Пусаны 31 дэх удаагийн Олон улсын кино наадамд “Зогсоол” бүтээлээрээ амжилттай оролцож, дөрвөн шагналын эзэн болсон найруулагч С. Бямбатай Marie Claireсэтгүүлийн хамт олон уулзаж, ярилцлага хийжээ. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
- Та энэ жилийн Пусаны ОУКН-ын Вишн хэсэгт шалгаран оролцож буй “Зогсоол” киног бүтээхэд таньд чухам юу нөлөөлсөн бол?
Бид ихээхэн төвөгтэй бөгөөд тогтворгүй цаг үед амьдарч байна. Их гүрнүүд болон үндэстэн дамнасан корпорацуудын ашиг сонирхлоос үүдсэн зөрчил мөргөлдөөнөөс ангид улс орон гэж бараг алга. COVID-19 цар тахал орчин үед улс гүрнүүд хийгээд хүмүүс хоорондоо урьд өмнө байгаагүйгээр нягт холбогдсоныг бидэнд ойлгуулсан. Ийм болохоор орчин үед хүмүүс эдийн засаг, мэдээлэл технологийн сүлжээгээр дамжин өөр хоорондоо хэрхэн гүнзгий холбогдсон талаар өгүүлэх нь чухал болжээ. Би алс бөглүү нэгэн сумын төвөөр дамжуулан энэ цагийн нэг нэгнээсээ хүчтэй хамаарах болсон дэлхий ертөнцийн тухай өгүүлэхийг зорьсон. Киноны үйл явдал өрнөх тусгаарлагдсан бяцхан сум улс төрийн жүжиг хувь хүний амьд үлдэхийн төлөөх тэмцэлтэй эсрэгцэх утгагүй атлаа гүнээ хүмүүнлэг эсрэг тэсрэгээр баялаг нэгэн ертөнц болон хувирна. Зогсоол бол эгэл жирийн хүмүүсийн амьдралд улс төр болоод эдийн засгийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байдгийг өгүүлсэн түүх юм.
- Уг киног бүтээх явцад таньд үлдсэн хамгийн тод дурсамж юу байсан бол?
Надад постпродакшн үеийн дурсамж сэтгэлд илүү тод үлджээ. Миний хувьд энэ бүтээл дээрээ Зүүн Өмнөд Азийн мэргэжилтнүүдтэй анх удаа хамтран ажилласан бөгөөд дууны найруулгыг Пномпеньд, өнгө тавилтыг Бангкокт хийсэн. Энэхүү хамтын ажиллагаандаа миний сэтгэл туйлын хангалуун байгаа. Учир нь зөвхөн уран бүтээлийн чанар дээд түвшинд бүтээд зогсолгүй хүн хоорондын чин сэтгэлийн харилцаа, тусламж дэмжлэгийг мэдрэх сайхан байсан. Камбож ба Тайланд улсын хооронд үүссэн хилийн мөргөлдөөний дараахан постпродакшн маань эхэлсэн нь энэ дурсамжийг минь илүү үнэ цэнтэй болгосон байх. Улс төрийн нөхцөл байдал хурцадмал байсан ч бид хамтран ажиллаж, нэг нэгнээ тусалж дэмжин, чин сэтгэлийн нөхөрлөл бий болсонд би хамгаас баяртай байсан. Ямар нэгэн том хүч хүмүүсийг хуваан талцуулж байхад ч хүн хоорондын харилцаа, эв нэгдэл бат бэх хэвээр үлдэж, нэг ёсондоо постпродакшны үйл явц киноны маань тусгал болсон.
-Та энэ бүтээлээрээ дамжуулан үзэгчидтэй юуг хуваалцахыг хүссэн бэ?
