Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.4 хувьтай байна.
Тодруулбал, хотын захиргааны хуучин барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгон тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосны дагуу “Хүүхдийн ордон-II” буюу Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, шаардлагатай төсөв, хөтөлбөр, төлөвлөгөө болон захирамжийн төслийг боловсруулан, судалгаа шинжилгээний ажлыг хийж байна.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ажиллах 10 хяналтын пост, баталгаат бус замд 21 хяналтын пост байгуулан ажиллуулах захирамжийн төслийг боловсруулсан. Нийслэлийн 10 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд НЭМГ, ТЦА-ны ажилтнууд хяналт шалгалт, халдваргүйжүүлэлт хийж байна. Маршрутын бус 21 замд НОБГ, НЦУГ-ын хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 290,6 мянган толгой мал, амьтныг вакцинжуулж, 92 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хот тохижилтын аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тохижилтын ажлыг өргөжүүлж, нийт 2349 байгууламжид засвар үйлчилгээ хийлээ. Тодруулбал, 646 спорт тоглоомын талбай, 87 бичил цэцэрлэгт хүрээлэн, есөн цэцэрлэгт хүрээлэн, 279 чийрэгжүүлэх талбай, 34 нэршил бүхий талбай багтаж байна. Мөн 67 байршилд 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн долоодугаар сарын 1-ний байдлаар 12 төрлийн 638,943 ширхэг цэцэг тарьж байна. Гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанд Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын явц, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын явцын талаар танилцууллаа. Мөн хагас коксон шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлын явцын талаар танилцуулав. Түүнчлэн COP-17 үйл ажиллагааны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм.
Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын явцын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин танилцууллаа. Төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилгыг ашиглан нэг ээлжид 840 хүүхэд хоёр ээлжид 1680 хүүхдийг хотхоны бага сургуульд хамруулах боломжтой байгаа талаар мэдээллээ. 2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны саналыг долоодугаар сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авч байна. Сургуулийн зориулалтаар 46 хорооны нутаг дэвсгэрт саналыг хүлээн авах юм. Харин төрөлжсөн ахлах сургуулийг дөрвөн чиглэлд хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг өглөө.