Бид энэ удаагийн “Найргийн эгшиг”-ийн зочноор Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ЕБС-ийн 7б ангийн сурагч Даваацэрэнгийн Баярхүүг урилаа. Хөдөөний хөрслөг бор жаал Улсын “Хүрэл тулга-2024” найргийн наадамд шүлгэн хүлгээ уралдуулж байхад нь цөөн хором хууч хөөрлөө. “Амь нэг Архангай-2022” яруу найргийн наадмын тэргүүн , “Ээждээ захидал бичээрэй -2023” аймгийн уралдааны гутгаар, “Аавдаа захидал бичээрэй-2024” аймгийн уралдааны тэргүүн, “Хүрэл тулга-2024”аймгийн наадмын тэргүүн гээд хүүгийн амжилт өрнөнө. Үгийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялж яваа галтай иртэй шүлэгч хүүгийн яриагаар уншигч таныг дайлъя.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? Сурагч хүүгийн уран бүтээл өндөр үү?
-Намайг Даваацэрэнгийн Баярхүү гэдэг. Би 13 настай. Шүлэг, бөх, сагс, шатар сонирхдог. Айлын гурав дахь хүү. Миний дуртай хичээл уран зохиол, биеийн тамир, математик. Би спорт, утга уран зохиолд их элэгтэй.Одоо шүлгээ бичээд л байгаа.
-Чиний хамгийн анхны шүлэг”
-“Би эмч болно” гэж шүлэг бий.
Божин бор царайтай ч
Бурхны шидтэй эмч болно
Аврал ирсэн түмэнд
Ачлал түгээсэн эмч болно” гээд л бичиж байлаа. Энэ шүлгээ багшдаа үзүүлэхэд “хөөрхөн шүлэг байна” гэж хэлсэн нь надад ихээхэн урмын ташуур болсон.Ингээд л өөрийгөө голохгүй шүлэг бичиж эхэлсэн. Яг үнэнийг хэлэхэд би одоо 11 л шүлэгтэй.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Үндэсний бөхийн бэлтгэлд явдаг. Дугуй унана, шатрын дугуйланд явна. Шүлгээ бичнэ, хэдэн малаа тэжээнэ. Аав ээжийнхээ гар хурууны үзүүрт зарагдана. Аавтайгаа хомоол ачна гээд зав зай муухан даа.
-Миний дүү Улсын “Хүрэл тулга” наадамд үг хэлж Их Нацагдоржид мөргөөд байсан?
-Тийм ээ. Их зохиолчдоо хүндэтгэл үзүүлж байгаа юм л даа. Манай ангийнхан уран зохиолын хичээл ороход монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн
“Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болохгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон” гэж сайхан шүлгээ уншаад хичээлээ эхэлдэг. Би их зохиолчийг тэнгэрийн орноос биднийг сонсоод баярлаж байгаа гэдэгт итгэдэг. Тэр ч утгаараа би улсад шүлгээ уншсан байх гэж бэлгэшээдэг. Монголын хүүхдийн ордны тайзанд дээр шүлгээ уншихдаа их сандарсан. Ийм том наадамд над шиг хөдөөний хөрслөг хүүхэд шүлгээ унших хувь байжээ гэж бодохоор гар чичрээд байсан. Өөдөөс телeвизийн бичлэг хийгээд олон хүн хараад сандарсан байх л даа. Мөн манай аймгийн I сургуулийн МХУЗ-ын Ц.Цэрэнбалжид багш маань хамт их дэмжсэн. Ангийн багш маань Балжаа багшийг “Баринтагтай судар” гэж надад хэлсэн. Ном их уншдаг, мэдрэмжтэй сайхан багш байна лээ. Балжаа багшийн шавь О.Баярчулуун ах бид хоёр улсад хоёр давсан. Намайг гуравдугаар шатанд хасагдаад муухай царайлаад буугаад ирэхэд ээж, багш минь урмын үг хэлж аргадахад дотор цэлмэсэн. Улсад сойсон шүлгүүд их чансаатай байна лээ. Нэг найз минь бурхан болсон аавдаа зориулж сайхан шүлэг бичсэн байсан. Би тэр хүүг шүлгээ уншихад их өрөвдөж суусан. Найрагч хүүхдүүд цаанаа л дотно магадгүй хамаатан минь ч юм шиг санагдаж билээ.
