Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Өмнөдүүд талцаж, хойдууд пуужин харваж, Блинкен айлчилсан Солонгосын өвөл

Timesmn@gmail.com
2025/01/08

Өмнөд Солонгост “хүйтэн” өвөл болж байна. Сөүл хот хунгарласан цасаа “даахгүй” байгаа цаг уурын хүйтрэлээс илүү Ерөнхийлөгчийг баривчлах эсэхийг тойрсон үйл явдлын шуурга ид “шуурч” байна.

 Үйл явдал илүү ээдрээтэй чигт өрнөж эхлэв

 Өнгөрсөн баасан гарагт ерөнхийлөгч Юн Сог Ёлыг баривчлахаар цагдаа нар болон Өндөр албан тушаалтны авлигатай тэмцэх газрынхан (CIO) ерөнхийлөгчийн ордны гадаа очсон ч хамгаалалтын албаныхантай тулж, баривч­лах ажиллагааг түр хойш­луулахаас өөр аргагүйд хүрээд байв.

Гэвч өнгөрсөн оны сүүлчийн өдөр шүүхээс гарсан баривчлах тогтоолын хугацаа өчигдөр дууссанаар цагдаа болон CIO байгууллагынхан тогтоолыг сунгах хүсэлтээ Сөүлийн баруун дүүргийн шүүхэд дахин гаргаад байна. Шүүхийн шийдвэр хараахан гараагүй ч нөхцөл байдал зөвхөн баривчлах тухай бус Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хамгаалах албаны удирдлагуудыг хэрэгт татсан өргөн асуудал болон хувираад байна. Мягмар гарагт цагдаа нар Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын албаны дарга Пак Чон Жүныг баривчлах оролдлогыг хориглосон хэргээр байцаалт өгөхийг шаарджээ. Энэ нь түүний хувьд анхны удаагийн зарлан дуудах ч биш. Түүнийг өнгөрсөн бямба болон мягмар гарагт байцаалт авахаар дуудсан ч Аюулгүйн албаны дарга үл тоомсорлосон учир гурав дахь удаагаа дуудсан бөгөөд энэ тохиолдолд ирэхгүй бол баривчлах тушаал хүлээж авах нь цаг хугацааны асуудал болоод байна. Мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын албаны Бие хамгаалагчдын хэлтсийн дарга Ли Кванг Вуг ч байцаалтад дууджээ. Харин Ерөнхийлөгч Юн Сук Ёолын өмгөөлөгчид ерөнхийлөгчийг баривчлах тушаалыг биелүүлэхийг завдсан асуудлаар тус улсын Авлигатай тэмцэх газрын дарга болон өөр 10 хүний эсрэг даваа гарагт прокурорт гомдол гаргажээ.

Мөн тус багийнхан Цагдаагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ли Хо Ён болон Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Ким Сон Хо нарыг албан үүргээ умартсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж байна. Тэд ерөнхийлөгчийг баривчлахаар гүйцэтгэх ажиллагаанд оролцсон цагдаа болон Батлан хамгаалах яамны бүх ажилтнуудын эсрэг гомдол гаргахаа мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл асуудал ерөнхийлөгчийг баривчлах тухай биш цаашлаад хамгаалалтын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, харин ерөнхийлөгчийн талаас хамгаалалтын алба хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хэмээн үзэж эсрэгцүүлэн гомдол гаргаснаас хууль хүчний байгууллагуудын хуваагдал өрнөж эхлэв.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчийг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчид хүйтэн зэврүүн цастай өдрийг үл тоон Ерөнхийлөгчийн ордны гадаа жагсаал хийсэн нь улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал ард түмнийг хэрхэн хоёр талцуулж байгааг харуулсан амаргүй дүр зураг байв.

 А.Блинкен: Асуудал тайван замаар намжина гэж найдаж байна

 Өмнөд Солонгост улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа шинэ оны эхний өдрүүдэд Хойд Солонгос Япон тэнгист энэ оны анхны баллистик пуужин харваж, амжилттай болсноо зарлав. Умардын харвасан дундын зайн пуужин 1100 гаруй км зам туулсны дараа далайд унасан байна. Өмнөдүүд талцалтай, хойдууд пуужин харвасан энэ үед Солонгосын хойгт анхаарал хандуулахаар АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга А.Блинкен Сөүл хотноо хүрэлцэн ирсэн нь мэдээж энгийн айлчлал биш. Тэрээр ирэх сард албан тушаалаасаа буухын өмнө Ази дахь гол түншүүд болох БНСУ, Японд айлчилж байгаа нь энэ.

