үйлчилгээг хүргэх;  
  • гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;
  • малын эрүүл мэнд, үржил, чанар, ашиг шимийг дээшлүүлэх;
  •  мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх гэсэн 4 үндсэн чиглэлийн үйл ажиллагаанд гишүүн-малчин өрхүүдийг зохион байгуулж оролцоно. 

Малчдын сайн дурын энэ холбоо нь ашгийн бус бөгөөд зөвхөн хөдөлмөрөө хорших замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болсон бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх юм. Харин мал аж ахуйн үйлдвэрлэлийг буюу ашгийн төлөө үйл ажиллагааг малчдын өөрсдийнх нь үүсгэн байгуулсан хоршоо, бусад аж ахуйн нэгжийн хэлбэрээр эрхлэх боломж нээлттэй байх болно. Өөрөөр хэлбэл Анхдагч холбоо нь гишүүдийнхээ мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хоршоо, аж ахуйн нэгж, ХАА-н бирж зэрэг этгээдэд борлуулахад нь зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хоршоог хөгжүүлэхэд хөшүүрэг, түлхэц болохоос гадна малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. 

Малчин өрхийн анхдагч холбоо нь суурь нэгж болохын хувьд бүх гишүүдийн хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид, Ахлагч гэсэн удирдлагын бүтэцтэй байх бөгөөд эдгээр институцын үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх, үүрэг, түүнчлэн гишүүнчлэлийн талаар төсөлд тусгайлан зохицуулсан. Бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хуваарьтай ашиглаж, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах ажлыг Анхдагч холбоо хариуцахаар төсөлд тусгалаа.

Сумын малчин өрхийн холбоо нь тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа Анхдагч холбоодын гишүүнчлэлтэй байх ба тэдгээр Анхдагч холбооны ахлагч нараас бүрдэнэ. Аймгийн малчин өрхийн холбоо нь сумын малчин өрхийн холбоо бүрээс сонгогдсон 2 гишүүний төлөөллөөс бүрдэхээр, улсын хэмжээнд Малчин өрхийн нэгдсэн холбоо ажиллах, уг холбоо нь аймгийн малчин өрхийн холбооны дарга нараас бүрдэхээр төсөлд тусгалаа. Сум, аймгийн болон малчин өрхийн нэгдсэн холбоо доод шатны холбоодын үйл ажиллагааг уялдуулан, зохион байгуулалтаар хангах, төрийн бодлого, тухайн шатны бодлогын баримт бичиг, үйл ажиллагаанд малчин өрх, холбооны эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх, саналаа өгөх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн Холбооны санхүүжилт нь гишүүнчлэлийн хураамж, хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт, хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон орлого, гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний хандив, тусламж, хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэрээс бүрдэх ба түүнийг дээр дурдсан 4 үндсэн чиглэлийн болон дүрэмд заасан бусад үйл ажиллагаанд зарцуулахаар тусгав.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 12 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулсан.

Та бүхэнд хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргүүлсэн байгаа.

Хуулийн төслийн талаар 2024 оны 1 дүгээр сард салбарын судлаач эрдэмтэд, ТББ-ын төлөөлөл, холбогдох мэргэжлийн болон төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Түүнээс гадна хуулийн төслийг санаачлагч гишүүд орон нутагт ажиллахдаа малчид, иргэдэд танилцуулж, санал бодлоо солилцсон болно.

Эрхэм гишүүд ээ, 

Орон нутагт цас, зудын нэн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдал манай улсын хөдөө аж ахуй, түүний дотор амиа аргацаах төдий, саланги бутархай мал аж ахуйн салбарт бодлого, тогтолцооны шинэчлэл зайлшгүй чухал байгааг батлан харуулж байна. Байгалийн бэрхшээл тулгарсны дараа араас нь арга хэмжээ авах бус малчдын өөрсдийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан бэлчээрээ хамгаалах, нөхөн сэргээх, малын ашиг шим, үнэ цэнийг өсгөх, өвлийн бэлтгэлээ хамтын хүчээр сайтар хангадаг байх, малчдыг мэдлэгжүүлэх, сайн туршлагыг сурталчлах зэрэг чиглэлээр бодлогын арга хэмжээ авах шаардлага тулгараад байна. Эдгээр болон бусад асуудлыг шийдвэрлэх суурь гарц, шийдэл нь Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төсөлд туссан гэж үзэж байна. 

Малчин, мал, бэлчээр гурвын харилцан шүтэлцээг хангаж, нүүдлийн соёл иргэншлийн дархлааг хамгаалж, өвийг ийнхүү хадгалснаар Монгол Улсын тусгаар тогтнол, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амь, амьжиргаа, эрүүл мэндийг хамгаалахаас гадна газрын харилцааны шинэчлэл, хоршоог хөгжүүлэх  суурь ач холбогдолтой юм.

 Иймд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж өгнө үү.

 

 

 

---оОо---


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээ… 2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг с… 2024/11/22
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийти… 2024/11/22
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна 2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг… 2024/11/21
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн б… 2024/11/21
НЭР ТОМЬЁОНЫ ISO 704:2022 СТАНДАРТ ДЭМЖИГДхээр болжээ 2024/11/20
Доктор Д.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуу… 2024/11/20
ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой 2024/11/20
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалт… 2024/11/19
Ураны уурхайгаас болж мал амьтан хордож байгаа юу? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭДИЙН ЗАСАГ 2024/11/18
Эгийн голын УЦС төслийн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшэ… 2024/11/18
Хоолоо ямар тосонд шарах вэ? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД 2024/11/17
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК… 2024/11/16
Цацраг идэвхээс болоод олон толгойтой мал төрдөг үү? 2024/11/16
Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багта… 2024/11/16
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 2024/11/16
​“Скай хайпермаркет” ХХК Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр д… 2024/11/16