Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Даргын цүнх бариагүй 88-ын жимээр…

Timesmn@gmail.com
2023/04/11

Өндөр албан тушаалтны ширэн цүнхийг барьдаггүй залуу өөрийнхөө мэдлэг чадлаар 12 сая төгрөгийн цалинтай ажилд шударгаар тэнцэх боломж Монголд бий юу. ЗГХЭГ-ын газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” компани 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна гэж оны эхэнд зарласан нь итгэхэд бэрх мэдээ байлаа. Ар араасаа дэлбэрч тэсэрсэн авлигын дуулиант үйл явдлуудын чимээ шуугианд дарагдсан нээлттэй сонгон шалгаруулалт үр дүнтэй болж чадсан уу. Эцсийн эцэст Д.Амарбаясгалан энэ үгэндээ хүрсэн үү. Үүц баялгийн өрөм тос болсон “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, Оюу толгойн Монголын талын 34 хувь, “Монголросцветмет” зэрэг томчуудыг өөртөө багтаасан толгой компани “Эрдэнэс Монгол”-д арын хаалгагүй, ардын хүүхэд ажилд орж чадсан уу.

Энэ оны эхний ажлын өдрөөс е-tanhim.gov.mn сайтад  “Эрдэнэс Монгол”-д ажилд орох хүсэлтэй 3544 хүн анкетаа илгээж, 255 нь бүртүүлж, 1215 нь шалгалт, ярилцлагад орсон байна. Төрийн өмчит компани өөрөө биш их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэд, Төрийн албаны зөвлөл, Хурдасгуур төвийнхөн шалгалтын агуулгыг боловсруулсан. МҮХАҮТ удирдаж, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн төлөөлөл, их, дээд сургуулийн багш нараас бүрдсэн 30 гишүүнтэй комисс шалгаруулаад, “Эрдэнэс Монгол”-д дүнгээ хүлээлгэн өгсөн байна. Шударгаар шалгарч тэнцсэн 88 залуу 2023 оны хоёрдугаар сарын 2-ноос эхлэн сарын 2-12 сая хүртэлх төгрөгийн цалинтай ажиллаж эхэлжээ. Энэ бол Солонгост ажиллах залуучуудын цуваа  биш. Монголын ТОП компанид өндөр цалинтай, нэр төртэй ажилд өөрийн мэдлэг чадлаар тэнцсэн залуучууд юм. Ар, өврийн хаалгаар биш авъяас, чадлаараа тэнцсэн 88 шинэ менежер уул уурхайн 39 охин компани, гурван том төслийн нэгжийг уялдуулан зангиддаг толгой компанийн уураг тархинд нь ажиллаж, улс орны төсөв, эдийн засгийн амин гол судсыг барилцаж эхэллээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн бодлогын газарт 12, Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газарт 13, Төслийн судалгаа, үнэлгээний газарт долоо нь ажиллаж байна. Нүүрс эрчим хүчний группын удирдлагад 37, Зэс металын группэд 13 шинэ менежер, ахлах менежерүүд ажилдаа орсон. Ахлах менежер гэдэг нь хуучин ойлголтоор бол газар, хэлтсийн дарга нар юм. “Засгийн газраас төрийн бүтээмж нэмэх, ил тод ажиллах, хүнд суртал арилгах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг олон талт оролцоотойгоор хийж чадсан нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлж чадлаа” гэж Д.Амарбаясгалангийн мэдэгдсэн сайн мэдээ дуулиан шуугианы дундуур дуулдаж үзэгдэхгүй өнгөрсөн.

Цүнхчингүүдийн биш мэргэжлийн баг бүрдвэл төрийн өмчит компаниудын засаглал сайжирч, өрсөлдөх чадвар нь ахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байх нь илт тодорхой хүчин зүйл.

“Эрдэнэс Монгол”-оос эхэлсэн энэ жишгийг төрийн бүх алба, төрийн өмчит компаниудад хэм хэмжээ, заавал мөрдөх стандарт болгон тогтоохын хэрээр цүнх баригчдын цуваанд үхлийн цохилт өгөх болно. Цүнх баригчдын эгнээг эвдрэх тусам ур чадварыг үнэлдэг соёл, хандлага хэвшиж түгнэ.

