"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортээг, Оорцог, Ончхараат, Бортолгой гэсэн үндсэн таван хэсгийг эзэмшдэг.
Өнгөрсөн хугацаанд олборлолт зөвхөн Цанхийн хэсэгт төвлөрч байсан бол өнөөдөр /2026.06.20/ Бортээгийн уурхайн олборлолтын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлснээр Монголын уул уурхайн салбарын хөгжилд шинэ үе шат эхэлж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцлоо.
Бортээгийн хэсэг нь Тавантолгойн бүлэг ордын нөөцөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгдэх томоохон орд бөгөөд өнөөгийн судалгааны түвшинд ил аргаар ашиглах 424.2 сая тонн баталгаат нөөцтэй. Үүний 95 хувь нь 1/3 коксжих нүүрс, 5 хувь нь эрчим хүчний нүүрс юм.
Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 15 сая тонн нүүрс олборлох боломжтой юм. Цаашид ордыг бүхэлд нь судалснаар ил болон далд аргаар 100 гаран жил ашиглах боломжтой талаар мэргэжлийн баг үзэж байна.
Бортээгийн төслийг хэрэгжүүлснээр компанийн олборлолтын хүчин чадал нэмэгдэж, 1500 гаруй шинэ ажлын байр бий болохын зэрэгцээ үндэсний туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн оролцоо, чадавхыг нэмэгдүүлж, 3.4 сая хувьцаа эзэмшигчийн хүртэх үр өгөөжийг өсгөх ач холбогдолтой юм.
Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгосон боловч шаардлага хангасан оролцогч шалгараагүй. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны шийдвэр болон Засгийн газрын 2026 оны зургадугаар сарын 3-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу төслийг "Эрдэнэс Тавантолгой" ХК өөрийн менежментээр хэрэгжүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтран хөрс хуулалт, олборлолтын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөдөр бодит ажил хэрэг болж байна. Ингэснээр Тавантолгойн бүлэг ордын хөгжил, үр өгөөж бүхэлдээ үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар хэрэгжих нөхцөл бүрдэж, стратегийн ач холбогдол бүхий энэ ордын үнэ цэнэ, өгөөж бүхэлдээ Монгол Улсад үлдэх юм.
Урьдчилсан тооцооллоор уг төслөөс ойрын таван жилд цэвэр мөнгөн урсгал 1 тэрбум ам.доллараар, эхний арван жилд нийт 5.5 их наяд төгрөгийн ашиг бий болгох боломжтой гэж үзэж байна.
Энэ нь Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц үзүүлэх юм.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Тавантолгойн бүлэг ордын Цанхийн зүүн болон баруун хэсэгт 2010 оноос олборлолтын үйл ажиллагаа явуулж, 16 жилийн хугацаанд нийт 200 сая тонн нүүрс олборлосноор Монгол Улсад анх удаа ийм хэмжээний нүүрс олборлосон уурхай, компани болж түүхэн амжилт тогтоолоо. Энэ хугацаанд компани нүүрс олборлолт, борлуулалтын төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн сангийн орлогыг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй 3.4 сая иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшдэг "1072 хувьцаа"-нд нийт 208.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилаад байна.