Эх орон, эх түүх, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг залуу хойч үедээ ойлгуулах, баримжуулан үлдээх зорилгоор “Эх түүхийн жимээр” 400 гаруй цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн Мишкагийн Жавзансүрэн. Монгол Улсын хилээр 41 мянган км буюу хилийг таван удаа тойрсоны дайтай явж, хил тойрсон анхны Монгол эмэгтэй болохын зэрэгцээ Түүхийн жимээр зургаан цуврал ном гаргаж, Монгол хүний үнэт зүйл, өв соёл, эх түүх, тусгаар тогтнолын үнэ цэнийг үлгэрлэн харуулж буй түүнийг Энхийн шагнал-2023-д нэр дэвшүүлжээ.
ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор Мишкагийн Жавзансүрэн
Аяга ч угааж үзээгүй, аавын эрх танхил охин. Хүн орж ирэхээр хөшигний араас гарч ирээд төсөөллийн микрофонтой дуулж, бүжиглэж үзүүлнэ. Нүүрэмгий гэж жигтэйхэн. Гудамжинд хүртэл орон орны хэлээр “Сайн уу” гэж хүн бүртэй мэндэлж, бас бүжиглэж, дуулж л явна. Дээрээ зургаан ах, хоёр эгч, нэг дүүтэй, барилгын даамал, усны группийн дарга, бригадын дарга аав, нэгдлийн дэлгүүрийн худалдагч ээж хоёрын дундаас төрсөн, социализмын үеийн соёлч, ажилч хичээнгүй айлын охин ч гэлээ гэрийн ажилд оролцохгүй өсчээ. Аав ээж, ах эгч нарынхаа хайран дунд, элэг бүтэн, сэтгэл дүүрэн амьдарсан хүүхэд насных нь дурсамжууд хожим Эх түүхийн жимээр бэдэрсэн амаргүй цаг үед сэтгэлийн их хүч, шүд зуун босох тэнхээ болжээ.
Мишкагийн Жавзансүрэн аавыгаа Завхан аймгийн төвд 30 хүний бригадтай барилгын даамал хийж байх үед нь Улиастайд төрж, Цагаанхайрхан сумандаа наймдугаар анги төгссөн. Харин арван жилээ аймгийн төвийн Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуульд дүүргэж, ажил, амьдралын замд хөл тавьжээ. Тэр багадаа шүлэг бичдэг, уншдаг, хонь, малын захад явахдаа хүртэл өөрийгөө хөтлөгч шиг төсөөлж, мөрөөдөж явсан болохоор сэтгүүлч болох хүсэлтэй байлаа. Гэвч түүнийг төгсөх үед сэтгүүлчийн ганцхан хуваарьт хэт олон хүүхэд өрсөлдөхөөр байсан тул больж, 5-р ангид бодож байснаараа түүхийн багш болох замыг сонгосон байна. 1998 онд МУИС-ийн түүхийн ангийг түүхч, түүхийн багшаар төгсөөд үргэлжлүүлэн магистрт сурах хүсэлтэй байсан ч аавынх нь бие өвдсөн тул Цагаанхайрхандаа очиж багшлахаар шийджээ. Сумандаа таван жил багшилж, дараа нь өөрийн төгссөн сургууль Улиастай сумын Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан, түүхийн багшаар гурван жил ажиллаад, их хот руу магистрт сурахаар явсан юм. Энэ хугацаанд гэр бүлтэй болж, гурван хүүхдийн ээж болсон ч ар гэрийн амьдрал, хардалт сэрдэлтээс болж, том хүүгээ дагуулан хотод суурьшиж, амьдрахаар шийдэв. “Боловсрол” дээд сургуульд түүхийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад, 2011 оноос одоог хүртэл ШУТИС-ийн БуХС-д түүхийн багшаар ажиллаж байна. Түүний хувьд 2007 онд “АДХ-ын үүсэл хөгжил” сэдвээр магистр, 2012 онд “Монголын төрийн түүхэн дэх АДХ” сэдвээр докторын зэрэг тус тус хамгаалжээ.