​Хөгжлийн банкны тонуул, нүүрсний хулгай бол цүнх баригчдын цуваа, албан тушаалын сүлжээгээр бүгдийн боломж, ирээдүйг дээрэмдсэн гэмт хэргүүдийн цуврал. Орон байрны хулгайн хэргээр шүүхээс ял авч байсан Т.Батдөл УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга болж, гэртээ 10 тэрбум төгрөг хадгалсан шимэгч. Нүүрсний аман дээр сууж, Богд уулын амуудыг дүүргэж, Казахстанд хүртэл хаус хорооллууд бариулсан хачиг хувалзууд. Эрх мэдэлтний ширэн цүнх баригсад, шинэхэн цувыг өмсгөгчид, шим шүүс сорогч шимэгчид ардын хүүхдийн амжилт, хувь заяаны дээрэмчид юм.

Төрийн алба, төр, орон нутгийн өмчит компаниудад хууль бусаар томилогдсон 6000-8000 гаруй хүний асуудал хөндөгдөж буйг ЗГХЭГ-ын дарга талаар Д.Амарбаясгалан мэдээллээ. Шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхээс дутахгүй чухал ажил бол вакцин тарих явдал. Шимэгч үүрлэх замыг ариутгах шилмэл арга нь хэний цүнхийг барьснаар нь биш хэн ямар мэдлэг чадвартайг нь үнэлдэг нээлттэй сонгон шалгаруулалт. Төрийн өмчит хамгийн том компани “Эрдэнэс Монгол”-д амжилттай болсон туршилтаа бүх газарт хатуу мөрдүүлсэн цагт хачиг хувалз шигдэхгүй.

Шүүрний үсэнд өртсөн шимэгчид язганан бужигнаж, цүнхний эзэд өвөртөө мэс, сэтгэлдээ өс зангидан оволзож байна. Тэд мөнгөтэй, сүлжээтэй, троллтой, ов мэхтэй. "Шүүр" ажиллагааг нугалаа завхрал болгох, дагуулж тонгорох, далимдуулан мушгин гуйвуулах, ЗГХЭГ-ын даргын албан бичгээр гул барин, шүүхэд зориуд ялагдах жүжиг зохиох гэх мэт зүсэн зүйлийн ов мэх, арга залиа ашиглаж эхэлсэн баримтууд ч илэрч байна.

Авилгын эсрэг "5Ш" хөтөлбөр зарласан Засгийн газар, “Шүүр” ажиллагааг гардан хариуцаж буй Д.Амарбаягаланг харлуулж гүтгэх олон арван төлөвлөгөө тэдэнд бий. Хур хог овоорсон, хувалз хачиг шавсан төр цэвэрлэх амар ажил биш, цөсгүй, зүрхгүй хүний үүрэх ачаа биш. Хүйтэн тархитай, халуун цустай байж, хүний, өөрийн намынхан, дээд үеийн ах нарынхаа 33 жил барьж босгосон авилгын сүлжээг нурааж, аалзны сүлжээ, асар их ашиг орлогыг нь таслах нь улаан гараараа гал атгасан гэсэн үг. “Эрдэнэс Монгол”-д өөрийн авъяас чадлаар, арын хаалгагүйгээр шалгарч тэнцсэн 88 залуугийн гаргасан жимийг зам болгое гэвэл гэвэл, өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйг хулгайд алдахгүйг хүсвэл илүү олуулаа шүгэл үлээж, шүүр барих цаг ирэв. Хачигтай мал таргалдаггүй. Шимэгчтэй төр өөдлөхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 72 (7057)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээ… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг с… Өчигдөр
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийти… Өчигдөр
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг… 2024/11/21
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн б… 2024/11/21
НЭР ТОМЬЁОНЫ ISO 704:2022 СТАНДАРТ ДЭМЖИГДхээр болжээ 2024/11/20
Доктор Д.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуу… 2024/11/20
ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой 2024/11/20
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалт… 2024/11/19
Ураны уурхайгаас болж мал амьтан хордож байгаа юу? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭДИЙН ЗАСАГ 2024/11/18
Эгийн голын УЦС төслийн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшэ… 2024/11/18
Хоолоо ямар тосонд шарах вэ? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД 2024/11/17
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК… 2024/11/16
Цацраг идэвхээс болоод олон толгойтой мал төрдөг үү? 2024/11/16
Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багта… 2024/11/16
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 2024/11/16
​“Скай хайпермаркет” ХХК Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр д… 2024/11/16