Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Орлого, зарлага хоёрын "уралдаан"

Timesmn@gmail.com
2024/09/09

Өрхийн нийгэм, эдийн засгийн суурь судалгааны энэ оны хоёрдугаар улирлын мэдээллийг харахад нэг өрхөд ногдох  сарын  дундаж  орлого,  зарлагыг  тооцжээ. Ингэхдээ 3775 өрхийн өгөгдөлд үндэслэн нийт өрхөд тархаан тооцсон байна.

 

ӨРХИЙН ОРЛОГО ӨССӨН ГЭВ ҮҮ?

Өрхийн амьжиргаанд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг нь орлого. Тэгвэл судалгаанд тэмдэглэснээр өрхийн мөнгөн орлого нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого,  хөдөө  аж  ахуйн  бус  үйлдвэрлэл,  үйлчилгээний  орлого  болон  бусад  орлогоос бүрддэг байна. Харин нийт  зарлагыг  өрхийн  мөнгөн  зарлага,  өрхийн  өөрийн  аж ахуйгаас  бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог ажээ.

Статистикчдийн хэлж буйгаар энэ оны хоёрдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.5 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 485.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 86 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Бүр тодруулбал, өрхийн орлогод цалин хөлсний орлого 371.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Энэ бол статистик тоо.

Харин бодит амьдрал дээр үндсэн цалин нэмэгдээгүй гэх нь элбэг тохиолдоно. Хэдийгээр жил бүр цалин нэмэгдсэн гэж байгаа ч энэ нь зөвхөн төрийн албан хаагчдад хамаатай байдагийг хувийн хэвшилд ажиллагсад учирласаар байгаа. Эх сурвалжийн хүсэлтээр компанийн нэрийг нууцалсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Сүрэнжав хэмээн өөрийгөө танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ “Манай орлого бол өсөөгүй. Таван жилийн өмнөхтэйгээ адил түвшинд байгаа. Эхнэр бид хоёрын цалин 4.3 сая төгрөг. Бид ам бүл тавуулаа” гэв.

 

“ЗАРЛАГА ӨССӨН, ӨССӨН”

Тэгвэл статистикчид тайлант хугацаанд өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 2.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 438.1 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 145.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэмээн тэмдэглэжээ. Бодит нийт зарлагын хэмжээ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 184.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн хэмээн үзэж буй. Д.Сүрэнжавынх сар бүрийн зардлаа тооцоолохдоо хүнс, ахуйн хэрэглээ, хэрэглээний төлбөр гэж хуваарилдаг ажээ. Хэрэглээний төлбөр болон ахуйн хэрэглээндээ 600 орчим мянган төгрөгөөс төдийлөн хэтрүүлдэггүй гэнэ. Харин хүнсний зардлыг тогтмол байдлаар тооцох боломжгүй гэж байлаа. Учир нь махны үнэ тогтвортой байдаггүйгээс гадна өдөр тутмын хоол хүнсний бүтээгдэхүүний үнэ ч бага багаар нэмэгдсээр байгааг учирлаж байв.

НДШ ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГЫН ТОО ӨМНӨХ УЛИРЛААС БУУРЧЭЭ

Тэгвэл статистикчдийн судалгаагаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны эхний улирлын байдлаар 2283.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 452.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэжээ. Харин эх сурвалж “Би худалдааны компанид ороод таван жил болж байгаа. Энэ хугацаанд цалин огт нэмэгдээгүй. Анх орохдоо 2.8 сая төгрөгөөр тохирсон. Түүнийгээ л авч байна. Харин ч сүүлийн хоёр жил жолоочийн ажлыг давхар гүйцэтгэдэг ч нэмэлт цалин авдаггүй” гэв.

Аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2024 оны эхний улиралд 2020 оноос  87.1 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 32.4 хувиар өссөн байна.  Тэгэхээр өнгөрсөн онуудтай харьцуулахад цалин өссөн үзүүлэлттэй байгаа бол нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны эхний улирлын байдлаар нийт 50.2 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 753.4 мянган ажиллагч хамрагджээ. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 924-өөр өсөж, өмнөх улирлаас 861-ээр буурсан бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 16.6 мянгаар өссөн байна.

Нийгмийн  даатгалын  шимтгэл  төлөлтийн тайланд  хамрагдсан  нийт  даатгуулагчийн 14.9 хувь нь боловсролын салбарынх, 9.6 хувь нь боловсруулах үйл ажиллагааны салбарынх,  6.9 хувь нь тээвэр, агуулахын  үйл  ажиллагааны  салбар,  6.4 хувь  нь  хүний  эрүүл  мэнд,  нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 5.7 хувь нь уул уурхай, олборлолтын салбарынх байгаа юм.

Ямартай ч өрхийн орлого бас цалин өссөн нь нийтийг хамарвал сайн хэрэг. Харин зарлага орлоготой өрсөлдөж “уралдах” нь хэр зохистой онол вэ гэдэгт хариулт хэрэгтэй болох нь ээ.

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 174 (7418)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 20 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 21 цагийн өмнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 23 цагийн өмнө
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй Өчигдөр
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө Өчигдөр
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… 2026/04/14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зори… 2026/04/14
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна 2026/04/14
517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ 2026/04/13
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй 2026/04/13
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 х… 2026/04/10
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар… 2026/04/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй 2026/04/10
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбай… 2026/04/09
2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа 2026/04/08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна 2026/04/08
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбо… 2026/04/08
Нийтийн өмчийн хуулийн төслөөр хэлэлцүүлэг болно 2026/04/06
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА 2026/04/06
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн ха… 2026/04/03