"Эрүүл мэндийг дэмжих сан" гэж байдаг. Энэ сангаас архи, тамхи, эм, эмийн бүтээгдэхүүний импорт дээр онцгой татвар ноогдуулаад тэр мөнгөө цуглуулаад иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зориулалттай сан байгаа юм! Энэ санг судлаад үзэхээр өөрөө маш их асуудалтай байгаа юмаа. Аудитын дүгнэлтүүд нь дандаа зөрчилтэй гардаг. Мөнгө зарцуулалт нь ил тод бус. Үр дүн гарсан эсэх нь ямар ч тодорхойгүй! 2023 онд 10 тэрбум төгрөг цуглах ёстой тооцоолол гараад байхад 1.9 тэрбум төгрөг л тус санд орж ирсэн. Үлдсэн 8 тэрбум төгрөг хайчсан бэ? Энэхүү мэдээллийн мөрөөр хөөж сурвалжлага бэлтгэлээ.
Таны худалдан авч, татаж буй тамхи бүрийн үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх мөнгө Эрүүл мэндийг дэмжих сан/ЭМДС/-д очдог юм байна. Эрүүл мэндийг дэмжих санг анх иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тамхины хэрэглээг бууруулах зорилготой 2023 онд байгуулж байжээ. Ингээд Засгийн газрын 2020 оны 37-р дугаар тогтоолоор “Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам” https://legalinfo.mn/mn/detail... баталжээ.
Сангийн үндсэн үүрэг, зарцуулалтын чиглэлүүдийг тодорхой заасан байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн заалтад “Эрүүл мэндийг дэмжих тусгай сангийн хөрөнгө нь архины онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь, тамхины онцгой албан татварын хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, бусад хандив, тусламж зэрэг эх үүсвэрүүдээс бүрдэнэ” гэжээ. Тэгэхээр 2023 онд тамхины татварын орлого л гэхэд 350 тэрбум төгрөг хүрсэн байсан ч , Эрүүл мэндийг дэмжих санд зөвхөн 1.9 тэрбум төгрөг орсон байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тооцоолуулаар тооцвол, Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь болон эмийн импортын гаалийн болон НӨАТ-ын хоёр хувиас орж ирэх мөнгөтэй нийлбэл 10 гаруй тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Бусад мөнгө хаашаа урсав, хаана зарцуулагдав, юунд зориулав гэдгийг тодруулах, нягтлах, тодруулах шаардлагатай байна.
Төсвийн мэдээлэл
ОН
Жилийн төсөв
Төсвийн гүйцэтгэл
2023 1,940,000,000.00 ₮ 1,907,341,259.00 ₮
2024 9,810,000,000.00 ₮ 5,785,318,050.00 ₮
2025 9,670,830,800.00 ₮ 1,433,423,600.00 ₮
Энэ байдлаас харахад уг сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгож, үнэхээр соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулж уу, үгүй юу гэдгийг нээлттэй болгох цаг иржээ. Тэгэхгүй бол нөгөө дуулиант Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэгэн адил болж хувирч улстөрчдийн болон нөлөө бүхий хүмүүсийн хүүхдийг сургадаг, банкинд байршуулан хүүгийн ашгийг хумсалдаг, танил талын сүлжээгээрээ зарлагаддаг байдал руу орсон юм биш гэсэн сэжиг таамаг төрөхөөр байна. Тухайлбал, Эрүүл мэндийг дэмжих сангаас “Ай-Ёо” брэндэд 278.8 төгрөгийн санхүүжилт олгосон.
“Ай-Ёо” брэнд нь тухайн үедээ эрүүл мэндийн чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэггүй зүгээр гэр ахуйн цахилгаан бараа худалддаг компани байсан. 2023 онд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн цагаан үзэг холбоо 15,931,300.00 төгрөгийг гэрээний урьдчилгаа, Нирун монгол майнд энтертаймэнт-д 49,000,000 төгрөг, Нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох Бадамлянхуа төв холбоонд 26,655,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн байна. Үүнийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна” гэжээ. Тамхидалтын эсрэг хийж байгаа сурталчилгааг харахад постер, семинар, сошиал постын хүрээнд л явагддаг гэхэд хилсдэхгүй.