Сумын багшаас их сургуулийн багш хүртэл ажилласан 25 жил, боловсролын байгууллагад “чанагдсан” түүхийн багш. Докторын зэргээ хамгаалсан их сургуулийн багш. Түүнд дутагдах юм байсангүй. Бусдын адил цалингаа аваад амар тайван, бие амар сууж болох байв. Гэвч хүүхэд насных нь сэтгүүлч болох хүсэл, оюутан байхдаа Завхан аймгаа тойрч аялана гэсэн мөрөөдөл нь түүнийг “Эх түүхийн жимээр” хөтөлсөн юм. Тэр 2015 онд шавийнхаа урилгаар “MGL Радио”-д ярилцлага өгснийхөө дараа ажлынхаа хажуугаар “Түүхийн жимээр” хэмээх өөрийнхөө номны нэрээр нэрэлсэн радио нэвтрүүлэг бэлтгэн, хөтлөх боллоо. Түүхийн нэвтрүүлэг нь ашиг олохгүй тул жил гаруй яваад хаагдах болов. Ингээд цуврал нэвтрүүлгээрээ ном гаргаж, номын баяраа хийчихээд их сургуулийн ажил дээрээ иртэл ажил цалгардуулсан гэж хэл ам гарав. Ажлаа тасалдуулаагүй ч бусдын атаа жөтөө, хов живнээс болж гомдохдоо машиндаа уйлж суусан бүсгүй ерөөсөө л Монголын археологчдын тухай нэвтрүүлэг хийе гэсэн зоримог шийдвэрт хүрчээ.
Ингээд л шууд нулимсаа арчаад, “MGL Радио”-ийн захирал Жаргалаас камер гуйж, өөрөө зураглаач хийх оюутан хөлсөлж аваад, том хүүгээ дагуулан ажил гэрийн хооронд унадаг “Нonda civic” машинтайгаа түүх, археологийн дурсгалт газрын зураг, дүрсийг баримтжуулан үлдээж, хойч үедээ эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах зорилгоор 2017 онд их замд гарчээ. Түүнийг анх замд гарахад Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, ахынх нь ангийн хүү, “Сектех” группийн захирал Лханаагийн Бат-Өлзий гэдэг хүн бензиний мөнгөөр тусалж байсныг өдгөө мартаагүй. Машин сайн унадаггүй ч Увс, Сүхбаатар, Хэнтий, Сэлэнгийн Хүдэр гээд урьд өмнө үзэж, харж байгаагүй бартаатай замаар шавар шалбааг, бороо ус туучин огт төсөөлөөгүй аялалд гарсан нь энэ. “Би бүр ухаан алдчих гээд байдаг байсан. Машинаа барина, буугаад хөтлөгчөө хийнэ. Хамгийн гол нь мөнгө байхгүй. Охиныхоо хадгаламжийн дэвтрийг өвөртөлчихсөн. Хоолны мөнгө байхгүй. Зураглаач, хүү хоёртоо машины ард 5 кг-ийн гурилан боов аваад тавьчихдаг. Тэр хоёр ус уугаад гурилан боовоо идээд л яваад байна. Тэгж яваад зорьсон археологийн судалгааны багийнхан дээр очхоороо хооллож ундална. Тэр үед үнэхээр хэцүү, шантраад заримдаа уйлдаг байсан. Замын бартаа даанч их байлаа” хэмээн ярив.
Аав ээжийгээ ачилсан хүн муу явдаггүй
Ингэж нэг зуны дотор археологийн 20 гаруй судалгааны багаар явахдаа 16800 км замыг туулжээ. “Нonda civic”-тэйгээ шаварт зоогдож, үер ус, хад чулуун дундуур явахдаа, машиныхаа гуперийг хуу татчина. Хүү нь майхныхаа оосроор хүлээд л, дараагийн газар руугаа явна. Анх сэтгэлийн хөөрлөөр замд гарсан ч, асар их туршлага болсон энэ явдлыг сонссон түүний найзууд “Тэнэг зоригтой” гэж хэлдэг. Жавзансүрэн өөрөө бол “зориг, сэтгэл” хоёроороо л туулсан байх гэж ярина. Эхний жил археологийн судалгааны багуудаар явж туршлага хуримтлуулсан болохоор 2018 оны зун Завханаасаа эхлээд бүх аймгуудаар тойръё гэж шийджээ. Энэ үедээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаатай холбогдоход Ховд аймгаар тойрох бензиний мөнгө өгөхөөр болсон байна. Ингээд л Завханы 24 сумаасаа эхлээд, дараа нь Ховдыг тойрч, Увс, Хөвсгөлөөр явж одоо хүн бүхний мэддэг болсон “Эх түүхийн жимээр” нэртэй түүхэн цуврал нэвтрүүлгээ бэлтгэж эхэлжээ. Энэ үед найзуудынхаа дэмжлэгээр “Эх түүхийн жимээр” ТББ байгуулж, “Түүхийн жимээр” студээ албан ёсоор нээхээс гадна зураглаачийнхаа зөвлөснөөр
пэйж хуудас нээн, хөгжүүлж эхэлсэн байна.
Гэвч энэ нь түүнд замын бэрхшээлээс илүү хүнд байлаа. Эх түүхийн жимээр явж бэлтгэсэн нэвтрүүлгээрээ маш том архив бүрдүүлж, дата бааз үүсгэхээс гадна хүмүүстэй хуваалцах зорилгоор цахим орчинд оруулж эхэлтэл чиний ард хэн байгаа юм, банзал, янхан, үхээсэй, тэнэмэл хүүхэн, энэ муу хүүхэн улс төрд гарах санаатай явна гэх зэргээр бичиж эхлэв. Хүмүүсийн хэл ам, хамгийн хэцүү байсан тул уйлна, гомдоно. Багш хэмээх эрхэм хүндтэй мэргэжил эзэмшсэн, оюутнуудынхаа хайрыг татсан багш, хүнээс муу юм сонсож үзээгүй омголон явсан түүнийг их замын түүх уйлах, гомдох, шантрахад хүргэсэн юм. Гэвч тэр бууж өгөөгүй. Машинаа бариад байгалийн үзэсгэлэнт газруудаар урамтай сайхан явдаг ч орой нь утсаа шагайхаар л өөдөөс нь үхээсэй, балай тэнэмэл хүүхэн гээд л эхэлнэ. Энэ бүхнээс болж гутарч байсан ч, түүнийг босгож байсан ганцхан зүйл нь “Аавдаа л зориулж байгаа юм шүү” гэж өөртөө хэлдэг үг байлаа. Тэнгэрт байгаа аав минь миний дутуу амьдрал ч гэлээ “Намайг тэнгэрээс харж байгаа, би аавынхаа нэрийг гаргаж байгаа, аавдаа зориулсан их буян гэж бодъё” гэсэн дүүрэн сэтгэлийн хүчээр өндийн боссоор өдийг хүрчээ.
“Ээж бол хатуу зарчимч хүн. 93 авсан гэхээр 100 авч яагаад болохгүй гэж хэлдэг. Ийм ч болохоор манай дөрвөн хүүхний гурав нь багш. Ээж ийм хатуу зарчимтай бол аав эсрэгээрээ. Миний охин ёстой мундаг, миний охин л чадна гэнэ. Манай хүүхдүүд муу багш болохгүй, сайн л багш болох ёстой гээд дандаа урам өгдөг, уяхан зөөлөн сэтгэлтэй хүн. Уйлахаараа аав бид хоёр хамт уйлдаг байсан юм. Тэгэхээр ээж юундаа уйлдаг юм та хоёр гэдэг сэн. Ийм эсрэг тэсрэг хоёр хүн. Аавыгаа элэгний хорт хавдраар өвчлөөд хотод байхад нь сахидаг байсан юм. Тэр үед “Эцэг эхээ ачилсан хүн муу явдаггүй юм аа. Миний охин сайн явна аа” гэж хэлсэн. Энэ үг санаанаас ер гардаггүй. Тийм болохоор хүүхдүүдээ ч гэсэн ээжтэйгээ хамт байлгадаг. Гурван хүүхэдтэйгээ жилд ганц нэг уулзана. Ээж минь тэднийг харж өсгөсөн одоо ч харж байна. Миний ард ээжийн том дэмжлэг асар их байдаг болохоор хүүхдүүддээ эмээгээ ачилж байгаарай, миний хүүхдүүд сайн явна гэж үргэлж хэлдэг” гэсэн юм.
