Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт ба дундаж наслалт

Timesmn@gmail.com
2024/10/17

Аз жаргалтай эр хүн гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ. Энэ үг таны чихэнд харь үг мэт хол сонсогдож байгаа байх. Магадгүй энэ тухай ярьсан эрэгтэй хүнийг юундаа шалчиганаад байгаа юм гэх байх. Өөрөөр хэлбэл, аз жаргал гэдэг зүйл эрчүүдээс маань алсран оджээ. Харин тэд эхнэр, хүүхдээ л амар тайван, аз жаргалтай амьдруулахын төлөө зүтгэж байна. Гэвч эрчүүд өөрт тохиолдсон асуудлыг “Эр хүн юм чинь даваад л гарах ёстой” гэх нь өнөөгийн нийгмийн бодит үнэн.

Манай улсын нийт хүн амын 49 хувийг эрчүүд, 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Тэгвэл эрчүүдэд тулгамдаж буй хамгийн том асуудал бол тэдний наслалт юм. Тодруулбал, манай улс эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдлаараа дэлхийд 12-т ордог. Энэхүү зөрүү 1994 онд 4.6 байсан бол 2022 онд 9.4 жил болж нэмэгдсэн бөгөөд дундаж наслалтын хүйсийн зөрүү урт хугацаандаа нэмэгдсээр байна. Даян дэлхийн улс орнууд НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганаар “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг батлахдаа “Жендэрийн тэгш байдлыг хангах” зорилгыг дэвшүүлж хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн билээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г танилцуулж, ажил хэрэг болгох ажил орон даяар өрнөөд байгаа билээ. Тухайлбал, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүүг багасгах зорилт тавин ажиллаж байна. Ингэхдээ 2027 он гэхэд дундаж наслалтын зөрүүг есөн жил болгон бууруулахаар төлөвлөжээ. Сургалт хэлэлцүүлгээр тус төлөвлөгөөний талаар болон эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар мэдээлэл өгч эхлээд байгаа юм.

Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дийлэнх хувийг эрчүүд эзэлдэг. Тэд эх орондоо өргөсөн тангараг, хариуцсан ажил албандаа хүлээсэн үүрэг хариуцлага ихтэйгээс гадна гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хайр халамж, түшиг тулгуур билээ. Тиймээс дээрх ажлыг Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын албан хаагчдад уг төлөвлөгөөгөө танилцуулж, мэдээлэл хүргэж, харилцан санал солилцжээ. Дараа нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон яамны харьяа байгууллагуудын 100 гаруй албан хаагчид болон Зам тээврийн яам зэрэг 10 гаруй байгууллагын ажилчдад танилцуулаад байгаа аж.

Жендэрийн үндэсний хороо нь энэхүү төлөвлөгөөгөө тайлбарлан таниулах сарын ажлаа энэ сарын 9-ний өдрөөс эхэлсэн бөгөөд энэ хугацаанд төрийн захиргааны төв болон төрийн, төрийн бус 67 байгууллагын ажилтан, алба хаагчдад танилцуулах ажээ. Энэ талаар Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг “Эрэгтэйчүүдийн дундаж наслалт богино байгаа нь тулгамдаж буй гол асуудал болоод байна. Тухайлбал, манай улсад эрэгтэй, эмэгтэй хүний насны зөрүү 9.4 байна. Тэгвэл нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтууд эрчүүдийн наслалтад нөлөөлж байна. Тухайлбал, Эрэгтэй хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхдээ хатуу чанга байх ёстой, уйлж болохгүй, амьдралаа авч явах ёстой гэх зэргээр хүмүүжүүлдэг. Энэ нь амьдрал дээр эрчүүдэд дарамт болдог. Мөн эрэгтэйчүүдийн хөдөлмөрийг Монгол Улсад хангалттай хэмжээнд үнэлж чаддаггүй. Үүнээс үүдэж эрчүүд хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг төлөх, эхнэрийнхээ хүссэн зүйлийг авч өгч чадахгүй байгаадаа шаналж, стресс, сэтгэл гутралд ордог. Мөн хань ижил, гэр бүлийнхэн нь үл хүндэтгэдэг. Энэ нь амиа хорлох гол шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл дээрх жендэрийн хэвшмэл ойлголт нь эрчүүдэд маш их хор хөнөөлтэй байна. Тиймээс дээрх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Төлөвлөгөөний гол зорилго нь эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал тэр дундаа дундаж наслалтыг нэмэгдүүлэх, нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах, эрэгтэйчүүдийг аз жаргалтай, амьдралын идэвх оролцоотой болгох тал дээр анхаарч ажиллана. Мөн эрэгтэй, эмэгтэй хүн эрх тэгш эрхтэй шүү дээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд аль нэг хүйсийн хүн давуу эрх эдэлнэ гэсэн зүйл байдаггүй. Тиймээс бид хүүхдэдээ багаас нь эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Ингэж ойлгуулаагүйн улмаас нийгэмд эмэгтэйчүүд илүү их эрх эдлэх ёстой гэж ойлголт бий болсон. Энэ нь даамжраад эмэгтэй хүүхдүүд эрхээ хэтрүүлэн эдэлж хөвгүүдийг зодож, цохих, бүдүүлэг үг хэлээр доромжлох зэрэг үйлдэл даамжирч байна” гэсэн юм.