-Монголын зохиолчдын эвлэлд очсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Би их бэлгэшээж хаалганд нь мөргөөд орсон. Учир нь үе үеийн авьяасын бурхад чуулдаг ээлийн босготой өргөө шүү. Манай нутгийн найрагч, доктор Б.Урангоо эгч минь биднийг хүлээн авч нутгийн зохиолчдын сайхан ном өгсөн. “Ном надад хаан ширээнээс илүү үнэтэй” гэж У.Шекспир хэлсэн байдаг. Хүрэл тулгын буянд зөндөө номтой болсон.”Аз хур” номын дэлгүүрээс “Монголын нууц товчоо”, “Монгол ардын үлгэр” тэргүүтэй нэлээн хэдэн ном авсан. Мөн би физикийн номоо алга болгочихсон болохоор шинийг авсан. Намайг улсад шүлэг уншина гээд ээж минь баярлаад надад цагаан цамц, хар өмд, зангиа, монгол цамц зэрэг овоо хэдэн хувцас авч өгсөн.
-Зохиолчидтой уулзсан сэтгэгдлээ хуваалцаач? Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, 2019 оны “Болор цом”-ын эзэн Монголын радиогийн эфирийн найруулагч, нэрт яруу найрагч Гомбын Сэр-Одын шагналт Батдоржийн Жамбалдорж, МЗЭ-ийн 2022 оны “Алтан-Өд” наадмын шагналт, “Морин хуур-33” наадмын тэргүүн байрын шагналт Д.Жаргалсайхан нартай уулзаж халуун яриа өрнүүлсэн гэсэн?
-Тийм ээ. Сүрдмээр сайхан шүлэгтэй атлаа их энгийн хүмүүс байсан нь надад маш их таалагдсан. Би “Ус чандмань эрдэнэ” шүлгээ уншихад зохиолч ах нар “хөөрхөн шүлэг байна” гэж хэлэхэд маш их баярласан. Бидэнд шүлгээ богино, чанартай бичээрэй гэж зөвлөгөө өгсөн. “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” номоо өгсөн. Нэр нь хүртэл нэгийг бодож хоёрыг тунгаахаар ном байна лээ. Сум суурин, хөдөө ахуй,ээжийгээ үгүйлж бичсэн шүлгүүдээс бүтсэн энэ ном миний ширээний ном болсон. Жамбаа ах шиг сайхан найрагч болохыг хичээнэ. Байнга уншина,зогсолтгүй бичнэ гэж бодож байгаа. Манай ангийнхан надад баяр хүргэж урам хайрладаг сайн хүүхдүүд. Бид хамтдаа номын сайн нөхөр болцгооно.
-Чи олон найзтай биз?
-Тийм ээ, Б.Эрдэнэгэрэл, А.Тэмүүжин, Д.Батдорж Х.Мөнх-Эрдэнэтэйгээ илүү дотно найзалдаг. Эрдэнэгэрэл найзтайгаа бүр цэцэрлэгээсээ эхэлж найзалсан. Их өндөр хүү бий. Бид хоёр тэмээ ямаа шиг л харагдана. Бусад найзуудтайгаа долоон жил нэг ангид сурч байгаа. Хааяа муудалцаж гар зөрүүлдэг ч би найзуудадаа хар буруу санадаггүй. Уучлалт гуйгаад инээгээд л гүйж байдаг даа. Тал чихэр байсан ч хувааж идэхийг боддог. Анд нөхөд минь миний хамгийн том гангараа.
-Шүлэгч хүү ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
-Би эмч болно гэж боддог. Цагдаа ч болж магадгүй. “Хүмүүний хамгийн том албан тушаал нь хүн байх явдал” гэж хүүхэд бидний амтархан унших дуртай “Хорвоотой танилцсан түүх”-ийг бичсэн Лодонгийн Түдэв зохиолч үнэхээр сайхан онож хэлсэн байдаг. Тийм болохоор би сайн хүн болохын тулд номтой нөхөрлөж, номхон занд суралцана. Ямар ч мэргэжилтэй болсон шүлгээ хаяхгүй, хүн чанараар өөрийгөө гоёж, хүнлэг энэрэнгүй мэргэжилтэн болно.
-Дүүдээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье. Үзэг нь хурц, үг нь цэцэн байхыг ерөөж ярилцлагаа жаргаая?
-Баярлалаа. Би эрт орой хэзээ нэгэн цагт улсын “Хүрэл тулга”-ын эзэн болоод инээгээд зогсох өдөр ирнэ гэдэгт итгэдэг. Тийм сайхан хувь тавилан миний амьдралд байгаасай. Урлагийн их охин тэнгэр Янжинлхам бурхан ямагт биднийг ивээж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Б.Хувьтөгөлдөр
Найрагч хүүгийн аймгийн түрүүн шагнал хүрсэн захидал, шүлгийг толилуулъя.
Сайн байна уу? Ааваа. Тарган тавтай хаваржиж байна уу? Хаврын урт шар хүнтэй золгоод бие тэнхээ нь данги уу? Тамхиныхаа утаан дундаас харагдахгүй тамхиа баагуулж л сууна уу даа. Сумынхаа урд талынхаа хашаанаас нүүгээд хойно хашаа аваад ээж дүү дөрвүүлээ өхөөрдөм хөөрхөн үхрүүдтэйгээ таван ханатай гэртээ аз жаргал дүүрэн суугаа нь буян шүү, тийм ээ. Та минь байгаа болохоор сэтгэл цадаад сайхан байна аа. Таныг хөдөө байхад би их өрөвддөг байсан. Одоо дэргэд байгаа болохоор сэтгэл өег сайхан юм. Би тандаа туслах гээд чадлаараа л мэрийсээр. Хүү нь нэг үндэсний бөхийн бэлтгэлд явсан чинь гарч чаддаггүй ээ. Хичээлээ гэх үү, үхрээ гэх үү сайн мэдэхгүй байна аа. Энэ өвөл ч адууны хомоол ёстой од болж байна даа. Амралтаар хоёулаа овоо хомоол авсан дуусчихсан уу? Та минь адуу тэжээдэг хүний арга эвийг олох гээд нэлээн л үзэх юм даа. Хоёулаа айлаас хомоол зүгээр авахгүй ээ, Ганц нэг тамхи өгч аргыг нь олдог болохоор хааяа инээд хүрдэг. Хомоол ачихаараа алт эрдэнэс олсон юм шиг л баярлана.Хоёулангийн нүүр ам хамж байгаа хомоолноосоо ялгаа алга. За яахав. Сэтгэл борлоогүй байхад нүүр ам ч яамай байна аа. Ээжийн тансаг тосноос хулгайлаад түрхчихнээ хоёулаа. Хагас сайнд хомоолонд явна аа за юу ааваа. Хомоол ачсан халтар аавыгаа харахад хичнээн сайхан байдаг гээч. Хавар болооод цас хайлаад сэтгэл уяраад сайхан байна аа. Даанч газар нь гол ус болоод үерлэчихэж. Одоо хэд хоног нар сайхан гарахад л энэ муу шар усны үер хайлна. Та минь намайг жаахан байхад миний хүссэн бүх юмыг авчирдаг байсан даа. Өө нээрээ ааваа 3 сарын 28-нд Өндөр-Улаан суманд чөлөөт бөхийн аймгийн аварга болно гэсэн хүү нь Өндөр -Улаан сум руу барилдахаар явдаг юм билүү гэж бодоод л байгаа.
“Дур дураа голохгүй Дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчээр өөрийгөө бие жижиг гэж голохгүй бөхийн бэлтгэлд яваад хөлсөө урсгаж байна. Хүү нь Даяар дуурсагдах Далай даян Дархан аварга, олимпын мөнгөн медиальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга Хорлоогийн Баянмөнх шиг бөх болоод цолоо дуудуулаад дэвэхсэн гэж мөрөөдөх юм. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ.
Аавдаа удахгүй болох эр цэргийн баярын мэнд хүргэе.
Тандаа хайртай шүү ааваа. Түр баяртай.
Хүндэтгэсэн: Хүү Д.Баярхүү.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багт суугаа хайрт аав Б.Даваацэрэндээ
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7б ангийн сурагч Д.Баярхүүгээс нь.
