Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

XVII ЖАРНЫ ХӨХ ЛУУ ЖИЛИЙН ЦАГААН САРЫН МЭНДЧИЛГЭЭ

Timesmn@gmail.com
2024/02/10

Улаан залаат, Хөх Монголын үр сад, удам заяа нэгт Монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян байхын амны бэлгэ, ашдын ерөөл айлтган, Цагаан сарын Шинийн нэгний мэнд өргөн дэвшүүлье.

 Өнө эртний уламжлалаа дээдэлж, өтгөс буурлуудаа хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монгол түмэн буурал жилээ үдэж, буянтай жилээ угтаж байна. Хатуу өвөл харьж, урин хавар айсуй.

Улиран одож буй “усан” туулай жил монголчууд бидэнд өгөөж, хишгээ харамгүй хайрлалаа. Улс оронд ужгирсан гажуудлыг засах улс төрийн томоохон өөрчлөлтүүдийг Улсын Их Хурал хуульчлан баталлаа.

Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрч, монголчууд бид Шинэ тогтолцоо, Шинэ сэргэлт, Шинээр цэгцрэх хөдөлгөөний гараан дээр байна.  

Энэ бол Монгол Улсын Их Хурлаас “ард түмэн засаглах” эрхийг хангахын төлөөх шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, засаглалын тогтолцоонд хийсэн эрхзүйн шинэчлэл, авлига луйвар, худал хуурмагийн эсрэг ард нийтээрээ хамтран тэмцсэний бодит үр дүн юм.

“Нүүрсний сонсгол”, нээлттэй хэлэлцүүлгүүдээр “ард түмний мэдэх эрх” хангагдаж, томоохон хулгай луйврууд илчлэгдэхийн хэрээр Монголчууд нийтээрээ хэрсүүжиж, зөв өөрчлөлт, шинэ маргаашийн төлөө дуу хоолойгоо улам хүчтэй нэгтгэж, парламентын ардчиллаа төлөвшүүлж байна.

Ингэж нэгэн зүгт нэгдэж чадсаны үр дүнд Монгол Улсыг хэрэн сүлжсэн авлигын систем нуран унаж, тэр хэмжээгээр улсын эдийн засаг сэргэж байна. Энэ бол том өөрчлөлт, цоо шинэ хэм хэмжээ, тэс өөр хандлага тогтож, улс орон бүхэлдээ хувьсан өөрчлөгдөж буй их хөдөлгөөний эхлэл юм.

Энэ хөдөлгөөн одоохондоо эмх замбараагүй үйл хөдлөл мэт санагдаж болох ч эцсийн дүндээ нийт нийгмээрээ ЭМХЭРЧ ЦЭГЦРЭХ ЖАМ ЁСНЫ ЗӨВ ХӨДӨЛГӨӨН гарцаагүй мөн.

Боломжийг нь хулгайлдаг, булаадаг, буурай хөгжлөө болж байна гэж итгүүлдэг, халамжаар дөрлөж, хулгайгаар мөлждөг хуурмаг явдлыг ард түмэн одоо маш сайн  мэддэг болсон. Хэн нь эх оронч, хэн нь дүр эсгэгч вэ гэдгийг ч андуурахаа байсан. Худал мэдээ, тархи угаалт, цахим сүлжээн дэх “амьгүй албатууд”-ыг сайн танидаг болсон. Улс орноо авлига, хулгайгаар дээрэмдэж, “амьгүй албат”-уудынхаа ард нуугддаг цаг үе өнгөрсөн.

Ирээдүй өөр болж байгааг монголчууд сэрж, мэдэрч байна. Шинэ эргэлтийн цаг “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-өөр түрж байгааг ч анзаарч байна.

Бид ирэх хаврын чуулганаар бүсчилсэн хөгжлийн боломжуудаа бүрэн дайчлан ашиглан, хөдөө аж ахуйгаа сэргээн хөгжүүлж, ухдаг шар алтыг ургадаг цагаан алт болгож хувиргах, Монгол хүн Монголынхоо баялгийн жинхэнэ эзэн нь байх Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална. Түүнчлэн хүн бүрийн хөдөлмөрийг дэмжих иргэндээ ээлтэй татварын цогц реформыг хийх шаардлагатай байна. Ингэснээр чинээлэг дундаж давхарга бий болно. Бизнес, хөрөнгө оруулалтын таатай шинэ орчин бүрдэнэ.

Монгол хүн бүр Монгол газар шорооныхоо эзэн нь болж, хөрөнгөтөн үндэстэн болох боломж бий. Ийм зорилгын хүрээнд хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн салбарт шилжин очиж ажиллах нийслэлийн иргэн бүрт газар эзэмшүүлэх  санаачлагыг дэвшүүлж хэлэлцэхээр төлөвлөж байна.

“Буян хурайлсан амин нутгаа бурхдаас ч хамгаалдаг” түүхэн уламжлалтай монгол хүн монгол газартаа эзэн нь байж, үр шимийг нь хүртэж, ажил хөдөлмөр эрхлэн, аятай таатай амьдрах боломжийг олгох нь ЗӨВ  НҮҮДЭЛ, ШИЙДЭЛ  мөн.

Монголчуудын хөгжил дэвшлийн төлөөх цэгцрэх хөдөлгөөнийг хязгаарласан санаатай, санамсаргүй олон хүлээс нэг мөр тайлагдаж, Монгол Улс сэргэн мандах, үсрэнгүй хөгжих шинэ замдаа эргэлт буцалтгүй орж байна. Луу жил үүний эхлэл нь байна  гэсэн бэлгэ дэмбэрлийн сайхан үгээр Билгийн улирлын Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний ерөөл мялаалгаа өргөе.

Дэлхий даяар болон Монгол эх орныхоо дөрвөн зүгт амьдран суугаа Улаан залаат, Хөх монголчууд минь урган гарч буй Хөх луу жилдээ улам бадран хөгжиж, тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдэж, хангай дэлхийгээ хайрлаж, төр, ард түмэндээ хүндлэгдэж, золбоо хийморь, амжилт бахархал, баяр жаргалаар дүүрэн байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА 

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нобелийн шагналыг шилжүүлэх боломжгүй гэв 2026/01/12
Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана 2026/01/08
Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажи… 2026/01/08
Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах ш… 2026/01/07
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиуд 2026/01/07
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 2026/01/06
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд 2026/01/05
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион ба… 2026/01/05
“Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-2” төслийн хувийн хэвшлийн… 2025/12/26
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ 2025/12/24
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 2025/12/23
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг … 2025/12/23
Элчин сайд Н.Энхболд ачаа тээврийг сайдгүй шуурхай явуулах санал тавил… 2025/12/22
​ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНД ТӨВЛӨРӨХ НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ СОХ ДУТАВ УУ? 2025/12/22
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна 2025/12/19
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үй… 2025/12/19
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ? 2025/12/18
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: АЯЛЛААР ДАМЖУУЛАН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА… 2025/12/17
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 17 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж… 2025/12/11