Солонгос улсад ажиллаж амьдарч буй монголчууд төдийгүй Монгол Улсаас БНСУ-ыг зорин эмчлүүлэх монгол иргэдийн олонх нь “Чүнг-Анг” их сургуулийн дэргэдэх “Хьюндай” нэгдсэн эмнэлгийг зорин очиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ их авдаг. Тэгвэл тус эмнэлгийн хамт олон энэ сарын 7-нд манай улсад “Монгол Хьюндай” нэртэй салбар эмнэлгээ нээж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин” -оор БНСУ-ын Гэмтэл согог заслын зөвлөх эмч, хүүхдийн мэс засалч доктор профессор Ан ЖэИн эмчийг урьж, ярилцлаа.
-Та Монголд олон удаа ирж, хүүхдүүдийн гэмтэл бэртлийн яаралтай хагалгааг гардан хийх ажилд гар бие оролцож байсан. Анх хэдэн онд Монголд ирж байв, эдгэж эрүүлжсэн хүүхдийн тоо цөөнгүй байдаг байх?
-Баярлалаа. Юуны өмнө танай сониныг уншиж буй уншигчдад зориулан өөрийгөө товчхон танилцуулах хэрэгтэй болов уу.
Би эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж буй гэмтлийн эмч. Ихэвчлэн нуруу, үе мөчний гэмтэл бэртлийн чиглэлээр үздэг.
БНСУ-ын Ионсей Их Сургуулийг анх эмч мэргэжлээр төгсөж байлаа. Тухайн үед манай улсад хүүхдийн гэмтлийн эмч их байдаггүй, тоотой хэд байдаг байсан. Манай аав ээж “Эмч хүн мөнгөний төлөө ажиллаж болохгүй” гэж захидаг байсан учраас хүүхдийн эмч болсон. Ионсей их сургуулийн эмнэлэгт хүүхдийн эмчээр олон жил ажиллахдаа багагүй туршлага хуримтлуулсан. Монголд ирэх болсон шалтгаан гэвэл 2009 оны арваннэгдүгээр сард Монголд хөдөө орон нутгийн хүүхдүүдийн гэмтэл бэртлийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадахгүй хугацаа их алддаг, энэ чиглэлийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байдаг гэсэн мэдээллийг сонсож байлаа. Мөн үүнээс гадна ГССҮТ-өөс Монголд ирж ажиллах, эмч нарт сургалт явуулах, туршлага солилцох хүсэлт ирүүлж байсан учраас энэ сайхан нутагт ирж байлаа. Монголд ч бас хүүхдийн гэмтлийн эмч цөөн байдаг. Монголд цөөнгүй шавьтай, одоо ГССҮТ-д ажиллаж байгаа хэд хэдэн эмч бий. Тэд надтай үргэлж холбоотой байдаг. Зарим үед хагалгааны талаар эргэлзэж байгаа мэдэхгүй зүйлээ их асуудаг. Би мэдэх чадах зүйлээ харамгүй хэлж тусалсаар ирсэн. Одоо ч монгол эмч нартай хамтран ажиллаж, олон хүүхдэд эрүүл болоход нь тусалж байгаадаа баяртай байдаг.
-Тухайн үед Монгол ажиллахад ямар орчин нөхцөл угтаж байв?
-Анх Монголд ирэхдээ нэг зүйлийг их гайхаж байсан. Солонгост үздэг байсан хүүхдийн тоотой адил, тийм олон хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Тэгээд Монгол Улсад гэмтэж, бэртсэн, эмнэлгийн болон яаралтай хагалгааны тусламж үйлчилгээ авах хүүхэд олон байдаг юм байна гэдгийг олж харсан. Би 2009 оноос хойш таван жил тасралтгүй сард хоёр удаа ирж үзлэг оношилгоо, шаардлагатай хагалгаанд ордог байсан. Хүмүүс хүүхдээ үзүүлэхээр холоос, хот хөдөөнөөс их зорьж ирдэг байсан. Эргээд бодоход 15 жилийн өмнө өглөө 09:00 цагаас орой 23:00 цаг хүртэл хагалгаа хийдэг байсан.
Хагалгааны өрөөнөөс гарч ирэх үед эмнэлгийн урт хонгилд дүүрэн хүмүүс хүүхдээ тэврээд хүлээгээд сууж байдаг байсан. Тэр үед хөдөө орон нутгаас Улаанбаатарт 15 цаг зарцуулж ирсэн хүүхдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Энэ бүгдийг одоо ярихаар хүмүүс итгэхгүй ч байж мэднэ. Гэхдээ бодит байдал тийм л байсан. Мэдээж, эмч хүний баяр бол эмчлүүлсэн хүүхдүүд эдгээд алхдаг болохыг харах сайхан мэдрэмж. Тэр сэтгэл зүйгээрээ өдийг болтол ажилдаа шамдаж ирсэн. Тухайн үед олон хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлсэндээ талархдаг.
-Монголд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын гуравдугаарт осол гэмтэл ордог. Хүүхдүүдийн дунд уналт бэртэл, түлэгдэлт, зам тээврийн ослын шалтгаант өндөр хувьтай байдаг. Таны харж буйгаар манай улсад хүүхдийн ямар төрлийн гэмтэл бэртэл илүүтэй зонхилж байна гэж хардаг вэ?
-Монголд төрөлхийн үе мөчний эмгэгтэй олон хүүхэд эмчилж байсан. Тухайлбал, алхаж гишгэж чаддаггүй, эхийнхээ хэвлийд байхдаа тархины цус харвалттай, саажилттай болсон, тийм эмгэгтэй хүүхэд цөөнгүй эмчилж байсан. Энэ төрлийн өвчин Солонгост ховор байдаг. Харин Монголд их байсан. Орон нутагт төрөлхийн эмгэгтэй хүүхдийг ээж аав нь ихэвчлэн гэртээ хардаг юм билээ. Өөрөөр хэлбэл гадагш нь гаргахгүйгээр гэртээ асардаг. Мөн Монголд амьдарч байгаа эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай хүүхдүүд эдийн засгийн асуудалтай байдаг. Тэднийг хараад өрөвдөх сэтгэл төрдөг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэдгээр хүүхдүүдийг эмчлэх бодолд хөтлөгдөж явдаг даа.
-Төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийн эдгэрэх хугацаа харилцан адилгүй байх. Ер нь бүрэн эдгэрэх боломжтой юу?
- Эхийн хэвлийд бойжиж буй ургийн зарим эд эрхтэн үүсэн бий болох явцад ямар нэг таагүй хүчин зүйл нөлөөлж хэвийн хөгжих боломжгүй болсоноос эмгэг үүсэх байдлыг төрөлхийн гаж хөгжил гэдэг. Энэ төрөлхийн эмгэг, гаж хөгжил их олон төрөл байдаг бөгөөд эмчилгээ шаардлагагүй хөнгөн зэргээс эхлээд хөгжлийн бэрхшээлд хүргэж, эмийн болон мэс заслын эмчилгээ шаардагддаг хүнд зэргийн төрөлхийн гаж хөгжлүүд олон бий. Тиймээс хүүхэд тус бүрийн эмчилгээний үр дүн харилцан адилгүй, мөн эмчилгээ хийлгээд 100 хувь эдгэрэх баталгаа ч бас байдаггүй. Гэхдээ мэдээж үр дүнгээ өгдөг. Өвчний түүхээсээ шалтгаалж эдгэрэлтийн хугацаа өөр байна. Бидний зүгээс ямартай ч төрөлхийн гаж хөгжил, хөл гар үе мөчний эмгэгийг хагалгааны аргаар олон улсын түвшинд эмчлэхийг зорьдог. Хагалгаанд ороод 2-3 долоо хоногийн дараа алхдаг хүүхэд ч бий. Удаанд хугацаанд эдгэрдэг тохиолдол ч бий. Хүүхдийн зовиур нь бага ч гэсэн илааршиж, ээж аавын сэтгэл уужраасай гэсэн сэтгэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Өмнө би “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн нэг оролцогчдод эмчилгээ хийсэн. Үүний дараа үзүүлэх хүмүүс нэмэгдсэн.Харин одоо манай “Монгол Хьюндай” эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа учраас эмчлүүлэх хүмүүс харьцангуй цөөхөн байна.
-Монголд зарим өвчин эмчлэгдэх боломжгүй гээд гадны өндөр хөгжилтэй улс орныг зорих иргэд олон. Ялангуяа монголчууд бас гэмтэл бэртэл, нуруу нугас, үе мөчний хагалгаагаар мөн БНСУ-ыг их зорьдог. Хүүхдээ эмчлүүлэхээр Солонгос явдаг иргэд хэр олон байдаг вэ?
