Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Д.Бямбасүрэн: Мэдрэл судлалын салбарт эрх зүйн шинэчлэл хийх нь чухал

Timesmn@gmail.com
2024/08/26

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг“Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа ЭМЯ-ны дэргэдэх Мэдрэл судлалын салбар зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч Д.Бямбасүрэнг урьж, ярилцлаа.

 

Мэдрэлийн эмч нарын ачааллыг бууруулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч ажиллана

-Мэдрэл судлалын салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.  Нийслэл, дүүрэг, аймгийн эрүүл мэндийн салбарт энэ чиглэлд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.  Бид ЭМЯ болон Монголын Неврологийн нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.  Миний хувьд гол зохион байгуулагчаар ажилласан. Удирдах ажилтнууд маань ихэвчлэн эмийн чанар, даатгал, тусламж үйлчилгээг сайжруулах тухай ярих болов уу  гэсэн хүлээлттэй байсан. Гэвч энэ удаагийн анхдугаар зөвлөгөөн дээр хамгийн их хөндөгдсөн асуудал бол эмч нарын үнэлэмжийн асуудал байлаа.   Манай улсад мэдрэлийн эмчийн үйл ажиллагаа, ур чадварыг маш муу үнэлж байна.  Эрүүл мэндийн салбарынхан минь маш их ачаалалтай ажилладаг.  Тэр дундаа мэдрэлийн эмч нар голцуу өөрийн ухаангүй, өөрийгөө авч явах чадамжгүй хүмүүстэй ажилладаг учраас дэлхийн бусад оронд мэдрэлийн чиглэлд ажиллаж байгаа эмч нарын хөдөлмөрийг хүнд салбарт ангилж, үнэлэмж арай илүү өндөр байдаг.  Энэ асуудлыг бид ярих цаг болжээ.  Манай улсад эмч нарын ачааллыг ч бүрэн тооцохгүй байна.  Мэдрэл судлалын салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнөөр энэ мэтчилэн олон асуудлыг хэлэлцэж, богино хугацаанд гарц шийдэл ярилцлаа.  Мэдрэлийн эмчийн ачааллыг бууруулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх асуудалд цаашид бодлогын түвшинд анхаарч ажиллана.  Мэдрэл судлалын салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнөөр манай салбарынхан асуудлуудаа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрч байгаа нь ач холбогдолтой. Цаашид хууль эрх зүй, бодлогын түвшинд мэдрэлийн эмчийн хөдөлмөр бол хүнд хөдөлмөр шүү гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Би энэ салбарын бодлого боловсруулахад оролцож байгаа хүний хувьд зөвлөгөөнөөс гарч байгаа шийдэл, шийдвэрүүдийг цаасан дээр буулгаж зохих түвшинд нь хүргэж, шийдвэр гаргуулахын төлөө ажиллана.  Нэн тэргүүнд ЭМДЕГ, НДЕГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эмийн агентлаг зэрэг газруудаас холбогдох албан тушаалтнуудыг зөвлөгөөнд авчирч, асуудлаа уламжилсан байгаа.

 “Амьдралын хэв маягийн анагаах ухаан хөгжиж байна”

-Дэлхий дахинд аливаа өвчнөөр өвдсөн хойно нь биш өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлдэг арга хэмжээг чухалчилж байна.  Манай улс ч бодлогын түвшинд анхаарал хандуулж байна. Тэр ч бүү хэл амьдралын хэв маягийн анагаах ухаан гэдэг шинэ салбар бий болж , хөгжиж байна.  Хамгийн энгийн жишээ гэхэд амьдралын буруу хэв маягаас болж таргалалт үүсэж байна.  Цааш явсаар  даралт ихсэх, харвах эрсдэл нэмэгдэж байна.  Мөн сахрын өвчин элбэг болж байгаа нь харамсалтай. Сүүлийн жилүүдэд тархины судасны өвчин буюу харвалт улам залуужиж байна. Өмнө нь энэ өвчнөөр настай хүн л өвддөг байлаа шүү дээ.  Харин одоо залуу хүнд харвалт өгч, тахир дутуу болох цаашлаад амь  нас эрсдэх тохиолдол гарч байна. Энэ бол үнэхээр анхаарал ёстой асуудал. Уг нь уналт таталтын өвчин сайн чанарын эмийн бүтээгдэхүүнээр эдгэрэх бүрэн боломжтой өвчин.  Гэтэл манай улсад эмийн чанар муу байна, өвчнөө ч бүрэн хянаж чадахгүй байна.  Зарим нэн ховор төрлийн эмийг оруулж ирээд тусламж үйлчилгээ үзүүлэх гэхээр даатгалд хамруулж чаддаггүй гээд  олон бэрхшээлтэй асуудал энэ салбарт бий. 

“Мэдрэлийн эмч сэтгэцийн эмчээс эхлээд олон чиглэлд хөрвөж ажиллаж байна”

- Манай салбарт уг нь боловсон хүчин хангалттай бий.  Гэвч нийгмийн асуудлуудаа шийдэж чадахгүйгээс үүдэн  эмч нар мэргэжлийн ажлаа хийх сонирхолгүй болдог.  Үнэхээр мэргэжилдээ хайртай, дуртай гэсэн нэг хэсэг нь тэсэж  байна. Тэсэж байгаа тэр хэсэг хүмүүсийн нуруун дээр энэ салбар явдаг.  Тэр ч утгаараа эмч нарын ачаалал их байна. Ялангуяа алслагдсан хөдөө орон нутагт эмч нар минь маш их ачаалалтай ажилладаг. Уг нь мэдрэлийн эмч гэдэг тусдаа мэргэжил шүү дээ. Гэтэл  давхар сэтгэцийн эмчийн ажлыг хийж байна.  Эмнэлгийн тасагт хэвтэж байгаа ухаангүй хүнээ эмчлээд, амбулаторид үзлэг хийх гэх мэтчилэн нэг эмч хэд хэдэн  хүний ажлыг ганцаараа хийдэг.  Тэгэхээр хөдөө орон нутагт тэр тусмаа алслагдсан газар ажиллаж байгаа эмч нарыг хөдөлмөрийг арай илүү үнэлж, цалин хөлсийг нь нэмэх хэрэгтэй.

