Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Timesmn@gmail.com
2024/03/19


Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдад нэр дэвшээд байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илрэлгүй 26 дахь жилдээ ороод байна.  Дунд нь, 2017 онд уг хэргийг Т.Чимгээ,Содномдаржаа нарт үүрүүлэн шүүхээр эцэслэж шийдсэн. Тэгэхдээ тэдэнд уг гэмт хэргийг хэн захиалсныг “илрүүлээгүй” байдаг.  Харин үүнээс хоёр жилийн дараа өөр нөхцөл байдал илэрсэн. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээлгэсэн болж таарсан. 

Энэ нь дээрх хоёр хүнийг цагдан хорьж байх үед хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд эрүүдэн шүүж буй бичлэг “олон нийтийн хүртээл” болсноор хэрэг явдал улам бүр тодорхой болсон.  ХҮЭК-ын 18 дахь илтгэлд ч энэ талаар багтсан. Тодруулбал, “...УИХ-ын гишүүн Л.Болд ХЭҮК-ын гишүүдэд “...С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэх” хүсэлт гаргасныг ТЕГ-т 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 12/4492 тоот албан бичгээр уламжилж шийдвэрлүүлсэн. УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Мөнхбаатар, О.Батнасан, Ц.Нямдорж нар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авсан. УИХ-ын гишүүн Л.Болдын хүсэлтийн дагуу С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн талаарх дүгнэлт гаргасан” гэсэн тайлан бий.

Удалгүй уг эрүүдэн шүүсэн үйл ажиллагааг гүйцэтгэсэн албан тушаалтнууд, алба хаагчдад шүүхээс хариуцлага тооцсон. Хэргийг ч шүүх дахин хэлэлцэж, “...Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар уг хэргийг үйлдээгүй. гэх дүгнэлтэд хүрсэн. Улмаар тэднийг суллаж, цагаатгаад байна.  Ингэснээр 1998 оны аравдугаар сарын 2-ны энэ хэрэг дахиад нэг “охин” хэрэгтэй болж хоцорсон юм. Өөрөөр хэлбэл, “...С.Зоригийг хөнөөсөн”, мөн “...Энэ хэргийг нэр бүхий хоёр иргэнд эрүүдэн шүүж үүрүүлсэн” гэх хоёр тусдаа хэрэг болсон.  1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан хэргийг шалгах “шинэ” ажлын хэсэг жил гаруй ажиллаж байгаа юм. “...Тэр ажлын хэсгийн үйл ажиллагаа нэлээд ахицтай явж, өмнөх ажлын хэсгүүдийн олж илрүүлээгүй олон фактыг гаргаж ирж байгаа” гэх албан бус мэдээллүүд бий. Үүний хүрээнд ч ЦЕГ-аас Засгийн газарт хүсэлт тавьж, 1998 оны аравдугаар сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны протоколыг ил болгуулсан биз. 

Тэгэхээр С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүд, ялангуяа уг хэргийг захиалагч удахгүй илэрч мэдэх л юм. Энэ сацуу, уг хэргийн талаарх албан болоод албан бус мэдээллүүд цацагдах бүрт “...Сонгууль болж байгаа учраас улстөржүүллээ” гэх бачимдал гарч ирэх болов. “...Хэн ингэж хашгирч байна вэ”, “...Ингэтлээ бачимдах хэн байх вэ” гэдгийг бас бодох л хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, нэгэнт уг хэргийг үйлдээгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирлоо тогтоолгохоор яваад эхэлсэн байна. Яг тэдний асуудлыг мухарлаж шийдвэрлэх тал дээр манай улсын хууль тогтоомж учир дутагдалтай аж. Тиймээс Т.Чимгээ нар Женев дахь Хүний эрхийн байгууллагад ханджээ. Тэрбээр С.Зоригийн хэрэгт гүтгүүлэн, эрүүдэн шүүлгэж, уг хэргийг хүлээснээ олон улсын хэрэг нээж өгөхийг хүсчээ. Тэндээс саяхан олон улсын өмгөөлөгчдийн баг ирж уулзаад явсан байна. Тэгэхээр удахгүй  “...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэж мэдэхээр болж байгаа аж.

