Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Дэвшүүлээгүй байж сонгоогүй гэх улигт пиар

Timesmn@gmail.com
2023/11/15

Өнгөрөгч 30 жилийн хугацаанд Монгол Улс нь парламентын сонгуулийн тухай хуулиа таван удаа шинэчилж, улмаар тухайн хуулиудад гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Эдгээр найман удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн дөрвөн өөр тогтолцоог туршин үзэж, өөрчлөлт хийх болгондоо олон хэлбэрийг сонгож ирлээ. Гэвч залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд  нийгмийн бүх  бүлгийн төлөөллүүдийг хангах ардчиллын зарчим хангагдсангүй, харин ч сонгох, сонгогдох эрхийг  нь мөнгөний сонгууль  хязгаарлаж  ирсэн гэж дүгнэж хэлж болох юм. Монгол Улсын өнөөдрийн хууль тогтоох дээд байгууллагад 3.4 сая гаруй хүнийг   төлөөлөн сууж бодлого боловсруулж  суугаа 76 гишүүний  83 хувь нь эрчүүд, 17 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл алга.  30 хүртэлх насны залуучуудыг төлөөлж дуугарах ганц ч төлөөлөл байхгүй.  Яагаад төлөөллийн тэнцвэр ингэж алдагдахад хүрэв ээ. Үүнийг илтгэх  тоог иш татая л даа. Тоо хэзээ  ч худлаа хэлдэггүй.  2020 оны УИХ -ын сонгууль нь Ковид-19 халдварын тархалт дэлхий нийтийг түгшээн хүн амын эрүүл мэндээс гадна нийгэм, улс төр, эдийн засагт хүчтэй нөлөөлсөн онцгой нөхцөлд болж өнгөрснөөрөө онцлог байсныг хүн бүр санаж байгаа. Тус сонгуульд нийт 13 нам, 4 эвсэл, 606 нэр дэвшигч өрсөлдсөн.  Нэр дэвшигчдийн 121 нь бие даан нэр дэвшсэн нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад хамгийн олон бие даагч өрсөлдсөн сонгууль байв. Нийт 606 нэр дэвшигчдийн   455 нь буюу 75,08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24,92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.

Мөн УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр 498 хүн бүртгүүлж үнэмлэх авснаас 14 хувь нь буюу 69 нь бие даан нэр дэвшигч, нийт нэр дэвшигчдийн 26 хувь нь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг гарын арван хурууны тавд нь багтах хэмжээнд ч  нэр дэвшүүлээгүй. Залуучууд хаачив гэхээр бас л  мөнгөгүй, туршлагагүй, хэтэрхий залуу байна гэх шалтагаар жагсаалтын гадна үлднэ. Тэгээд тэд угаасаа сонгогдоггүй юм гэсэн улигт пиараар өнөөг хүртэл тархи угаалт хийсээр ирлээ.  Үнэндээ   эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг боломжит хувиар  дэвшүүлээгүй байж сонгоогүй, угаасаа сонгогдоггүй гэдэг нь хэт өрөөсгөл, явцуу ойлголт юм.

Та нэг тоо бодоод үзээрэй.

2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал, АН 11  авчээ.

Энэ хоёр нам  нийтдээ 152 хүн нэр дэвшүүлэхэд ердөө  33 нь л  эмэгтэй. Үлдсэн 119 нь эрэгтэй. Гэтэл Монгол Улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд шүү дээ уг нь.   Дээрх улстөрийн хүчнүүд  нийгмийн бүлгийн төлөөллийн тэнцвэрийг хангах зоригтой алхамыг нэр дэвшилтийн зураглалдаа тусгаагүй. МАН хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1-2 төлөөллийг нэр дэвшүүлсэн бол нийт сонгогдсон 62 гишүүний нэг нь ч гэсэн  эдгээр бүлгийг төлөөлөөд парламентын танхимд дуу хоолойгоо хүргээд сууж байх магадлал өндөртэй байлаа.  

Үүнээс гадна нийгмийн бүлгийн төлөөлөл хангагдахгүй, сонгох, сонгогдох эрхийг боомилж байгаа бас  гол хүчин зүйл бол яах аргагүй мөнгөний сонгууль. Өнөөгийн өрсөлдөөний системээр  явбал сонгуулийн зардал, санхүүжилт жил бүр нэмэгдсээр топ-76 компани л УИХ-д төлөөллөө оруулж дөнгөх хэмжээнд хүрэхээр болчихоод байна шүү дээ. Мөнгөний хэт өндөр босго гарааны тэгш бус байдлыг бий болгож байна.  Өрсөлдөөний гараа тэгш бус байгаа  нь сонгуулийн санхүүжилттэй шууд холбоотой. Яг үнэндээ өнөөгийн схемээр санхүүгийн боломж өндөртэй нам, нэр дэвшигчид давамгайлахын зэрэгцээ санал худалдан авах зөрчил гарсаар ирсэн  ч  дорвитой арга хэмжээ авч чадахгүй л  байна.

Цаашид сонгуульд тэгш өрсөлдөх нөхцөлийг сайжруулахын тулд намууд нэр дэвшүүлэхдээ нийгмийн бүлгийн төлөөллийг хангахад анхаарах,  сонгуулийн зардлыг аль болох бууруулах арга хэмжээ авах, санхүүжилтийн ил тод байдал, хяналтыг нэмэгдүүлэх зэрэг  цогц арга хэмжээг яриад өнгөрөх биш үйлдэл болгож  бодит хөрсөн дээрээ хэрэгжүүлж байж л нөхцөл байдал өөрчлөгдөнө.

Х.Тамир


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ? 3 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно 23 цагийн өмнө
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэ… Өчигдөр
Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав 2026/07/22
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын ө… 2026/07/22
#ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/07/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ер… 2026/07/21
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд 2026/07/21
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/20
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/20
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30