“Мэдрэлийн эмчийн үзлэгийн энгийн үзлэгтэй адилхан хугацаанд хийх боломжгүй байдаг”

-Манай улсад эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нэг үеэ бодоход сайжирсан, давуу тал  олон бий болсон.  Гэвч гүйцэтгэлийн үнэлгээ нь манай салбарынханд  дарамт, ачааллыг үүсгэдэг талтай. Энэ асуудлыг засаж сайжруулах хэрэгтэй. Иргэд минь улсын эмнэлгийн эмч нарыг ааш муутай, хувийн эмнэлгийнх сайхан зантай байдаг гэдэг. Учир нь мэдрэлийн үзлэгийг олон дараалалтайгаар үзэж оношлох ёстой байхад нэг өвчтөнийг амбулаторид 15 минут үзнэ гээд цагийг нь тавьчихдаг. Заримдаа шахагдаад дундуур нь давтан үзлэг ороод ирэхээр нэг хүнийг 10 минут л үзэж байна.  Ингэхээр үзүүлж байгаа иргэн сэтгэл ханамжтай байх уу.  Үзсэн эмч ч үнэхээр их ядардаг. Тэгэхээр өвчтөнд үзлэг хийх цагийг тохирсон үзлэгээ хийхэд  нь хангалттай хэмжээгээр уртасгаж тавьж өгөх хэрэгтэй. Зүгээр энгийн чагнуур тавиад үзэх үзлэгтэй, мэдрэлийн үзлэгийг адилхан хугацаанд хийх ямар ч боломжгүй шүү дээ. Хувийн эмнэлэгт гэхэд нэг хүнийг бүтэн цаг үзэж, ярилцаж байж оношилдог. Бид энэ асуудлыг шийдүүлэхээр  санал хүсэлтээ олон удаа хүргүүлсэн.  Саяхан даатгалын тогтолцоо шинэчлэхэд хүртэл саналаа хүргүүлсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй.

 Эмийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй 

-Бид мэдээж өвчтөндөө чанартай сайн эмээр үйлчлэхийг хүсдэг.  Гэвч эмийн компаниуд оруулж ирсэн эмийн бүтээгдэхүүнээ сурталчлах боломжгүй болчихсон. Тэгэхээр эмч нар зармыг нь таньж, мэдэхэд хэцүү байдаг.  Олж мэдсэнээ авъя гэхээр сайн чанарын үнэтэй оруулж ирсэн эмийг нь даатгалаас суурь үнийг нь маш доогуур тавьчихдаг учраас  нөгөө компаниуд ашиггүй ажиллахгүй гээд эмээ буцаагаад  татчихдаг.  Маш харамсалтай, энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.   Ялангуяа  уналт таталтын эсрэг чухал хэрэгцээт эмүүдийн босго үнийг даатгалаас арай өндөр тогтоож өгөх шаардлагатай байна. Ерөнхийдөө энэ чиглэлийн эмийн сонголт маш бага. Хүмүүс эдгэрч, сайжрахгүй болохоор өөрсдөө гадаадаас эмээ олж ирдэг.  Энэ систем байсаар л байна. Энэ асуудлаар даатгалын газартай ойлголцох нь чухал байна.

Уламжлалт эмчилгээ бол бие даасан шинжлэх ухаан болоод олон зуун жил хөгжсөн зүйл. Эмч нар мэдээж өөрсдийн судалсан шинжлэх ухаан болох европын анагаах ухааныг баримталдаг. Гэхдээ уламжлалт анагаах ухаанд шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжиж байгаа олон давуу чанар бий. Тэр дундаа харвалтын дараах бариа засал, зүүн эмчилгээ зэрэг нөхөн сэргээх эмчилгээн дээр уламжлалт анагаах ухааны аргууд үр дүнтэй байдаг.  Гол нь уламжлалт нь ч бай, анагаах нь ч бай тухайн мэргэжлийг сайтар уншиж, судалж ойлгоогүй хүмүүс л салбарын нэр хүндийг унагаадаг. Тэгэхээр уламжлалт эмчилгээнд зөв эсвэл буруу гэсэн юм байхгүй. Зүгээр л тус тусдаа өөр өөрсдийн гэсэн онцлогтой, ялгаатай шинжлэх ухаан л гэж ойлгох хэрэгтэй. 

М.НАНСАЛМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 164 (7408)



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээ… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг с… Өчигдөр
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийти… Өчигдөр
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг… 2024/11/21
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн б… 2024/11/21
НЭР ТОМЬЁОНЫ ISO 704:2022 СТАНДАРТ ДЭМЖИГДхээр болжээ 2024/11/20
Доктор Д.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуу… 2024/11/20
ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой 2024/11/20
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалт… 2024/11/19
Ураны уурхайгаас болж мал амьтан хордож байгаа юу? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭДИЙН ЗАСАГ 2024/11/18
Эгийн голын УЦС төслийн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшэ… 2024/11/18
Хоолоо ямар тосонд шарах вэ? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД 2024/11/17
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК… 2024/11/16
Цацраг идэвхээс болоод олон толгойтой мал төрдөг үү? 2024/11/16
Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багта… 2024/11/16
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 2024/11/16
​“Скай хайпермаркет” ХХК Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр д… 2024/11/16