Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Timesmn@gmail.com
2025/04/18

 Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн төсөл уржигдраас нийгмийн сүлжээнд гарч ирж “задарсан” юм. Тэндээ баахан хэлэлцүүлэг өрнөв. Ерөнхийдөө, “Нисэх буудал Оросын хараат байдалд орчихлоо” гэцгээв. Энэ дүгнэлт өчигдөр УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр бас яригдав. Эрхэм гишүүд ч яг ийм байр суурь илэрхийлцгээв. “…Яагаад ийм хэлэлцээр болчихов оо. Ард нь яг ямар ашиг сонирхол байна вэ” гэцгээлээ. Бараг насаараа УИХ-д сууж байгаа гишүүн хүртэл ингэж жүжиглээд сууж байх юм. Уг нь Монгол Улс маань анх 1920-иод онд бензин хэрэглэж эхэлснээсээ хойш нефтийн бүтээгдэхүүний тал дээр Оросоос 99 хувь хараат явж ирсэн шүү дээ. Монголын бензин, дизель түлшний бүх хэрэглээг хэдэн импортлогч компани авчирч дамлан худалдаалдаг. Тэгж л амьдарцгаадаг. Оросоос ирдэг бензин тасрахад малчид малдаа явж чадахаа больдог. Ер нь бол, манай улс нефть хайгаад бензинээ хийхгүй бол “Нисэх” байтугай хараат болчихсон шүү дээ. Тийм л хамааралтай байдаг. Нисэх буудлын бензинийг Булганы нэг гишүүн асаны компани олон жилийн туршид Оросоос дамлан нийлүүлж ирсэн. Саяхнаас төр өөрөө шууд худалдаж авдаг болсон. Товчдоо, манай бензин, тосны хэрэглээ иймэрхүү л зүй тогтолтой. Тиймээс УИХ дээр гишүүд нь ийм тэнэгрэл яриад сууж байх нь зохимжгүй байна. Түүний оронд нефтийн хайгуул хийх эрх зүйн бололцоог бий болгоод өгчих л дөө. Тэгээд дээрээс нь нефть боловсруулах үйлдвэрүүдийг нөөцийг нь дагуулаад том, жижгээр нь хэд хэдийг бариулах хуулийн төсөл санаачлах хэрэгтэй юм. Угаасаа, УИХ-ын гишүүдийн үүрэг нь, чадах нь тэр.

Монгол Улс өнөөдөр жилд 1-1.2 сая тонн түүхий нефть олборлож, Хятадад экспортолдог. Гэснээ, нефтийн бүтээгдэхүүнээ бараг 100 хувь Оросоос импортоор авдаг. Гэтэл, манай газар нутагт нефтийн хайгуул хийх боломжтой 33 талбай байдаг юм байна. “…Нефтийн хайгуулыг эрчимтэй хийж чадвал дээрх таамгийг батлахын зэрэгцээ илүүг олох найдлага бий” гэдгийг мэргэжлийнхэн хэлээд л байна. Үүнээс гадна, Дорноговийн Алтанширээд баригдаж байгаа нефтийн үйлдвэрийг барихад УИХ чадлынхаа хэрээр бүх боломжийг хангаж өгөх ёстой. Нефтийн үйлдвэрийн дарга нь үнэнээ яриад үнэ хөлс яриад ороод ирэхээр өөдөөс нь хулгай зэлгий ярьж дайрсаар байгаад ажлыг нь гацаачихна. Энэ дэлхийн үнэ өртөг ямар хурдан хөдөлж байгааг хүүхэд ч мэддэг болсон цаг шүү дээ. Бас, АМГТГ гэж нефтийн хайгуул биш, нефть импортлогч компаниудын хэвлэлийн төлөөлөгч шиг болчихсон газар байна. Бензин тасрахаар л бөөн ажил болж импортлогч, иргэд хоёрын дунд гүйдэг. Тэдэнд хууль эрх зүйг нь гаргаад өгчихвөл хайгуулаа өргөтгөөд олсноо түшиглээд үйлдвэрүүдийг бариад унавал манайх бензиний хэрэглээгээ маш богино хугацаанд дотроосоо хангадаг болчихно. Өөрөөр хэлбэл “…Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг шиг өөрсдөө нефть хайж олоод түүгээрээ бензин тосоо хийхээс нааш “…Оросын хараат” гэдэг бодит байдлаас бултах аргагүй юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 72 (7569)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол Өчигдөр
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… Өчигдөр
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09