Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Timesmn@gmail.com
2025/07/03

Ажилдаа ороод 20 хонож буй Засгийн газар Хэмнэлтийн төсвийн тодотголыг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Одоо хэлэлцэж байна. “...Хэмнэлтийнх” учраас хэмнэж гамнаж болох болгоныг танаж төсөвлөжээ.

Үүнд Засгийн газрын том төслүүд ч өртөж байгаа юм. Засгийн газраас анх Хэмнэлтийн төсвийн тодотголыг өргөн барьж байхдаа том төслүүдтэй холбоотойгоор “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, мөн нийслэлд хэрэгжих төслүүдийг тусгасан байсан. Эдийн засгийн хөгжлийн яамнаас том төслүүд дээр 14 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж байна. Макро эдийн засгийн нөлөөлөл, санхүүжилтийн эх үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэх мэт шалгуураар үнэлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналттай холбоотойгоор зарим төслийг хойшлуулах шаардлага үүснэ. Тухайлбал нийслэлд хэрэгжих байсан туннелийн төсөл, Засгийн газрын шинэ ордон барьж байгуулах төслийг зогсоохоор ажиллаж байна” гэсэн албан ёсны мэдээллийг олон нийтэд өгсөн. Мөн хоёр хоногийн өмнө “…14 том төслийг дөрвөн бүлэг, 14 аргачлалаар үнэлсэн. Зарим том төслийг зогсоох саналтай байгаа. Харин нийгэм, улс эх орондоо үр өгөөжтэй “Гангийн үйлдвэр”, “Алт цэвэршүүлэх үйлдвэр”, “Зэс боловсруулах цогцолбор”, “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төслүүдийг зогсолтгүй үргэлжлүүлнэ. Нийслэлд хэрэгжих 24 том төсөлд салбарын яам дөрвөн бүлэг, 14 аргачлалаар үнэлгээ хийсэн. Богд уулыг нүхлэхээс эхлээд Хөшигийн хөндий, Ган татлагат гүүр зэрэг үр өгөөжгүй төслийг зогсооно. Харин Туулын хурдны зам зэрэг хийгдсэн даруйдаа үр ашгаа өгөх том төслүүдийг үргэлжлүүлнэ” гэсэн юм.

Тэгвэл, бидний хэрэгтэй, хэрэггүйгээр нь эрэмбэлж зогсоох, үргэлжлүүлэх тухай ярихаас өмнө эдгээр төсөл дээр хамтарч буй гадаадын зарим түнш “үг”-ээ хэлээд буцаад явсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хилийн холболт гэж өмнөх хамтарсан Засгийн хамгийн сайн ахисан төсөл байдаг. Энэ төслийн барилгын ажилд “Хятадын төмөр замын барилгын корпорац CRCC” компани шалгарсан. Түүний охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болоод байсан Улмаар, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарын зурах ёслол 2025 оны зургадугаар сарын 9-ний өдөр ЗТЯ дээр болсон. Гэтэл, CRCC компани гэрээгээ гүйцээж зурахаас татгалзаад буцчихсан бололтой. Тэд “…Танайд улс төрийн тогтворгүй байдал үүссэн учраас эрсдэлтэй гэж үзлээ” гэсэн тухай улс төр, бизнесийн хүрээнд яригдаад удаж байна. Хэрэв, Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хилийн холболтын ажлыг гүйцэтгэгчид ийм байр суурьтай байгаа бол энэ төсөл удахгүй гацаж таарна. Дагах хортой үр дагавар ихтэй. Ганц л субьектэд ашигтай. Тэр нь “Ухаахудаг”-ийнхан юм. Энэ төсөл гацвал, тэдний Тавантолгойг эзэмших олон жилийн мөрөөдөл дахин сэргэнэ. Магадгүй, энэ удаад биелж ч болох юм. Үүнээс гадна, “…Туулын хурдны замыг барих гэж байсан Хятадын гурван компани гэрээгээ цуцалсан” гэх мэдээлэл бас байна. Тиймээс “…Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу” гэх эргэлзээтэй яриа гарч эхэллээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 124 (7621)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25