Залуучууд, өсвөр үеийнхэнд зориулсан нөлөөллийн цогц хөтөлбөр, нийгмийн бодит зан төлөвт нөлөөлөхүйц дорвитой зүйл хэрэгждэггүй. Энэ нь “эрүүл мэндийг дэмжих” нэрийн дор их хэмжээний мөнгө гаргаж тайлан хаах нэрийдлээр үр дүнгүй, аар саархан зүйлд цацдаг бололтой. Тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгө дарга нарын төлөөллийн байгууллагуудын данс руу цутгаж, гялтгар хавтастай ч доторх агуулга муутай, тайлан хааж ам таглах төдийнхөнд зарцуулагдаад дуусдаг бол дэндүү харамсалтай юм. Уг сангийн төсвийг хэн, хэрхэн хуваарилж, хяналт тавьдаг вэ гэсэн асуулт урган гарч, ихээхэн сонирхол татаж байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн үндсэн зарчмаар Эрүүл мэндийн сайд сангийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй юм байна. Харин Сангийн сайд жил бүрийн төсөвт, сангийн хөрөнгийг тусган зарцуулалтад хяналт тавих ёстой юм байна. Сонгон шалгаруулалт ба төсөл хэрэгжилтийн хувьд Эрүүл мэндийг дэмжих сан нь тухайн зарцуулах хөрөнгийг санаачилга, төсөл хөтөлбөр хэлбэрээр олон нийтээс хүлээн авч, сонгон шалгаруулалтын журмаар олгох журамтай аж. Эрүүл мэндийг дэмжих сангийн 2023 оны орлого дээрээс анализ хийхэд л иймэрхүү дүр зураг ажиглагдаж байна. Тэгэхээр Тамхины онцгой татварын орлогын 2 хувь нь тамхины эсрэг үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй юм. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг энэхүү ээдрээт, нууцлаг сангийн тухай сайтар мэдэж л баймаар. Тийм атал энэ сангийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгоё гэхээсээ илүү татварыг нэмээд энэ санд төвлөрүүлэх хөрөнгийг өсгөё гээд байгаа нь анхаарал татаж байна.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын гишүүд санаачлан боловсруулсан бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын хэсэг гишүүд Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн төсөлдөө https://d.parliament.mn/tusul/... бүх төрлийн тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг огцом нэмэгдүүлэхийг санал болгосон юм. Тэд таван жилийн хугацаанд тамхинд ногдуулдаг энэхүү татварыг үе шаттайгаар жил бүр хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ. Утаат тамхины онцгой албан татвар нэмэгдсэнээр жижиглэнгийн тамхины дундаж үнэ 12-17 хувиар, 2027 онд 30-40 хувиар, 2028 онд 20-30 хувиар, 2029 онд 15-20 хувь, 2030 онд 10-15 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Үнийг нарийвчлан гаргасан тооцооллоос харвал, янжуур тамхины бөөний дундаж үнэ 3347 байгаа бол ирэх жилээс 4366 төгрөг болж нэмэгдэнэ. Одоогийн байдлаар CU-д нэг Ченж эссэ CU-д 5000 төгрөг орчим байгаа. Ийм үнэтэй тамхи шат дараалсан татвараар тооцохоор 2027 он гэхэд 20.000 төгрөг, 2030 он гэхэд нэг хайрцаг тамхи 50.000 төгрөгт хүрэхээр байгаа юм. Тэгэхээр таван жилийн дараа Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 25 орчим хувийг эзэлдэг 700 гаруй мянган хүн буюу тамхичид маань одоогийнхоос арав дахин үнэтэй буюу 27,000-50,000 төгрөгийн үнэтэй хайрцаг янжуур авч татах тооцоо гарч байна. Хэрвээ хуулийн шинэ төсөл батлагдвал Эрүүл мэндийг дэмжих санд зөвхөн тамхины татвараас орж ирэх мөнгөний хэмжээ 20-30 тэрбум төгрөгт хүрэх юм байна. Бас өнөөг хүртэл жишиг болсон улигт арга аргачлалаараа энэ сангийн хөрөнгийг гарынхаа салаагаар урсгаж, хяналтгүй цацсаар, эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүсийн “саалийн үнээ”-г улам таргалуулсаар байх уу? гэдэг асуулт эрхгүй урган гарч байна.
