Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа

Timesmn@gmail.com
2026/06/22

Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 10.00 цаг эхлэв.   Хуралдаанаар Төрийн нууцтай холбоотой хоёр ч хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулав.  Тухайлбал, Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг  ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүнээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг энэ долоо хоногийн хуралдаанаар явуулахаар болов.  Улмаар нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хууль, Хөдөө аж ахуйн тухай хууль, Нисэхийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсан.  

Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөн батлав

 Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг  нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ. Хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн тухай хууль дахь Үндсэн хуультай зөрчилдөж байсан зохицуулалтыг арилгаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг нийцүүлэн шинэчилжээ.Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан байдаг. Харин Ерөнхийлөгчийн тухай хуульд өмнөх зохицуулалт болох дөрвөн жилийн хугацааны заалт хэвээр үлдсэн байсныг ийнхүү өөрчилсөн байна. Ингэснээр Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуулийн үзэл баримтлал, зохицуулалттай бүрэн нийцэж, хууль хоорондын зөрчил ариллаа.Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ч.Ундрам нар ажилласан гэв.

 Хөдөө аж ахуйн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

 Хөдөө аж ахуйн тухай хуулийг баталлаа. Энэхүү анхдагч хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Б.Бат-эрдэнэ, Г.Хосбаяр нар УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг хууль нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь хамарсан анхны суурь хууль болж байгаагаараа онцгой ач холбогдолтой, хууль хэрэгжиж эхэлснээр хэд хэдэн томоохон өөрчлөлт гарна гэж үзжээ.  Тухайлбал, мал аж ахуй, тариалан, тэжээл үйлдвэрлэл, агро-ойн аж ахуйг нэг зорилго, нэгдсэн бодлогын хүрээнд уялдаа холбоотой хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна. Мөн түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх өртгийн сүлжээгээр нь хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд түүхий эд цуглуулах, ангилах, хадгалах, анхан шатны боловсруулах, борлуулах төвүүдийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр малчид, тариаланчид илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд оролцох өрсөлдөх чадвар сайжирч, илүү үр ашиг хүртэх боломж нэмэгдэнэ. Түүнчлэн төрийн дэмжлэг нь зөвхөн үйлдвэрлэл эрхэлж буй эсэхэд бус, чанар, бүтээмж, стандартын шаардлага хангасан байдал, экспортын чадавх, нэмүү өртөг шингээж буй эсэхэд суурилдаг шинэ зарчимд шилжиж байна. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд болон бусад эрсдэлийг урьдчилан үнэлэх, сэргийлэх, удирдах зохицуулалтыг хуульд тусгаж, эдгээрийг хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоотой уялдуулснаараа онцлог юм. Хөдөө аж ахуйн тухай хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 Улсын нисэхийн тухай хуулийг ингэж өөрчлөв

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Хууль баталснаар Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын ашиглаж буй агаарын хөлөг, нислэгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах эрх зүйн орчныг бүрджээ. Түүнчлэн улсын нисэхийн салбарын агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, нисэх бүрэлдэхүүний мэргэжлийн үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох, шаардлагатай тохиолдолд гадаадын мэргэжилтнийг гэрээгээр ажиллуулах эрх зүйн үндсийг тодорхой болгосон байна. Мөн УИХ, Засгийн газар болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагын заагийг тодорхой болгосноор удирдлагын давхардлыг арилгаж, салбарын засаглал, зохион байгуулалтыг сайжруулах ач холбогдолтой юм. Хуулийг хэрэгжүүлснээр улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр төрийн тусгай чиг үүргийн нислэгийн бэлэн байдал, шуурхай ажиллагаа дээшилж, нислэгийн аюулгүй байдал, хяналтын тогтолцоо олон улсын шаардлагад нийцсэн түвшинд хүрэх нөхцөл бүрдэж байна.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 117 (7859)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үй… 17 минутын өмнө
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа 1 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуй нэгж 10… 2026/06/18
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхи импортлогчдын лоббинд автсан улстөрчи… 2026/06/18
Жасулан Копберген удахгүй Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна 2026/06/18
Шинэ төрлийн залилах гэмт хэрэг... Та болгоомжил! 2026/06/17
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй 2026/06/17
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ? 2026/06/17
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон … 2026/06/16
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт тата… 2026/06/16
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг д… 2026/06/15
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын … 2026/06/15
Ван И-гийн айлчлалын эргэн тойронд 2026/06/15
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ного… 2026/06/12
“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой… 2026/06/12
“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн… 2026/06/10
Монгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов 2026/06/09
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөө… 2026/06/09
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж б… 2026/06/09
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах… 2026/06/09