Технологийн өндөр хөгжлийг дагаад дэлхийн хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлт эхэлсэн бол өнөөдөр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бас нэгэн том шилжилт өрнөж байна.
НҮБ-аас тогтмол шинэчлэн гаргах болсон "Уур амьсгалын өөрчлөлтийн толь бичиг" өдөр тутмын гарын авлагад уур амьсгалын өөрчлөлттэй зайлшгүй тэмцэх шаардлагатай болсон өнөө цагийн шинэ хандлага, нэр томъёог багтаадгаараа ач холбогдолтой. Тэгвэл 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нд шинэчилсэн уг гарын авлагаас "Ногоон ажлын байр" гэсэн томъёолол анхаарал татаж буй юм.
Уур амьсгалын өөрчлөлт нь хүн бүрийн амьдралд нөлөөллөө үзүүлж байгаа учраас нийтээрээ тэмцэхээс өөр аргагүй. Энэхүү сорилт нь улс орнуудыг боломжит бүх шийдлийг эрэлхийлж, бэлтгэл ажлаа хангахыг хүссэн хүсээгүй шаардаж буй юм.
Тийм ч учраас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж буй зохистой ажлын байр бий болгох нь өнөөгийн тренд болж байна.
Сэргээгдэх эрчим хүч гэх мэт ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, дахин боловсруулалт хийх зэрэг байгаль орчинд ээлтэй үйл явцад бий болж буй ажлын байрууд дээрх ангилалд хамаарах нь. Түүчлэн эрчим хүч, материал, түүхий эдийн үр ашгийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, хог хаягдал, бохирдлыг багасгах, экосистемийг хамгаалах, сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох үйл ажиллагааг дэмжих зэрэгт ногоон ажлын байрны ач холбогдол нь оршиж байна.
Хэрэв зөв зохицуулалт хийж чадвал 2050 он гэхэд дэлхий даяар 300 сая гаруй ногоон ажлын байр шинээр бий болох боломжтой талаар хөдөлмөрийн зах зээлийн томоохон шинжээч Deloitte онцолжээ. https://action.deloitte.com/insight/3340/an-overview-of-green-job-growth
2015-2021 онд ногоон ажлын байр 9.6%-аас 13.3% болж 40 орчим хувь өсөхөд сэргээгдэх эрчим хүчний салбар хамгийн гол нөлөөл үзүүлснийг мөн дурдсан байна.
Ногон эрчим хүчний салбарын ажлын байрны тоо: https://www.statista.com/chart/31242/employees-in-the-renewable-energy-sector/
(Сэргээгдэх эрчим хүчний салбарын ажилтны тоо, саяар)
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг(IRENA)-ийн тооцоогоор сэргээгдэх эрчим хүчний салбар 2020-2021 онд л гэхэд 700 мянган ногоон ажлын байр бий болгосон бол 2022 онд тус салбарын ажилтнуудын тоо 13.7 саяд хүрч дээд амжилт тогтоожээ. Өөрөөр хэлбэл, энэ салбарт ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх нөөц боломж маш их байна. IRENA-гийн ерөнхий захирал Франческо Ла Камера “Сая сая ажлын байр бий болгоход эрчим хүчний шилжилтийн технологид илүү хурдацтай хөрөнгө оруулалт шаардлагатай” гэдгийг онцолжээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн 130 гаруй орон 2050 он гэхэд net zero буюу хүлэмжийн хийн ялгаралгүй болох зорилт тавьж, энэ хүрээндээ эрчим хүчний шилжилт хийж байгаа нь салбарын хөдөлмөрийн зах зээлд том хөдөлгөөн бий болгож байгааг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA) дурджээ. Ялангуяа Нүүрстөрөгч багатай технологид хөрөнгө оруулах гэдэг нь шударга эрчим хүчний шилжилтийн хүрээн дэх ажлын байрыг бий болгох бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг бий болгож, тогтвортой хөгжлийг дэмжинэ гэдгийг IAEA-ийн Төлөвлөлт, эдийн засгийн судалгааны хэлтсийн дарга Анри Палере мөн онцолсон байна.
