Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Timesmn@gmail.com
2026/09/25

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцлээ. Үүний зэрэгцээ Оюутолгойгоос авах ногдол ашиг, түүнийг хэрхэн зарцуулах, Засгийн газрын өр, цалин тэтгэвэр, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогын талаар эрх баригч болон сөрөг хүчний байр суурь зөрөв. Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас “Улстөрчдийн хэн нь юу хэлэв?” буландаа онцлон хүргэж байна.

 Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

 -Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа зээл, санхүүжилтийн бодлогыг цаашид илүү оновчтой болгож, үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ. Засгийн газар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг хангах, экспортыг өсгөх чиглэлд бодлогоо үргэлжлүүлнэ.

Хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн төсвийн дэмжлэгт найдах бус, хувийн хэвшил болон банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Үйлдвэрлэгчдэд хүрэх зээлийн нөхцөлийг сайжруулж, бодит үйлдвэрлэл, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого баримтална.

 УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр

 -УИХ ажлаа хийхгүй бол тарсан нь дээр гэж би хувьдаа бодож байна. Үнэндээ залхаж байна. Иргэддээ хуулийн төслөө танилцуулж, хэлэлцүүлгээ хиймээр байна. Төсвөө баталмаар байна. Гэтэл бүх ажил гацчихлаа.Сандал, суудлын асуудал ярихаар гишүүд бүгд ороод ирдэг. Харин ажлаа хийх гэхээр хийдэггүй. Тиймээс УИХ тарах асуудлаар D-Parliament системд санал гаргах талаар бодож байна.

 УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Оюутолгойн ногдол ашиг иргэдийн хуримтлалын дансанд байрших ёстой

 -Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд хуулийн дагуу байршуулах ёстой. Оюутолгойн орлого тодорхой болоогүй байхад хэлцэл хийсэн нэрийдлээр гурван их наяд төгрөгийн асуудал ярьж байна. Компанийн тухай хуулиар ТУЗ шийдвэр гаргасны дараа хэлэлцэх ёстой.Ирэх онд Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг 10 аймгийн дулааны цахилгаан станц болон VI цахилгаан станц зэрэг төсөлд зарцуулах асуудал яригдаж байна. Үүнийг бид хууль зөрчсөн гэж үзэж байгаа.Мөн 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвөөр нийт 21 их наяд төгрөгийн нэмэлт өр бий болгох эрсдэл үүсэж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн суурь тэнцэл ашигтай байх, урсгал зардал ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх, төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш гурван сарын дотор өөрчлөхгүй байх зэрэг шаардлага бий. Эдгээр зохицуулалтыг өөрчлөх гэж байгааг бид эсэргүүцэж байна.

 УИХ-ын гишүүн Ө.Шижир: УИХ тарвал таръя, дахиад сонгууль хийвэл хийнэ л биз

 -МАН-ын дотоод хуваагдал улс орныг бүхэлд нь хөмөрлөө. Эд нарт монголчуудын ахуй амьдрал хамаагүй, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө байгааг харлаа.Тиймээс УИХ тарвал таръя. Ер нь тарсан ч яадаг юм. Их хурлаа тараагаад дахиад сонгууль хийвэл хийнэ л биз, айгаад байх зүйл юу байна. Хариуцлага тооцъё, үр дүн нэхье. УИХ-ыг тараах санаачилгыг би гаргая.

 АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: ОХУ-аас авах шатахуунаас 25 мянган тонн дутуу байна

 -Есдүгээр сарын шатахууны захиалгаа ОХУ, БНХАУ, БНСУ гэсэн гурван улсаас хангалттай хэмжээнд нийлүүлэхээр гэрээлсэн. Нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа ч ОХУ-аас хоёр хоногийн хугацаанд тээвэрлэлт багассантай холбоотойгоор түгээлтэд саатал үүссэн. ОХУ-аас орж ирэх бүтээгдэхүүний хэмжээгээр авч үзвэл 25 мянган тонн дутуу байна. Үүнийг нөхөж, бүтээгдэхүүнийг бүрэн хэмжээгээр нь ачиж өгөх саналыг ОХУ-ын талд тавьсан. ОХУ-ын нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ, БНСУ-аас мөн шатахуун татан авч байна. БНХАУ-аас АИ-92 төрлийн 8000 тонн автобензин орж ирсэн. Ингэснээр хэвийн үеийн горимд шилжих боломж бүрдэнэ. Дунджаар өдөрт 50 вагон шатахуун ачигдан ирж байгаа учраас ердийн хэрэглээг хангах боломжтой. Харин тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй байна.

 Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 181 (7923)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ 11 минутын өмнө
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 1 цагийн өмнө
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор э… 2026/09/22
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав 2026/09/22
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 2026/09/21
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 2026/09/21
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11