-Ер нь цөөнгүй бий. Солонгос эмч нарын ур чадвар, эмчилгээний тоног төхөөрөмжид итгээд, илүү найдвартай үр дүнг хүссэн иргэд их ирдэг. Солонгос руу очиж эмчлүүлэхэд эмчилгээнээс гадна байрлах байр зочид буудал, ар гэрийнхэний амьдрах зардал гээд урсгал зардал их гардаг. Энэ бүр зардлыг нь хэмнээд манай эмнэлэг Монголд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эмнэлгээ нээсэн. Манай эмнэлэгт бүтэн цагаар ажиллаж байгаа Солонгос эмч байхгүй. Бүтэн цагаар ажиллахад солонгос эмч нарт хаа хаанаа их хүндрэлтэй. Тиймээс хуваарийн дагуу Солонгос эмч нар Монголд ирж ажиллаж байна. “Монгол Хьюндай “эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар Солонгост зургаан сараас дээш хугацаагаар сургалтаар мэргэшсэн боловсон хүчин байдаг. Эмнэлгийн захирал маань БНСУ-ын туршлагатай эмч байдаг, насанд хүрэгчдээ хариуцан үздэг. Би хүүхдийн тусламж үйлчилгээг хариуцан үздэг. Харин захирал эмч маань байхгүй үед бүх өвчтөнөө үзээд эмчилгээ оношилгоог хийнэ.
-Монголд эмчлэхэд хүндрэлтэй хүмүүсийг БНСУ руу харьяа эмнэлэг рүү шилжүүлэх тохиолдол хэр гардаг вэ?
-Байлгүй яахав. Хавдартай өвчтөнд хагалгаа хийхэд их хэмжээний цус гардаг учраас Солонгос руу явуулна. Буцаад эх орондоо ирэхэд нь эмчилнэ. Ийм тохиолдол цөөнгүй бий. Би энд ажиллаж байгаа эмч нартаа зааж зөвлөж, тусалж ажиллана. Хагалгаанд орох шаардлагатай өвчтөндөө бид баасан, бямба гарагт тусламж үйлчилгээ үзүүлдэг. Би өөрийгөө төгс мэдлэгтэй хүн гэж боддоггүй. Гэхдээ олон хүүхдэд амьдрал бэлэглэсэн. Хүүхдийн эмчилгээ эрхэлж ажиллаж, номыг нь судалсан. Өөрийг сурсан мэдсэн зүйлээ ажилдаа зориулдаг. Миний бодлоор төрөлхийн эмгэгтэй харьцуулахад бэртэл гэмтэл эмчлэхэд харьцангуй хялбар. Манай Солонгост анагаахын салбар өндөр түвшинд хөгжиж байгаа. Тиймээс ч манай улсыг зорих иргэд олон. Мөн Монголд сайн эмч нар бий. Гэсэн ч эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч нарын ур чадварыг тасралтгүй сайжруулах нь чухал гэж хардаг. Би Монголын зарим томоохон эмнэлгүүд, шинэ залуу эмч нарт мэдэх чадахаа зааж, гарын авлага сурах бичгээр хангаж, өөрийн тус нэмрийг үзүүлж байгаадаа баяртай байдаг. Цаашид ч бас хамтран ажиллахдаа баяртай байх болно.
-Таныг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд багагүй цаг зарцуулдаг. Мөн анагаах ухааны салбарт томоохон оюуны хөрөнгө оруулалт болох олон арван сурах бичиг гаргасан гэж сонссон. Монгол эмч нарын ширээний ном болсон сурах бичигтэй бид бас танилцаж байсан?
-Би ном бүтээлд төвлөрч ажилладаг. Ингээд 2020, 2021, 2023 онд судалгааны номоо гаргаж байсан. Одоогоор хоёр ном гаргасан байдаг. Харин сүүлийн үед эрдэм шинжилгээний ажил, ном бүтээл гэхээсээ илүү эмчилгээндээ илүү их анхаарч ажиллаж байна. Өөрийн цагаа хүүхдүүдийн эмчилгээнд зориулна гэж бодож байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард АШУИС-ийн гэмтлийн эмчээр мэргэшиж байгаа оюутнуудыг урьж эмнэлэг дээрээ сургалт явуулсан. Тухайн үед эмч маань намайг Монголд түргэн ирж, АШУИС-ийн оюутан, дүүргийн эмнэлэгт зөвлөх санал тавьж байсан. Цаашид цаг зав гарвал сургалт явуулах бодол бий.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 141 (7385)