Харин том хүү нь түүнийг хил рүү уруу татжээ. Анх баруун хилийн тулгаралт дууссаны ойн нэвтрүүлэг хийхээр Байтаг богдыг зорьж байсан бол дараа намар нь Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан нэвтрүүлэг хийхээр Дорнод явжээ. Гэтэл нэг өдөр ээж нь утсаар ярьж, хүүг нь цэрэгт явах гэж буйг дуулгав. Том хүү Төгөлдөр нь “Ээж минь эх орныхоо төлөө зүтгэж байхад би ч гэсэн эх орныхоо төлөө зүтгэнэ” гэж хэлээд өөрийн хүсэлтээр хилийн цэрэгт явсан байна. Үүнээс хойш Монгол улсын хилийн цэргийн ангиудыг тойрохоор шийдэж, дараагийн их аялалдаа гарчээ. Дэгээ голд мориноос унан хавиргаа гэмтээж, Сулинхээрийн отряд руу явж байхдаа аваарт орж, Овоотийн хилийн ангиас буцахдаа осолд орж, Хутаг-Өндөрт төөрч, Дорнодын Баян-Уулаас дарга нарын дарамтаас болж хоосон буцаж, Алтайн хилд, машины бензиний банк цоорч, ангаж үхэхийн даваан дээр амь аврагдсан гээд түүний туулсан бүхнийг энд бичвэл багтахгүй. Хилийн цэргийн сүүлийн таван анги дутуу байхад ходоодны шинжилгээний хариу нь муу гарсан ч үхэхээсээ өмнө хилээ дуусгая гэж зүтгэжээ. Баян-Өлгийгөөс Увсын Баруунтуруун, Завханы Баянтэсийн Зайгалын застав хүртэл явж, үхэхээсээ өмнө заавал дуусгана гэж дотроо уйлж, хашгирч явсан үеүдийг түүнээс өөр хэн ч мэдэхгүй. Тэр хилийн цэргийн ангиудын түүх, дурсгалт газруудыг үзүүлэхээс гадна, хилчдийн амьдралын бодит байдлыг, нийгмийн асуудлыг олон нийтэд дэлгэн харуулсан юм. Хүүхдийн хадгаламжаа дуусгаж, гурван машинаа эвдэлж дуусгаад, эцэст нь өр, зээлтэй үлдэж, өнөөдөр цалингаа буухаар өрөө төлдөг хэвээрээ ч, энэ замыг дуусгахад, хилчдийн тус дэм хамгийн их байсныг тэрбээр дурсан ярьж сууна. Бензинээ хийгээд давхиад очиход бүх зүйлээр тусалж, дэмжсэн хилчдийн ачаар Монгол Улсынхаа дархан хилийг 5 удаа тойрсоны дайтай явсан анхны эмэгтэй болж түүхэнд үлдсэн юм.