ОУВС-гийн баримт бичигт дурдсанаар цөмийн эрчим хүчний хөрөнгө оруулалт нь цэвэр эрчим хүчний салбарын аль ч эх үүсвэрээс хамгийн их эдийн засгийг үржүүлдэг гэж үзжээ. Салхины эрчим хүчтэй харьцуулахад нэгж эрчим хүч үйлдвэрлэхэд цөмийн эрчим хүч нь 25%-аар илүү их ажлын байр бий болгодог тухай уг судалгааны нийтлэлд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүч нь тогтвортой хөгжлийн зорилгод нийцэх хамгийн цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэхийн зэрэгцээ ногоон ажлын байрыг хамгийн ихээр бий болгох боломжтойг олон улсад ийнхүү тодотгожээ. https://www.iaea.org/newscenter/news/towards-a-just-energy-transition-nuclear-power-boasts-best-paid-jobs-in-clean-energy-sector
“Бадрах Энержи” компани ногоон ажлын байрыг нэмэгдүүлж байна
Дэлхийд шинэ тутам энэхүү ойлголтоос Монгол Улс хоцроогүй, хувийн хэвшлүүд хувь нэмрээ оруулаад явж байгааг "Бадрах Энержи" компанийн жишээ харуулна. Тус компанийн үйл ажиллагаа байгаль орчинд ээлтэй байгаа нь ногоон ажлын байр нэмэгдүүлэх хөшүүрэг болж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийд хамгийн цэвэр буюу нэг ч тонн нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр эрчим хүч үйлдвэрлэж буй цөмийн энергийн салбарын гол түүхий эд болох ураныг "Бадрах Энержи" компани олборлохоор хөрөнгө оруулалтын гэрээгээ эд хэлэлцэж байна. Энэ 2024 ондоо гэрээ зурагдаад төсөл хэрэгжээд эхэлбэл 2028 онд үндсэн олборлолт эхлэх юм. Ингэснээр жилдээ 2500 хүртэл тонн ураныг газар доор уусган олборлох аргаар олборлоно. Цэвэр эрчим хүчний түүхий эд болох ураныг ийнхүү байгальд хамгийн нөлөө багатайгаар олборлохоос гадна "Зөөвч-Овоо" төслийн хүрээнд ногоон ажлын байр бий болохоор байгаа юм.
“Бадрах Энержи” компани эрчим хүчний хэрэглээгээ өөрөөсөө хангах зорилттой ажиллаж байна. Тухайлбал, газар доор уусган олборлох технологийн гол түүхий эд болох хүхрийн хүчлийг тус компани өөрсдөө үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа талаар “Бадрах Энержи” ХХК-ийн Уул уурхайн асуудал эрхэлсэн менежер А.Баярмаа Mongolia Mining Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хүхрийн хүчил үйлдвэрлэх цехийг байгуулснаар үйлдвэрээс гарах халуун уурыг ашиглан 5 МВт эрчим хүчний хэрэглээгээ эндээс хангах боломжтой болох аж. Энэ нь тус уурхайн нийт эрчим хүчний хэрэглээний 40 хувьтай тэнцэх бол үлдсэн 60 хувийг нар, салхи гээд сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. Ингэхээр “Бадрах Энержи” компанийн ирээдүйн уурхай олон улсын шилдэг норм стандартаар байгальд ээлтэй байхаар төлөвлөгдөж байна.
Энэ бол Монгол Улсын нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 70 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг эрчим хүчний салбарт маш том дэвшил бол нөгөө талаараа ногоон ажлын байр бий болгоход оруулах үнэтэй хувь нэмэр юм.
“Зөөвч- Овоо” төсөл хэрэгжсэнээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 1600 гаруй шууд болон шууд бус ажлын байр шинээр бий болно гэсэн тооцооллыг “Бадрах Энержи” компани гаргасан. Тэгвэл олон улсад тодорхойлсноор дээрх бүх орон тоо ногоон ажлын байрыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нөхцөлийг бүрдүүлэх нь.Ногоон ажлын байрны цаашдын хандлага ба шинэ ур чадвар
“...Ногоон ажлын байрны зах зээл өргөжин тэлэхийн хэрээр улс орнууд ажиллах хүчиндээ ногоон ажлын байранд шаардагдах тодорхой ур чадвар, боловсролыг олгох ёстой. Иймээс залуучуудыг ирээдүйн ногоон ажилд бэлтгэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, нүүрстөрөгчийн давхар исэл ихээр ялгаруулдаг салбарт ажиллагсдыг дахин мэргэшүүлэх хөтөлбөрүүдэд хамруулах замаар үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Ингэснээр улс орнууд нүүрстөрөгчийн ялгарал багатай нийгэмд эрх тэгш, хүртээмжтэйгээр шилжих, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нөхцөл бүрдэнэ” хэнээн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн толь бичигт тодорхойлсон байна.
Цаашдаа ногоон ажлын байрт шилжиж, карьераа тодорхойлох шинэ цаг ирснийг энэ тодорхойлолт илтгэж байгаа юм.
Хөгжиж байгаа орнуудын хувьд ирэх 2030 он хүртэл дараах ногоон ажлын байрууд шинээр бий болох боломжтой байгааг statista.com гаргажээ. Үүнд хотын ногоон тээврийг хөгжүүлэх, ухаалаг хөдөө аж ахуйг өргөжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих, хүлэмжийн хий бага ялгаруулж хог хаягдлыг боловсруулах чиглэлд хөрөнгө оруулах зэргийг онцолсон байна.
Тэгэхээр улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүхий л чиглэлд хүчин чармайлт гаргахын тулд ногоон ажлын байрыг нэмэгдүүлэхэд санаачилга гаргахын зэрэгцээ дээрх чиглэлд шинэ ур чадваруудыг бий болгох нь чухал болоод байна. https://www.statista.com/statistics/1258751/new-direct-jobs-by-sector/
Ц.Тамир
Медиа аналист