Би нүүнэ
Ээжийнхээ өргөсөн сүүн цацлын жимээр
Их л жаргалтай инээж нүүнэ
Эрэмгий хулынхаа нуруунд салхин хээ татуулж
Эгшиглэж нүүнэ
Ингэж нүүнэ
Би нүүнэ
Аавынхаа харц шиг дөлгөөхөн
Авралын босготой замыг
Аргадаж нүүнэ
Амжиж нүүнэ
Алсдаа бүтэх ерөөлтэй замаар
Халгиж нүүнэ
Халгиулж нүүнэ
Хатирч нүүнэ
Би нүүнэ
Санаа цагаахан найзынхаа
Шар торгон дээл шиг тод замаар
Ергүүлж нүүнэ
Ерөөж нүүнэ
Дүүгийн минь сэтгэл шиг эмзэгхэн дэлхийд
Дөрөөгөө чангалж дөмөгхөн нүүнэ
Цогиулж нүүнэ
Цоглог нүүнэ
Би нүүнэ
Хүүхдийн зулай шиг эмзэгхэн дэлхийд
Хөөрч нүүнэ
Хөвж нүүнэ
Үүлэн цэнхэр хангайдаа
Үнэгчлэн нүүнэ
Өртөөлж нүүнэ
Эмээгийн минь бодол шиг уртаа замаар
Уйлж нүүнэ
Ухаажиж нүүнэ
Маанийн үрэл шиг бяцхан дэлхийд
Манарч нүүнэ
Мандаж нүүнэ
Тунгалаг горхины цамнаа шиг
Яруухан дууч багшийнхаа
Тунарсан гэгээн замаар
Ундарч нүүнэ
Ухаарч нүүнэ
Өөдөсхөн тугалныхаа хишиг шиг
Өнгөлөг замаар
Өрнөж нүүнэ
Өөдөлж нүүнэ
Өчүүхэн ч амсхийх завгүй
Өнгөт орчлонгийн судраас
Өөдрөг бүхнийг даллаад
Өнхөрч нүүнэ
Өрөвдөж нүүнэ
Шаазгай шиг алаг амьдралын
Шаналлыг зөөллөж энэрч нүүнэ
Ерөөлт халзан морь шигээ
Өрөөлдөж нүүнэ
Өгсөж нүүнэ
Тарган шар тэмээ шигээ
Ташуулдаж нүүнэ
Тарлаж нүүнэ
Тэнгэрийн хүлгийн нуруун дээр дарцаглаж
Тэмээн жингийн цуваад бодлоо тээгээд
Ухаарал гэгээрлийн замаар
Уярч нүүнэ
Би нүүнэ ээ
Би эмч болно
Божин бор царайтай ч би
Бурхадын шидтэй эмч болно
Аврал ирсэн түмэнд
Ачлал түгээсэн шидтэн болно
Хичээл сурлагадаа улам хичээж
Хэнээс ч дутахгүй эмч болно
Хүн чанараар өөрийгөө гоёод
Хүслээ биелүүлж би эмч болно оо
Хөөрүү сэтгэлээ дарж
Хэнээс ч илүү хичээх болно
Борхон амьдралтай муу ээжийгээ
Баярлуулж хүү нь эмч болно
Цагаан нөмрөг, гэгээн сэтгэлээр биеэ гоёод
Цаанаа л дотно эмч болно
Уйлаад суудаг ээждээ ухаан, нас нэмэх эмч болно
Уяран хайлдаг сэтгэлд нь сөгдөж мөргөсөн эмч болно
Малч ухаантай аавынхаа
Магнайг тэнийлгэсэн эмч болно
Марал гоо шиг бүсгүйн сэтгэлийг сорсон эмч болно
Ширээний найз Анутайгаа
Шилдэг гярхай эмч болно
Бурхад чуулдаг их өргөөний
Буяныг хурайлж эмч болно
Би эмч болно оо
Бэтгэрсэн сэтгэлээ дэвтээж
Бор хүү нь эмч болно
Мэлмэрсэн их гунигийг жаргалаар сольдог
Магнайдаа адистай эмч болно оо би
Бумныг баярлуулж түмэнд хүндлэгдээд
Бурхадын зарлигтай эмч болно
Амьдрал үхлийн заагт байгаа
Амин хүүд жаргал бэлэглэнэ
Мэргэн хүнээс ч илүү ачтай
Мэс заслын эмч болноо би.