Эрчүүдээс сэтгэл тавгүй үедээ юу хийдэг вэ гэж асуухад ихэнх нь “Найзуудтайгаа уулзаж пивo уудаг, дуу сонсдог, тамхи татдаг” гэх зэргээр хариулжээ. Тэгвэл 2018 оны байдлаар эрэгтэйчүүдийн нас баралтын дөрөвний гурваас илүү хувийг өвчлөл эзэлж байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү зүрх судас, гуурсан хоолой, уушгины хорт хавдраар өвддөг гэсэн үг. Энэ нь эрчүүдийн богино наслах суурь болж байгаа ажээ. Энэ талаар ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр “Эрэгтэйчүүд зүрх судасны өвчлөлөөр 45 наснаас эхлэн өвдөж нас барж байна. 45 нас гэдэг бол ид залуу нас. Гэтэл эмэгтэйчүүдийн хувьд 75-аас дээш насандаа энэ төрлийн өвчнөөр нас барах нь ихэсдэг. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс гуурсан хоолой, уушгины хорт хавдраар нас барж байгаагийн 78 хувь нь эрэгтэйчүүд байна. Энэ нь юуг хэлж байна гэхээр хүйсээс хамаарсан хэрэглээтэй холбоотой. Тодруулбал, тамхи татах, архи уух зэрэг нь эрчүүдийг дээрх өвчлөлөөр өвдөх шалгаан болж байна. Мөн эрчүүдийн хувьд авто тээврийн осол, ажлын байрны осолд орж нас барах нь их байдаг. Жил бүр манай улсад нас барж байгаа хүний 60 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Тиймээс зөв дадал хэвшил суулгаж, өвчлөхөөс нь өмнө эмчлэхийг бид илүүд үзэж “Эрт илрүүлэг” хэмээх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа” гэсэн юм.

Харин 30-аас доош насны эрчүүдийн нас баралтын гол шалтгаан нь амиа хорлолт, зам тээврийн осол байгаа юм. Тиймээс Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны даргын 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдрийн 34 тоот тушаалаар эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, салбар дундын уялдааг хангах, чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн салбар дундын ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 2024-2027 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд дөрвөн зорилт 36 үйл ажиллгагааг хэрэгжүүлэх ажээ.. Ташрамд дурдахад, монгол эрэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгах, бага наслалтын учир шалтгааныг олж тогтоохын тулд эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах, зам, тээврийн шалтгаант ослоос урьдчилан сэргийлэх замаар эрэгтэйчүүдийн осол гэмтэл, нас баралтыг бууруулах, хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зөв аж төрөх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих зэрэг өргөн цар хүрээнд олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 201 (7445)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт… 13 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, э… 14 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Мансууруулах эм, сэтгэцэд нөлө… 15 цагийн өмнө
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээ… 2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг с… 2024/11/22
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийти… 2024/11/22
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна 2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг… 2024/11/21
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн б… 2024/11/21
НЭР ТОМЬЁОНЫ ISO 704:2022 СТАНДАРТ ДЭМЖИГДхээр болжээ 2024/11/20
Доктор Д.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуу… 2024/11/20
ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой 2024/11/20
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалт… 2024/11/19
Ураны уурхайгаас болж мал амьтан хордож байгаа юу? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭДИЙН ЗАСАГ 2024/11/18
Эгийн голын УЦС төслийн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшэ… 2024/11/18
Хоолоо ямар тосонд шарах вэ? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД 2024/11/17
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК… 2024/11/16
Цацраг идэвхээс болоод олон толгойтой мал төрдөг үү? 2024/11/16