Миний бүх л кино “Хүн байна гэж юу гэсэн үг юм бэ?” гэсэн асуултад хариулах гэж оролддог. Хэдийгээр философийн мэт сонсогдож болох ч энэ бол миний хувьд их энгийн асуулт. Хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд хэрхэн бид хүн чанараа хадгалж үлдэх вэ? Нинжин сэтгэл, энэрэл хайр, ууч зөөлөн зан зэрэг нь мэдээжийн зүйл мэт боловч амьд үлдэхийн төлөөх тэмцэл дунд хүн чанараа авч үлдэх амаргүй. “Зогсоол”-ыг үзсэний дараа үзэгчид энэ тухай бодоосой гэж хүсэж байна. Тийм ч болохоор киноныхоо төгсгөлд оршихуйн хүнд ачаа дарамт хийгээд утга учиргүй мэт шинж чанарын дунд ч хүнд хүн хэвээрээ үлдэх сонголт байдгийг сануулахын тулд Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөмсөг оршихуй” романаас эшлэл авсан.
-Найруулагчийн хувьд кино бүтээх үйл явцыг юу гэж тодорхойлох вэ?
Миний хувьд энэ бол хүмүүстэй харилцах нэг хэлбэр, өөрийн ертөнцийг үзэх үзэл бодол, айдас, түгшүүр, аз жаргалтай мөчүүдээ бусадтай хуваалцах явдал юм. Би дотогшоо хүн. Тийм болохоор кино урлаг сэтгэлийг минь зовниулдаг асуултуудаа илэрхийлэх арга зам болдог. Кино бүтээнэ гэдэг өөрийн дотоод ертөнцийн үүд хаалгаа нээж, бусад хүмүүсийг урьж байгаа хэрэг юм.

- Таны хувьд кино урлагийн орлуулшгүй онцгой “хүч” нь юу вэ?
Надад кино урлаг ба цаг хугацаа хоёр хоорондоо онцгой харилцаа холбоотой санагддаг. Кино зөвхөн үйл явдлыг үзүүлэхээс гадна түгшүүртэй, нам гүм, дарамттай, айзам хэмнэлтэй гээд хором мөчүүд урсан өнгөрөх мэдрэмжийг барин авч чаддаг. Бодит цаг хугацаа ба дэлгэцийн цаг хугацаа хоёрын харилцаагаар дамжуулан кино зөвхөн ажиглах бус басхүү бие махбод болоод сэтгэл зүрхээрээ мэдэрч болох бодит байдлыг бүтээдэг. Ингэж кино үзэгчийг өгүүлж буй түүхийнхээ хөвөө хязгаараас ч чинадад хүргэдэг гэдэгт би итгэдэг. Дэлгэж дээр үзэгдэх агшин бидэнд харагдаж байгаагаасаа илүү ихийг, амьдрал, дурсамж, хүний оршихуйг агуулж чаддаг.
Нөгөө талаараа кино урлаг маш хүчтэй нийгмийн үзэгдэл. Кино урлаг хүмүүсийн нэг нэгнийхээ талаар болоод хорвоо ертөнцийн талаарх үзэл бодолд нөлөөлж чаддаг. Хүчийг хариуцлага дагах ёстой. Ялангуяа хиймэл оюун ухаан болоод технологи кино бүтээх үйл явц төдийгүй үзэгчийн киног хүртэх туршлагыг ч өөрчилж буй энэ үед юуг харуулах, хэрхэн харуулах, яагаад харуулах ёстойг гүнзгий ухамсарлах нь улам чухал болж байна.
- Найруулагчийн хувиар таны мөрөөдөл юу вэ?
Их энгийн. Найруулагчийн замналаа аль болох удаан үргэлжлүүлэхийг хүсэж байна. Үүний тулд нээлттэй, сониуч зангаа гээлгүй үлдэж, итгэл үнэмшил, амьдралд эрхэмлэдэг үнэт зүйлстээ үнэнч байх ёстой. Өнөөдөр зөвхөн кино бүтээх арга барил төдийгүй хүмүүсийн кино урлагт хандах хандлага, киноноос хүлээх хүлээлт ч өөрчлөгдөж байна. Кино урлаг бодит байдлаас түр зуур зугтах оромж биш харин түүнтэй нүүр тулах орон зай байгаасай гэж хүсдэг. Бодит байдалтай нүүр тулан гүн рүү нь ширтэж, өнгө төрхийг бүрэн дүүрэн танин мэдэж гэмээнэ бид өөрсдийгөө илүү сайн ойлгоно.