Дээр хэлсэнчлэн Монгол Улсын иргэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шиг байдалд орохоос хамгаалах, эсвэл дараа нь хохирлыг тогтоож, нөхөн олгох тал дээр хууль эрх зүй хангалтгүй юм байна. Ийм эрсдэл байсаар байгаа гэсэн үг. Уг нь НҮБ-ын Эрүүдэн шүүхтэй тэмцэх тусгай илтгэгч Манфрэд Новак манай улсын Засгийн газарт “...Эрүү шүүлт, бусад хүнлэг бус харьцаанд өртөж хохирсон хохирогчид хангалттай нөхөн олговор болон хүртээмжтэй эмчилгээ, нөхөн сэргээлт авах нөхцөл бүрдүүлэх” зөвлөмжийг ирүүлж байжээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ч “...Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирогчдод олгох эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх”, “...Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирсон хохирогчид хангалттай хэмжээний нөхөн олговор болон нөхөн сэргээх үйлчилгээ авах нөхцөлийг хангах... нөхцөлийг бүрдүүлэх” тухай зөвлөмжийг 2015 онд өгсөн байгаа юм. Мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн UPR II циклээс эрүүдэн шүүх, бусад хүнлэг бус харьцаанаас ангид байх хүрээнд нийт 20 зөвлөмж хүлээж авч байжээ.

Гэсэн ч “...Энэ талаар тодорхой алхам хийгээгүй” гэж Хүний эрхийн байгууллагууд шүүмжилж дүгнэсээр байна. Тодруулбал, манай улсын хувьд “...Хараат бус мөрдөн шалгах албыг НҮБ-ын бүх шаардлагад нийцүүлэн нэн даруй байгуулах, ингэхдээ тусгай субъектийн үйлдсэн бүх хэргийг бус зөвхөн эрүүдэн шүүх, зүй бус харьцаатай холбоотой мөрдөн шалгах эрхийг олгох замаар дагнасан, мэргэшсэн, цомхон байх боломжийг хангах”, “…Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг Эрүүдэн шүүхийн эсрэг комиссын Нэмэлт протоколд бүрэн нийцүүлж, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангасан, хараат бусаар ажиллах, чиг үүргээ хэрэгжүүлэх хангалттай эрх хэмжээтэй, гаргасан шийдвэр, зөвлөмж нь хэрэгждэг байхаар зохицуулалтыг хуульд нарийвчлан тусгах”, “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүдэн шүүж олсон нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх, хууль бус тушаал, даалгавар биелүүлсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй байх талаар холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах, цагдан хорих байранд “гүйцэтгэх ажил” явуулахыг хориглох, мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой зөвшөөрлийг “шүүх” олгодог байх, зөвшөөрлийн хүрээ, хязгаарыг журмаар биш, хуулиар нарийвчлан зохицуулах”, “…Хохирол барагдуулах үндэсний тогтолцоог нэн даруй бий болгох, эдийн бус хохирлыг үнэлэх, тооцох аргачлалыг нэн даруй батлан гаргах, үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагуудад эдийн бус хохирол буюу сэтгэл санааны хохирлыг үнэлэх мэргэшсэн чиг үүрэг бүхий шинжээч эсхүл энэ чиглэлийн албыг байгуулж, ажилтнуудыг мэргэшүүлэн ажиллуулах замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” зэрэг зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай аж. 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 52 (7296)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээ… 22 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг с… 23 цагийн өмнө
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийти… Өчигдөр
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг… Өчигдөр
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн б… 2024/11/21
НЭР ТОМЬЁОНЫ ISO 704:2022 СТАНДАРТ ДЭМЖИГДхээр болжээ 2024/11/20
Доктор Д.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуу… 2024/11/20
ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой 2024/11/20
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалт… 2024/11/19
Ураны уурхайгаас болж мал амьтан хордож байгаа юу? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭДИЙН ЗАСАГ 2024/11/18
Эгийн голын УЦС төслийн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшэ… 2024/11/18
Хоолоо ямар тосонд шарах вэ? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД 2024/11/17
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК… 2024/11/16
Цацраг идэвхээс болоод олон толгойтой мал төрдөг үү? 2024/11/16
Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багта… 2024/11/16
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 2024/11/16
​“Скай хайпермаркет” ХХК Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр д… 2024/11/16