Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Timesmn@gmail.com
2024/03/14

Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээ авна
Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцлээ.
Орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан зудын гамшигт нэрвэгдэж, банкууд дахь малчны зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсхүл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулалтыг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаанд оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөлөө.
Малчдын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан хуримтлагдсан хүүгийн зургаан нэгж хувиас давсан хүүгийн төлбөрийн 2024 оны эхний хагас жилд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд, 2024 оны сүүлийн хагас жилд шаардлагатай эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгав.
Зудын улмаас малын тоо толгой их хэмжээгээр хорогдсон, малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болголоо. Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, малчдын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 2024 оны гуравдугаар сарын 06-ны байдлаар 21 аймагт нийт 3.9 сая мал хорогдоод байна.
            Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид малын зүй бус хорогдлын тоо огцом нэмэгдэх хандлагатай байгаа тул малчдын санхүүгийн дарамтыг бууруулах боломжийг судлах үүднээс холбогдох танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын зүй бус хорогдол нэмэгдэж байгаатай холбогдуулан зудын хүндрэлээс үүссэн эрсдэлийг бууруулах эдгээр арга хэмжээг авахаар боллоо.
 
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
 “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах эдгээр зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталж хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарна гэж үзэж байна.
Төлөвлөгөөний төсөлд Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 290 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан ба төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлнэ. Үр дүнд нь нийтийн албаны авлигын түвшний олон улсын үнэлгээ жил бүр буурч, улсын төсөв тэлэх, иргэдийн төрийн байгууллага, төрд итгэх итгэлийн түвшин нэмэгдсэн, иргэдийн орлого өссөн, авлигыг үл тэвчих соёл, шүгэл үлээх тогтолцоо бэхэжсэн байна гэж үзсэн болно.  
 
Халиа, дошны мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулна
Болзошгүй шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотод үүссэн халиа, дошны түвшин нэмэгдсэн хэсгүүдийн мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулахад шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
Нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 7,8 дугаар сард тохиолдсон үерийн улмаас голуудад хуримтлагдсан лаг, шавар, хөрсний усны түвшин дээшилснээс шалтгаалан үерийн хамгаалалтын барилга байгууламж, голуудын сав дагуу Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 24 хорооны 34 байршилд халиа дошны нөхцөл байдал үүссэн.
Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
 
Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.
Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газарт даалгалаа.
Өнөөдрийн байдлаар долоон аж ахуйн нэгж үхрийн мах 1902.0 тонн, хонины мах 3803.0 тонн, ямааны мах 632.5 тонн, нийт 6337.5 тонн мах бэлтгэжээ.  Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс үхрийн ястай мах 11350 төг/кг,  хонины ястай мах 8900 төг/кг, ямааны мах 6700 төг/кг үнээрнийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна.
 
54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдлээ
“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт орууллаа.
Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, өнөөгийн үзүүлж буй үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Гадаадын иргэн, харьяатын газраас 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нобелийн шагналыг шилжүүлэх боломжгүй гэв 2026/01/12
Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана 2026/01/08
Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажи… 2026/01/08
Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах ш… 2026/01/07
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиуд 2026/01/07
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 2026/01/06
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд 2026/01/05
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион ба… 2026/01/05
“Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-2” төслийн хувийн хэвшлийн… 2025/12/26
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ 2025/12/24
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 2025/12/23
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг … 2025/12/23
Элчин сайд Н.Энхболд ачаа тээврийг сайдгүй шуурхай явуулах санал тавил… 2025/12/22
​ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНД ТӨВЛӨРӨХ НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ СОХ ДУТАВ УУ? 2025/12/22
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна 2025/12/19
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үй… 2025/12/19
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ? 2025/12/18
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: АЯЛЛААР ДАМЖУУЛАН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА… 2025/12/17
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 19 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж… 2025/12/11