Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр /2024.04.24/ УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев нар Чингис хааны музейд нээгдсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнг үзлээ. Түүний дараа “Киргиз ард түмний Чингис хаан ба түүний хойч үеийн түүхэн холбоо” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” үзэсгэлэнгээ нээж үг хэллээ.
Тэрбээр, нүүдэлчний соёл иргэншил бол эртний ард түмнүүдийн түүх төдийгүй өвөг дээдсийн маань бидэнд өвлүүлэн үлдээсэн их өв билээ. Нүүдлийн соёл иргэншлийн гол шинж чанар бол түүхийн үнэт зүйл төдийгүй тухайн үеийн бэлэгдлийг агуулсан дурсгалт материаллаг соёл юм. Нүүдэлчин соёл иргэншлээс үлдсэн зүйлс нь хүн төрөлхтний соёл иргэншлийн өвийн арвин их баялгийг бидэнд сануулж, тэр хэвээрээ хадгалагдан, хойч үед маань уламжлагдан үлддэг гээд гэрэл зургийн үзэсгэлэн нүүдэлчдийн соёл иргэншлийн талаар санал бодлоо солилцох, судалгаа шинжилгээний үр дүнгээсээ хуваалцах боломж олгож байна хэмээн өгүүллээ.
Мөн тэрбээр, манай хоёр орны соёлын өдрүүдийг зохион байгуулах, түүх, утга зохиол, археологийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, найрамдлын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүх соёл, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгүүдийн нягт харилцааг хөгжүүлэх, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өрнүүлэхийг 2024-2025 онуудад зохион байгуулах санал тавьсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэв. Тэрбээр, Чингис хаанаас өмнөх цаг үеийн эртний төрт улсууд, Монголын эзэнт гүрний үе, Их хааны угсааныхны үе гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх дэлхийн жишигт нийцсэн энэхүү музейг Монголчууд бид 2022 онд өлгийдөн авсан билээ гээд хоёр улсын түүх, соёл, өв уламжлалын эртний найрсаг харилцааг онцлоод “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” үзэсгэлэн гүн сэтгэгдэл төрүүлж буйгаа илэрхийлсэн юм. Мөн үргэлжлүүлэн, Монгол Улс нь Бүгд Найрамдах Киргиз Улстай уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай байж, соёлын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлийг баримталж ирсэн. Монгол болон Киргиз Улсын соёлын ижил төстэй байдал нь нүүдлийн соёл бөгөөд сүүлийн жилүүдэд нүүдлийн соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд сурталчлан таниулах чиглэлээр хоёр улс тус тусын санаачлагыг гаргаж, олон улсын наадмыг зохион байгуулж ирсэн. Өнөөгийн даяаршин дангааршиж буй дэлхийн шинэ дэг журамд түүх, хэл, соёлын хувьд ойр, түүхэн найрсаг харилцаат улс орон, ард түмэн хоорондоо бүс нутаг, олон улсын харилцаан дахь өөрсдийн нийтлэг эрх ашгаа зөвшилцөл, хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлэх нь нэн чухал юм.
Тэгвэл Төв Азийн нүүдэлчин гаралтай ард түмнүүд бидний түүх, хэл, соёлын нийтлэг нэгэн цэг бол Алтай билээ. Алтай, тэр дундаа Алтай судлал, Алтай хэл, Алтайн соёл, Алтайн түүх, археологийн өв, гэдэг нэршил олон улсад нэгэнт танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гээд Алтайгаас Тэнгэр уулын зүг хүргэсэн ард түмний нэг бол Киргизүүд гэдгийг өнөөгийн байдлаар Киргиз улсын нутаг дэвсгэрт 43 ширхэг руни бичгийн дурсгал олдсоноор тайлбарлаж болно. Энэ нь Киргиз түмэн бол Алтайн соёлыг өв залгамжлагч төдийгүй түгээгч ард түмэн гэдгийг ч харуулж буй хэрэг юм.
Ялангуяа нүүдлийн соёл, ахуйг өнөө хүртэл тээж ирсэн Монгол, Киргиз орнуудын хувьд олон улсын тавцанд өөрийн гэсэн хамтлагтай болох шинэ боломжийг бүрдүүлж болох юм. Алтайн соёл нь эртний шүтлэг, бишрэлийг өөртөө агуулж байдгийн хувьд монгол-киргиз ард түмнүүдийн соёлын хэлхээ холбоог харуулах үндэс суурь болж өгдөг.
Мал аж ахуйд суурилсан нийгмийн бүтэцтэй хоёр ард түмэнд ижил төстэй, дундын үгнээс гадна, соёл, зан заншил, сэтгэлгээний олон нийтлэг зүйл байдаг талаар Монгол, Киргиз төдийгүй олон орны эрдэмтэн судлаачид өгүүлдэг билээ. Залуу судлаачид, эрдэмтэн багш нарыг солилцож, хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийж, хамтарсан судалгааны ажлуудыг хөгжүүлэх боломж дүүрэн байна. 2024 оны 4-р сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ олон улсын чуулга уулзалтад Эрхэмсэг ноён Нурланбек Шакиев Та оролцох болсонд туйлын баяртай байна гэв.
Нээлтийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг нар оролцлоо. “Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хурлыг эхэнд Чингис хаан Үндэсний музейн “Хаан найрал” чуулгын уран бүтээлчид зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд хоёр орны эрдэмтэн судлаачдын нийт найман илтгэл хэлэлцэгдэх ба тус хурлаар Монгол, Киргиз хоёр орны түүхийн нийтлэг өв, онцлог тал, Чингис хаан болон түүний үр хойчсын үеийн Монгол Киргизийн харилцаа, соёл иргэншил зэрэг сэдвийг хөндөх юм. Уг арга хэмжээг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Түүх угаастны зүйн хүрээлэн, Киргиз Улсын ШУА-ийн Б.Жамгерчиновын нэрэмжит Түүх, археологи, угсаатан судлалын хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.