Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 10 дугаар сарын 19-22-ний өдрүүдэд төрийн айлчлал хийв.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал” болон хамтын ажиллагааны бусад баримт, бичгүүдэд гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чухал алхам боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Ф.Мерц, Берлин хотын дарга К.Вегнер, Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч А.Дийркс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга А.Хандшү нар тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн хамт Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг хамтдаа нээлээ.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг тус тус зохион байгууллаа.