Энэ хугацаанд нийт 400 гаруй нэвтрүүлэг хийж, 3000 ахмадуудаас яриа авч, Түүхийн жимээр 1-6 цуврал ном гаргажээ. Монгол Улсын хилээр 41 мянган км буюу хилийг таван удаа тойрсоны дайтай явж, хил тойрсон анхны Монгол эмэгтэй болов. Тэр дүү М.Жаргалсайханыхаа зээлээр авч өгсөн 7D аппаратнаас өөр хөрөнгөгүй анх замд гарсан ч энэ нэвтрүүлгийг санаачилж, найман жил 175 мянган км зам туулахдаа жолооч, хөтлөгч, найруулагч, эвлүүлэгч гээд бүх ажлаа өөрөө л хийжээ. Хэд хэдэн зураглаач сольсон ч сүүлдээ, цалинг нь өгч чадахгүй болж, сүүлийн 2 аймгаар явахдаа нэвтрүүлгүүдийн бичлэгийг өөрөө хийж, өөрөө л эвлүүлсэн байна. Бэлтгэсэн нэвтрүүлгүүдээ Талын Монгол, Сүлд, MNB, ETV телевизүүдээр цацаж байв. Харин одоо 205 мянган дагагчтай “Эх түүхийн жимээр Монголын түүхийн АНХНЫ онлайн ТВ”-ээр нэвтрүүлгээ түгээж байна.
Аав ээж, нутаг усандаа амь байх
тэр чанар зөвхөн Монгол хүнд л бий
Та юуны төлөө ар гэр, амьдрал ахуй, бие эрүүл мэндээ золиослон байж, үүнийг хийдэг юм бэ? гэх асуултад мэргэжил маань намайг эх оронч нэгэн болгосон. Эх орон тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу хойч үедээ ойлгуулахын төлөө явсан гэв. Хүн бүр “эх орон” гэж лоозогнох болсон өнөө үед нэг л үнэмшилгүй санагдах энэ үгийг түүнээс ухаж асуухад “Эх орон гэж ярих нэг өөр, түүний төлөө амиа өргөсөн баатруудын түүхэн дурсгалт газар очиж үзэх нэг өөр гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Байтаг богд, Халх голоос эхлээд эх орны төлөө амиа өргөсөн баатарлаг хилчдийнхээ тухай нэвтрүүлгийг бэлтгэх агшинд сэтгэл хөдөлж, нулимс мэлмэрүүлсэн мөч байдаг. Эх орон гэдэг унасан газар, угаасан уснаас чинь л эхэлнэ. Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас л миний эх орон эхэлсэн. Анх мэдээ ороод л тэр газрыг хайрлах үзэл бий болсон. Хөгшрөхөөрөө тэр газар руу л явна. Хотод бол би Завханых, харин дэлхийн хаана ч явсан би Монголынх гэж явна. Тэр л бүрэн бүтэн, тусгаар тогтносон, бие даасан, амь шигээ хайрлах ёстой улсынхаа үнэ цэнийг та нар ковидын үед илүү мэдэрсэн биз дээ. Энэ цэнгэг агаар, цэлмэг хөх тэнгэр шиг өлгийдөх газар бидэнд үгүй. Ийм болохоор газар шороогоо, эх түүхээ, тэр тусмаа тусгаар тогтносон Монгол улсыг авч ирсэн түүхэн хүмүүсээр бахархах, эх орноо хайрлах үзэл хүн бүрт байх ёстой. Монгол хүн чинь бусад улс орны хүмүүсээс шал өөр, эх орон, эцэг эхдээ амь хүмүүс байхгүй юу. Эцэг эхдээ хайртай, нутаг усандаа амь байх тэр чанар Монгол хүнд л бий. Нутаг гэж ярихаар нулимс нь мэлмэрч байдаг тийм ард түмэн бол зөвхөн Монголчууд. Тэр л бидний бусдаас ялгагдах онцлог” хэмээн хариулав.
Түүх бол өчигдөр, өнөөдөр, маргааш гурван цагийн нэгдэл. Өчигдрийн үргэлжлэл болох өнөөдөр байгаа эх орон, газар шороо, түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар, тэмдэглэлт үйл явдал, ахмад үеийн хэлж, ярьж буй бүхнийг маргаашдаа баримтжуулан үлдээх нь түүний зорилго. Хамгийн гол нь дараагийн үед түүх ийм байсан гэдгийг ойлгуулж, бид эх орон, эцэг эхийнхээ ачаар өдий зэрэгтэй явж байна гэдэг үзлийг суулгаж өгөх нь чухал. Энэ уламжилж ирсэн түүх соёл, эх орон тусгаар тогтнолыг нандигнан хайрлаж явах тэр хүнийг л Монгол хүн гэж боддог гэсэн юм. Гэхдээ энэ нь үндсэрхэг үзэл биш үндэсний үзэл байх ёстой гэдэг утгаар нь түүхч хүнийхээ хувьд тусгаар тогтносон эх оронтой байхын утга учрыг ойлгуулах гэж зүтгэж яваа аж.