Үнэндээ татвар нэмэгдэхээр ҮҮРЭХИЙГ НЬ ЧИ, ААХИЛАХЫГ НЬ БИ гэдэг шиг л ачааны хүндийг татвар төлөгч-иргэд үүрнэ. Таны үр хүүхдийг, ирээдүйгээ хамгаалж байна хэмээх гоё халхавчтай шинэчлэл нь хөрсөн дээрээ хэр бууж, хэрэгжихэд дүн шинжилгээ хийв үү? Энэхүү хуулийн төсөл нь тамхины хэрэглээг бууруулах зорилготой хэдий ч дараах ноцтой үр дагавруудыг бас үүсгэх эрсдэлийг дагуулж байна. Иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхийн дээр хууль бус наймаа, чанаргүй хуурамч бүтээгдэхүүний бизнес, хулгайн худалдаа буюу контрабандын хэмжээ эрс нэмэгдэх нь гарцаагүй. Тамхины татвар 10 дахин нэмэгдлээ гээд хүмүүс бүгдээрээ тамхинаас гарчихгүй. Өвс ч ороож татаад тэр их хүслээ дарах гэж л оролдоно. Цөвүүн, уймаан самуунтай, бараа таваар ховор цагт туулайн баасыг хүртэл ороож татаж байсан гашуун түүх бидэнд бий.Үнэхээр нэг ширхэг янжуур 50 мянган төгрөг болчихвол дийлэх бэл бэнчин сайтай иргэд хэд билээ. Тэд арай хямдханыг нь олох гээд нууц худалдаачдын эрэлд гарна. Нөгөөдүүл нь эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн, хуулийн хатуу нударга чангарсан үед арга саам олж гаргаад л баталгаагүй, хуурамч тамхийг нийлүүлнэ. Урагшаа хил гарахад л хуурамч тамхины том зах зээл тосч буй. Тэндээс оймс, гутлынхаа уланд ч нуугаад ч хамаагүй гэдэг шиг элдэв арга олоод л их хэмжээгээр оруулж ирнэ. Хулгайн тамхинаасаа улс татвар ч авч чадахгүй болно.
Хааж боосноор, хатуу чанга арга хэмжээ авснаар, татварыг дааж давшгүй өндөр болгож тамхидалт, архидалтай тэмцээд үр дүн гардаггүйг олон орны гашуун түүх харуулна. Харин бага балчир наснаас нь, цэцэрлэгээс нь соён гэгээрүүлэх, хор холбогдолыг ухуулахад анхаармаар байна. Үр нөлөөг нь сайтар хэмжих урт хугацаатай цогц хөтөлбөр хэрэгжүүж, хүн болгон хүмүүжүүлэх хүмүүжилд, оюун ухамсар нь шингээхэд чиглэх учиртай. Хэрвээ хуурамч, чанаргүй тамхи түгвэл нөгөө тамхины хамааралтай олон эцэг, эхчүүд өөрөө хордоод зогсохгүй гэр бүлийнхнээ, хамтран ажиллаж байгаа хүмүүсээ, эргэн тойрныхноо хордуулна. Энэ мэтчилэн сөрөг үр нөлөө талаас тооцох судалгааг ч мэргэжлийн хүмүүсээр хийлгэхгүй байж, татвар нэмчихвэл сайхан болчихно гэх хөөрөгдөлтөө эргэж хармаар байна, эрхэм гишүүдээ.