Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Timesmn@gmail.com
2026/10/26

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

 УИХ-ын дарга С.Бямбацогт: Алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэдэг шиг өнгөрсөн өдрүүдэд маргалдлаа

 -УИХ-ын түвшинд олон талын зөрүүтэй байр суурь илэрхийлэгдсэний улмаас Засгийн газар өргөн барьсан нэг удаагийн хуулийн төслөө арга буюу эргүүлэн татсанд харамсаж байна. Монголчууд "Алаагүй баавгайн арьсыг хуваах" гэж ярьдаг шиг олох орлогоо хуваарилах тал дээр маргалдсаар эцэстээ аль ч үгүй хоцрох нөхцөл үүслээ. Иймд цаашид улсын төсөв батлах үеэр УИХ-аас Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн тогтоол гаргаж, ногдол ашгийг түргэн хугацаанд авах үйл явцыг баталгаажуулан, түүнийг эдийн засаг, иргэдийн амьдралд хамгийн үр өгөөжтэй байдлаар зарцуулах эрх зүйн зохицуулалтыг хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.Мөн түүнчлэн "Онтре"-гийн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, эсхүл шилжүүлэхээр тохирсон гэх яриа гарч байгаа ч энэ асуудлыг зөвхөн УИХ шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, тусгай зөвшөөрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсантай адил Засгийн газар холбогдох төслөө боловсруулан УИХ-д өргөн барьж, зөвхөн парламентын түвшинд хэлэлцэн эцэслэнэ. УИХ-ын шийдвэргүйгээр Засгийн газар дур мэдэн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ямар ч эрх зүйн боломж байхгүй. 

 Шадар сайд Н.Номтойбаяр: Сармагчны цэцэг өвчний оношилгоо дутмаг байна

 - Санкт-Петербург болон Москва хотуудад сармагчны цэцэг өвчний нийт зургаан тохиолдол бүртгэгдэж, холбогдох байгууллагууд хяналтдаа аваад байна. Харин Эрхүү хотод үүссэн нөхцөл байдлын хувьд урьдчилан таамаглаж байсанчлан уушгины тахал биш, харин ковидын төрлийн риновирус халдвар болох нь албан ёсоор тогтоогдсон байна. Тухайн үед тус чиглэлд Монгол Улсаас 1200 орчим тээврийн хэрэгсэл, 2148 иргэн зорчсон байсан. Энэ нь манай улсад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгооны техник хэрэгслийг нэн даруй бүрдүүлэх дохио болж байна. Одоогоор сармагчны цэцэг өвчнийг нарийн оношлох техник тоног төхөөрөмж улсын хэмжээнд дутмаг байгаа тул Засгийн газраас олон улсын байгууллагуудад хандан шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд ЗӨСҮТ байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Хууль бусаар ажилгүйдлийн тэтгэмж авах асуудал их гарч байна

 -Ажилгүйдлийн тэтгэмж сүүлийн гурван сар тасалдсан. 2026 онд 92 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан. 2027 онд Ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн төсвийг 192 тэрбум төгрөгөөр тооцож оруулж ирсэн. Тодотголын үеэр 2026 оны сүүлийн гурван сарын төсөв дээр 50 тэрбум төгрөг тавьж авсан. Он дуустал ажилгүйдлийн тэтгэмжийг саадгүй өгнө. Манай яамнаас ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой судалгаа явуулахад хууль бусаар тэтгэмж авч байгаа иргэд байна. Захиралдаа очоод та намайг халчхаач, гэхдээ би ажлаа хийсээр байна гэдэг. Нөгөө талдаа улирлын чанартай компаниуд үүнийг ашиглаж байна. Өвөл газар хөлдөж ажил нь зогсохоор "би чамайг халсан тушаал гаргаад хавар дахиад авна, энэ хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авчих" гэж байна. Тиймээс ажилгүйдлийн тэтгэмж авах шаардлагатай иргэдэд өгнө. Хууль бус зүйлийг бууруулах журмаа баталж авсан. Өмнө нь есөн сар ажилласан хүн 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байсан бол шинэ журмаар 12 сар ажилласан хүн 55 хоногтой тэнцэх тэтгэмж авна. Сайны хажуугаар саар зүйл байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг хийдүүлсэн асуудал байгаа учраас энэ жилийн төсөв хүрсэнгүй.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт:  Засгийн газар оройтсон ч гэсэн хуулийн төслөө эгүүлэн татсан нь сайн хэрэг

 -Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг эгүүлэн татсан нь зөв алхам боллоо. Би төсвийг анх өргөн барихад хэлж байсан. Бид Баялгийн сангийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Жил бүр хуульд өөрчлөлт оруулаад явах юм бол маш их үр дагавартай. Тухайн хуулийг Засгийн газрын саналаар өөрчилж болдог юм бол хууль санаачлах ёстой субьектууд өөрчлөх санал гаргавал популизмын уралдаан болдог. Энэ нь эдийн засгаа сүйрүүлэх сөрөг үр дагавартай. Иймээс Засгийн газар уг хуулийн төслөө эргүүлж татсан зөв алхам боллоо. Эрүүлээр харж чадсан гэж бодож байна. Яагаад гэвэл, хууль санаачлагч хуулиа татах эрхтэй. Төсвийг эрүүлжиж байна гэж харж байна. Нэг жилийн төсөв 25 хувиар нэмэгдсэн байхад хоёр их наяд төгрөгийн зардлаа бууруулж байна гэсэн үг. Харин арай эрт татсан бол зөв байх байлаа, гэхдээ огт хэрэгжүүлэхгүй байснаас оройтсон ч гэсэн хэрэгжүүлсэн нь зөв. 2027 оны төсөв үр дүнд хүрсэн, сөрөг хүчин ажлаа сайн хийсэн гэж харж байгаа.

 Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 203 (7945)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улстөрчдийн хэн юу хэлэв? 56 минутын өмнө
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12