Ерөнхий сайд Хан Дак Сү Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэсэн ч түүний эрхийг мөн л түдгэлзүүлээд байгаа. Тиймээс Эдийн засаг, Сангийн сайд Чой Сан Мок ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен БНСУ-ын Гадаад харилцааны сайд Чо Тэ Юлтай харилцан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлийн үеэр А.Блинкен АНУ БНСУ-ын итгэлт түнш хэвээр байгааг нотолж, одоогийн нөхцөл байдал энх тайван байдлаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн БНАСАУ дундын зайн пуужин харвасан нь бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа АНУ, БНСУ Япон гурван улсын батлан хамгаалах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатайг сануулсан явдал боллоо хэмээн онцлов.

БНСУ-ын Гадаад харилцааны сайдтай хийсэн хамтарсан мэдэгдлийн дараа түүнийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Эдийн засаг, Сангийн сайд Чой Сан Мок хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Чой Сан Мок "Өмнөд Солонгосын ардчиллыг дэмжиж, итгэл үзүүлж буй" АНУ-д талархал илэрхийлээд, хоёр улсын батлан хамгаалах чадавхад тулгуурлан Умард Солонгосын янз бүрийн өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахыг уриалжээ.

 Үйл явдлыг эргэн сануулахад...

 БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёл өнгөрсөн сарын 3-ны үдэш орон даяар онц  байдал зарласан ч тус улсын парламент буюу Ерөнхий Ассамблей яаралтай хуралдан, онц байдлыг цуцлах шийдвэр гаргуулж чадсан. Ингэснээр ерөнхийлөгчийг улс төрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр буруутган огцруулахаар удаа дараа хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр дуудсан тэрээр хүрэлцэн ирээгүй. Үүний дараа Үндэсний Ассамблей өнгөрсөн сарын 14-ний өдөр түүнийг албан тушаалаас нь түдгэллзүүлж, Ерөнхий сайд Хан Дак Сүг үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан. Гэвч Ерөнхий сайдыг мөн импич хийх шаардлагатай хэмээн үзэж түдгэлзүүлснээр одоогоор Эдийн засаг, Сангийн сайд Чой Сан Мок төр засгийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байна.

Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг баривчлах тогтоолыг Сөүлийн баруун дүүргийн шүүхээс өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан ч уг тогтоолын хүчинтэй хугацаа өчигдөр дууссан.

Ерөнхийлөгчийн онц байдал зарласан үйл явдал түүний эхнэр, тэргүүн хатагтай Ким Кён Хиг Авлигатай тэмцэх газраас шалгах ёстой гэсэн иргэдийн эсэргүүцлээс эхлэлтэй. Тэгвэл онц байдал зарлах гол шалтгаан болсон тэргүүн хатагтайн асуудал намжаагүй хэвээр байна. Хамгийн сүүлд гэхэд ерөнхийлөгчийн эхнэр бусдын дипломыг өөрийн нэрээр ашигласан, ажил боловсролын мэдээллээ хуурамчаар мэдээлсэн зэрэг нь ил болоод байгаа юм.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 3 (7499)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОРОН НУТГААС УЛААНБААТАР ХОТЫГ ЗОРИН ИРЖ ЭМЧЛҮҮЛЭГСДИЙГ ХӨВСГӨЛ АЙМГИЙ… 11 минутын өмнө
Хуучин гараашнуудыг буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тох… 1 цагийн өмнө
"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 22 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэгт хороо, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн төвийн … 23 цагийн өмнө
МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН ЭСРЭГ ПФАЙЗЕР КОМПАНИЙН НИМЕРИКС ВАКЦИНЫГ ХУДАЛ… Өчигдөр
Д.Трампын тарифын бодлогыг хүчтэй шүүмжилсэн хэвээр байна Өчигдөр
“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно Өчигдөр
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж ура… Өчигдөр
Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмж… Өчигдөр
Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа Өчигдөр
"Утаа дуусахаас өмнө сонсголоо хийж амжлаа" 2025/02/05
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 2025/02/05
​"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдв… 2025/02/04
“ХҮРЭЭ” АМАРЖИХ ГАЗРЫН ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ХҮЧИН ЧАДАЛ НЬ ХОЁР ДАХ… 2025/02/04
380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй 2025/02/04
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… 2025/02/04
МЕНИНГОКОККТ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ СЭРГИЙЛЭЛТ, ИЛРҮҮЛЭГ ДЭЭР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ М… 2025/02/03
Геодези, усны барилга байгууламжийн газраас халиа тошин үүссэн 46 байр… 2025/02/03
ЭРДЭМТЭДИЙН ГАРГАСАН НОЦТОЙ БАРИМТУУД 2025/02/03
Утаа бол геноцид, Улаанбаатарын бүх хүн хохирогч нь! 2025/02/03