Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Timesmn@gmail.com
2025/08/22

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

 -Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээ, ач холбогдлын талаар  та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Дэлхийн чиг хандлага уламжлалт анагаах ухааны эмчилгээ тэр дундаа зүү эмчилгээг европ эмчилгээтэй хослуулах байдал дэлгэрээд удаж байна. Монголчууд эрт дээр үеэс зүү эмчилгээг хэрэглэж, үр дүнг нь мэдэрсээр ирсэн. Зүү эмчилгээ нь хүний биеийн гадаргууд байрлах суваг, хэрдэс, биологийн идэвхтэй сүвнүүдийг сэдээх замаар тухайн хэсэг газраас биологийн идэвхтэй бодис ялгарч арьсанд байх мэдрэл, тунгалгийн болон цусны бичил эргэлтийг сайжруулснаар эрхтэн системийн үйл ажиллагааг тэгшитгэн энерги, цусны үйл ажиллагааг хэвийн тэнцвэрт оруулж өвчин эмгэгийг эмчилдэг эмчилгээний арга юм.

-Зүү эмчилгээгээр ямар өвчин эмгэгийг эмчилж анагааж байгаа вэ?

-Зүү эмчилгээ нь өвдөлт намдааж, тайвшруулдаг учир нурууны өвдөлтийг анагаахад маш үр дүнтэй гэдгээр хүмүүст их танигдсан. Мөн мэдрэлийн талын өвчин зовуурийн үед зүү эмчилгээг өргөн ашигладаг. Орчин үеийн анагаах ухаанд зүү эмчилгээнд мэдрэлийн болон дархлаа тогтолцооны хариу урвал идэвхиждэг гэдгийг баталсан байдаг. Зүү эмчилгээг хийхийн тулд эхлээд хүнээ үзэж оношилно. Оношоо тавьчхаад энэ хүнд ямар зүү тавих вэ. Тухайн хүний бие махбод ямар зохицолдлоготой байна. Аль цэгийг сонгох вэ гээд зүү эмчилгээ их нарийн горимтой. Зүү эмчилгээ нь хүний идэвхтэй цэг дээр зүү хатгахад бага тархинд мэдээлэл очиж, бага тархинаас ирсэн эерэг хариу урвал тэр хавийнхаа цусан хангамжийг сайжруулах, гормоны үйл ажиллагааг тэгшитгэх, дархлааг сайжруулах, хүний нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй.

 -Эмчилгээ хийлгэх үед ямар нэг гам дэглэм барих уу. Анхаарах зүйлс байгаа юу?

 -Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг. Зүү эмчилгээний дараа хий цус энергийн урсгал сэргэдэг тул энэ үр дүнг хадгалах нь чухал гэж үздэг. Хэдийгээр зүү эмчилгээ нь хүний биеийн эрүүл мэндийг сэргээх гайхамшигтай арга боловч зөвхөн эмчийн тавьсан зүү эмчилгээг хийлгээд бүх зүйл дуусдаггүй гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, гам баримтлах нь эдгэрлийг түргэсгэж, өвчний дахих, сэдрэх эрсдэлийг бууруулж, биеийн дархлааг сайжруулж хүчтэй болгож өгдөг гэсэн үг. Стресс нь энергийн урсгалыг саатуулж, эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг тул сэтгэл санааг тайван байлгах, салхи бороонд норохгүй, цохиулж даарахгүй байх, эрүүл, тэжээллэг хоол идэх хэрэгтэй. Мөн эмчилгээний дараа 7-12 цаг дотор усанд оролгүй, хөлрөхөөс зайлсхийх, 24-48 цагийн турш биеийн хүч шаардсан дасгал хийхгүй байхыг зөвлөдөг. Хооллолтын хувьд хөнгөн шөл, будаа, ногоотой хоол хамгийн тохиромжтой байдаг бол хэт тослог, хурц, шарсан хоолноос түр хугацаанд зайлсхий нь зөв. Архины хэрэглээ нь судлуудыг агшааж, эмчилгээний үр дүнг муутгах учраас зайлсхийх шаардлагатай байдаг. Хөл нүцгэн явах, хүйтэн газар суух, хүйтэн ундаа хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Хэрвээ толгой эргэх, халуурах, өвдөлт нэмэгдэх зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай.

-Хүмүүс зүү эмчилгээ хийлгээд усанд орж болохгүй гам алдана гэдэг ойлголт их байдаг шүү дээ?

-Зүү эмчилгээ хийлгэсэн хүн гамыг маш сайн барих ёстой. Хүйтэн салхи, хүйтэн бороонд явж болохгүй, зуны цагт голын усанд орохыг хориглодог ч халуун усанд бол орой унтахын өмнө орж болно. Зүү тавиулсны дараа сайхан халуун цай юм уу халуун шөл уучхаад нэг цаг амрах хэрэгтэй. Харин зүү тавиулчхаад бороонд нороод, хүйтэн салхинд цохиулаад байх юм бол хамаг яс нь янгинаж, гам алдаж эмчилгээ үр дүнгүй болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 155 (7652)



 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 18 цагийн өмнө
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 21 цагийн өмнө
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04