Энэ хичээл зүтгэлийн үр дүнд 400 гаруй нэвтрүүлэг, 10 орчим түүхийн сэдэвт ном бүтээл төрөн гаржээ. Ингээд зогсохгүй эх орныхоо түүхэн дурсгалт газруудыг өөрийн биеэр очиж үзсэний хувьд оюутнууддаа амьд түүхийг, бодитоор нь харуулан Монголын түүхийн хичээлийг сонирхолтой хэлбэрээр заах асар их зураг дүрс, арвин баялаг хичээлийн хэрэглэгдэхүүнтэй болсон байна. Жишээ нь Хойд цэнхэрийн агуйн хадны зураг энд байж байна. Багш нь ороод энэ нэвтрүүлгийг хийсэн гээд амьд хичээл заадаг аж. Ингэж хүүхдүүдэд тухайн үйл явдал, түүхийг мэдрүүлж, үзүүлж, үнэртүүлж заахад нулимс нь мэлмэрээд алга ташаад сонсдог. Түүхийн хичээлийг чин сэтгэлээсээ заахад тэр нь ямар ч Монгол хүүхдийн зүрхэнд хүрдэг. Учир нь эх орноо, эцэг эхээ хайрлах үзэл хүн бүрд байдаг. Тийм болохоор түүний хийсэн зүйлийн үнэ цэн хэзээ ч алдагдахгүй юм байна гэдэгт итгэл дүүрэн болжээ.
Хаана очиж амьсгал тасарна, тэр хүртэл явна
Монгол Улсын дархан хилийг анх удаа тойрч, хилчдийн бодит амьдралыг нүдээр үзэж, баримтжуулаад ирсэн М.Жавзансүрэн “Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг санаачилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан нь түүний олон жилийн хөдөлмөр зүтгэлийн нэг үр дүн байлаа. Чуулга уулзалтад оролцсон 450 хилчин эмэгтэйн өмнө тэдний нийгмийн асуудлыг хөндсөн 20 минутын илтгэл тавьжээ. Тэр илтгэлийнхээ төгсгөлд дөрвөн жил 41 мянган км явахад миний ард гурван хүүхэд минь байсан гэдэг утгаар нь тайзан дээр хүүхдүүдээ урихад, Соёлын төв өргөөнд цугласан 450 эмэгтэй суун суутал, алга нижигнүүлэн ташиж хүндэтгэл үзүүлжээ. Зүгээр ч нэг хуурай алга ташилт биш, 450 эмэгтэй нулимс дуслуулан, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ бол түүний бахархал байлаа. Тэр Соёлын төв өргөөнөөс гарахад хүүхдүүдтэйгээ энэ баярт өдрөө тэмдэглэх мөнгө байхгүй байсан ч “Ээж нь энэ нэвтрүүлгээр мөнгө олж чадахгүй ч 450 эмэгтэй та гуравт хүндэтгэл үзүүлээд, суун суутал чинь алга ташсан. Энэ чинь л хүндлэл. Ээж нь үүнээс өөр юм та нарт өгч чадахгүй” гэж хэлснээ сэтгэл догдлон ярив. Гэртээ орж ирээд таньдаг хүнээсээ бензиний мөнгө байна уу гэж асуусан хэмээн инээмсэглэн ярьсан юм. Тийм ээ. Түүний хувьд өнгө мөнгө, нэр хүнд, албан тушаал хөөгөөгүй, сайхан сэтгэл, эр зоригоор туулсан зам байсан юм.
