18 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам 2026 оны 10 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Кино наадам нь Канн, Берлин, Торонто, Сандэнс зэрэг дэлхийн нэр хүндтэй наадамд шалгарсан, орчин үеийн кино урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй дэлхийн шилдэг бүтээлүүдээс сорчлон монгол үзэгчдэдээ хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой билээ.
Энэ жил наадмын хүрээнд нийт 18 кино бүтээл Тэнгис кино театрт үзэгчдийн хүртээл болно. Наадмын "Эртэч шонхор" багц тасалбарыг 10-р сарын 1 хүртэл ticket.mn-ээс, энгийн тасалбарыг Тэнгис кино театраас худалдан авна уу. Наадмын дэлгэрэнгүй хөтөлбөрийг www.ubiff.mn сайт болон www.facebook.com/UBIFF хуудсаас авах боломжтой.
Наадмын уран сайхны зөвлөлөөс нээлтийн киногоор сонгосон 2026 оны Каннын кино наадмын "Алтан далдуу мод" шагналт, найруулагч Кристиан Мунжиугийн "Фиорд" бүтээлийг Skywing болон Тэнгис кино театрт толилуулна.
Монгол киноны уралдаант хэсэгт энэ жил нийт 16 бүтээл ирснээс таван киног "Монгол кино хөтөлбөрт" шалгаруулж, үзэгч олонд толилуулна. Түүнчлэн наадамд бүтээлээ ирүүлсэн нийт уран бүтээлчдээс зургаан төрлөөр шилдгийг тодруулж, 2026 оны 10-р сарын 22-нд Хангарди шагнал гардуулах ёслолын үеэр нийтэд зарлана.
Монголын сор, сонгодог уран бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад дахин өргөн дэлгэцээр толилуулж, уран бүтээлчдийг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх зорилготой "Үзэхийн хязгаар" хэсэгт энэ жил нэрт найруулагч, зохиолч Ичинхорлоогийн Нямгаваагийн бүтээлийг онцлон, "Гарын таван хуруу" (1983), "Нандин эрдэнэ" (1986) киног 10 дугаар сарын 17-нд Тэнгис кино театрт ганц удаа толилуулна.
Олон улсын уран сайхны болон баримтат кино үзвэрийн хүрээнд Франц, Герман, Итали, Польш, Австри, Румын, Норвеги, Япон, Хятад, Финланд, Монтенегро зэрэг улсын 2025-2026 онд бүтээгдсэн шилдэг 11 киног толилуулна. Тухайлбал, 2026 оны Каннын кино наадмаас шилдэг найруулагч шагнал хүртсэн Павел Павликовскийн "Эцгийн нутаг"; мөн Каннын кино наадамд өрсөлдсөн Асгар Фархадигийн "Зэрэгцээ түүхүүд"; Берлиний “Алтан баавгай” шагналд өрсөлдсөн “Рөүз”; мөн шинэ залуу найруулагчдын анхны бүрэн хэмжээний бүтээл “Бид хар гарагаас ирсэн” анимэ, "Үл таних охин", “Вивалди бид хоёр” УСК; Японы зохиолч Каваками Миекогийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн “Дурласан бүхэн гүн шөнөөр” зэрэг бүтээлүүд багтана.
Мөн монгол кино уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын чанартай бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилгоор баримтат кино сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Арга хэмжээнд Эстонийн продюсер Пиллэ Рюнк (Allfilm), Өмнөд Солонгосын продюсер, найруулагч Элли Хан Сон Хи (Busan Asian Film School, AFiS), Словакийн найруулагч Томаш Крупа нар оролцоно. Мөн найруулагч Томаш Крупагийн “Амьд үлдэх тэмцэл” баримтат киног толилуулах ба уг кинонд Австрали, АНУ, Грийнландын ард иргэд уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож буй тухай, түүнчлэн Монголын говьд мод тарьж, баян бүрд байгуулсан Дэмчигийн Бараадууз агсаны үйл хэргийг өгүүлсэн аж.
Наадмын хүрээнд "Киноны нүүдэл" олон улсын кино хөгжүүлэлтийн 2026-2027 оны хөтөлбөрийн нээлтийг зохион байгуулна. Тус хөтөлбөрт нийт 30 монгол кино уран бүтээлчийг шалгаруулж, олон улсад кино төслөө хөгжүүлэх, дэлхийн кино урлагийн сан, түгээгчдэд төслөө танилцуулах, улмаар нэр хүндтэй кино наадмуудад оролцох боломж олгох юм. Есөн сарын хугацаанд үргэлжлэх тус хөтөлбөрөөс шилдэг гурван төсөл Берлин, Локарно кино наадамд оролцож төслөө танилцуулах эрх авна.
Кино сонирхогч та бүхнийг “Улаанбаатар” олон улсын кино наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Наадмын хамтрагч ба дэмжигчид
НЗДТГ, Франц Улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте-Институт, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Итали Улсын Элчин сайдын яам; Италийн Соёлын Хүрээлэн, Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам.