Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Timesmn@gmail.com
2025/10/20


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Хориг тавьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Тогтоолд хориг тавих тухай

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ТГ-01/1202 дугаар албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна.

Нэг. Монгол Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, …”, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно.” хэмээн тус тус заасан байна.

Дээрх заалт ёсоор Улсын Их Хурлын гишүүдийн анх тавьсан санал буюу “Ерөнхий сайдыг огцруулах санал”-ыг дэмжих эсэхээр Улсын Их Хурал санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй” гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, түүнчлэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Хоёр. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дах хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн . . . хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.” хэмээн тус тус заасан.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” хэмээн хуульчилсан байна.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас эхлэн Улсын Их Хурлын гишүүд ирцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ.

Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь Чуулганы дэгийн тухай хуулийг илт зөрчсөн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, мөн Хорин долоодугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн … хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ…” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.

Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зоригийн илэрхийлэл болсон Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад, дотоод нэр хүнд, төрийн байгууллын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд онцгойлон сануулж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нобелийн шагналыг шилжүүлэх боломжгүй гэв 2026/01/12
Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана 2026/01/08
Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажи… 2026/01/08
Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах ш… 2026/01/07
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиуд 2026/01/07
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 2026/01/06
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд 2026/01/05
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион ба… 2026/01/05
“Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-2” төслийн хувийн хэвшлийн… 2025/12/26
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ 2025/12/24
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 2025/12/23
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг … 2025/12/23
Элчин сайд Н.Энхболд ачаа тээврийг сайдгүй шуурхай явуулах санал тавил… 2025/12/22
​ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНД ТӨВЛӨРӨХ НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ СОХ ДУТАВ УУ? 2025/12/22
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна 2025/12/19
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үй… 2025/12/19
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ? 2025/12/18
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: АЯЛЛААР ДАМЖУУЛАН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА… 2025/12/17
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 8 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж… 2025/12/11