Тэр өөрийн үр хүүхэд, шавь нартаа үлгэр дуурайлал үзүүлэхээс гадна, ганц эмэгтэй өөрийн хүчээр эх түүхийн бүдгэрсэн мөрийг тодруулж болдгийг харуулсан юм. Ийм ч болохоор түүнийг гарсан жил “Бидний цөөхөн Монголчууд”, тэдний араас “330 сум” зэрэг санаачилга түрэн гарч Монголчуудынхаа үүх түүх, ёс заншлыг нь баримтжуулан үлдээх төсөл болон хэрэгжиж буй. Гэхдээ том төслийн багийнхан 10-аад жийп хөлөглөж, асар их хүн хүч, техник хэрэглийн хүчээр ажилладаг бол М. Жавзансүрэн “Honda civic”, “Nissan X tral”, “Toyota sienta” гэх жижиг машинуудаар энэ бүхний ард гарчээ. Ямар ч ашиг олохгүй мөртлөө дотоод сэтгэлийн хүчээр, өөрийн хийсэн юмаар л тэжээгдэж явсан. Одоо эргээд хийсэн юмаараа бахархдаг. Би өөрөө өөрөөрөө бахархахгүй бол хэн надаар бахархах юм. Тэгэхэд яаж тэрийг даван туулсан юм бол мөн ч их уйлсан шүү дээ гээд одоо эргээд хардаг. Маш том бахархал, маш том архив, маш том ухаарал, маш том өв соёл, маш том эх оронч үзэл, маш том түүхийг үлдээлээ гэж би боддог хэмээн бахархал дүүрэн ярьж сууна. Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй байна гэдэг ийм сайхан.
Гэхдээ түүний зорилго, мөрөөдөл дуусаагүй. Эхлээд 21 аймгаа тойрч дуусгана. Түүхийн жимээр номынхоо Завхан аймаг болон Булган, Архангайгаас бэлтгэсэн нэвтрүүлгийн 7, 8 дахь цувралыг гаргахаар төлөвлөж байна. Өмнө нь хилийн дээс алхаж Хөх хот, Ордосоор явж нэвтрүүлэг бэлтгэсэн. Одоо монгол морины туурай хүрсэн газар бүрт очиж, нэвтрүүлэг хийх зорилготой. Хаана очиж, амьсгал тасарна, тэр хүртэл явна гэсэн юм.
Тэр өдийг хүртэл явж чадсан, цаашид дахиад хол зам туулах тэр хүчийг эцэг эхийнхээ юугаар ч дутаалгүй өсгөсөн хайр, хүмүүжлээс олжээ. Өлмөн зөлмөн дутуу гуцуу, идэх юмгүй өссөн бол мөнгөний төлөө явах байсан болов уу, харин аав, ээжийнхээ хүчээр, хүмүүжлээр дутуу юмгүй өссөн нь мөнгөний төлөө явахгүй байх, аливаад чин сэтгэлээсээ хандах тийм л хүмүүжил төлөвшилтэй болсон нь өдий зэрэгт хүргэсэн гэж боддог. Бүх зүйлд чин сэтгэлээ зориулдаг, сайхан сэтгэлтэй, хүн шиг хүн байх зарчимтай. Энэ зарчимдаа үнэнч байсан болохоор 21 аймгийн 200 сумаар орж, дархан хилээ тойрч чадсан юм.
Аяга ч угааж үзээгүй, аавын эрх танхил охин. Аав ээж, ах эгч нарынхаа хайран дунд, элэг бүтэн, сэтгэл дүүрэн амьдарсан хүүхэд насных нь дурсамжууд хожим Эх түүхийн жимээр бэдэрсэн амаргүй цаг үед сэтгэлийн их хүч, шүд зуун босох тэнхээ болжээ. Одоог хүртэл ах эгч нар нь түүнийг яаж ингэж яваад байгааг гайхдаг хэвээрээ. Аав ээж хоёрын эрхлүүлж, нандигнаж өсгөсөн тэр их хайр, эрх танхил охиноо “Эх түүхийн жимээр” хөтлөн оруулах хүч болсон гарцаагүй.
Сэтгүүлч: Ганбатын Батзаяа