Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хөгжлийн банкны хэргийг “гол гэрч”-гүйгээр шүүгээд байгаа юу?

Timesmn@gmail.com
2025/09/12

Шүүх байгууллага Хөгжлийн банкны хэргийг 2023 оноос эхэлж шүүн хэлэлцсэн. 2024 оны гуравдугаар сард Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргасан. Улмаар, 2024 оны арванхоёрдугаар сард Дээд шүүхээс зарим өөрчлөлтийг хийж, анхан шатны шүүхэд буцаасан. Тэр дагуу анхан шатны шүүх энэ долоо хоногийн эхнээс уг хэргийг шүүж эхлээд байна. Дээд шүүх, уг хэрэгт холбогдсон хүмүүсийг эрхэлж байсан ажил, албан тушаалын байдал, холбогдсон хэргүүдийн хоорондоо харилцан хамааралгүй байдлыг харгалзан үзэж таван үндсэн хэсэгт хуваан шийдсэн.

Ингэхдээ, Засгийн газрын гишүүдийн холбогдсон хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийн холбогдсон хэрэг, Хөгжлийн банкны хэлтсийн захирал, мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг, Зээл авсан аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалтан болон бусад хүмүүсийн холбогдсон хэрэг гэж хуваажээ.

Тиймээс, анхан шатны шүүхээс тухайн үеийн  Шинэчлэлийн Засгийн газрын гурван сайдаас мэдүүлэг авахаар дуудсан байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг тухайн үеийн Засгийн газрын гаргасан “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай”, мөн “Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тухай” тогтоолуудтай холбож буруутгаад байгаа юм. Тиймээс өмгөөлөгчид нь асуудал хариуцаж байсан салбарын сайдуудаас мэдүүлэг авахаар дуудуулжээ. Энэ дагуу шүүх хуралд Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Зам тээврийн сайд асан А.Гансүх нар ирж хариуцаж байсан ажлуудаа ярьсан байна. Харин “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг хариуцсан салбарын сайд болох Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан шүүхэд очоогүй байна.

Ер нь бол, Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхдөө “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолын дагуу барилгын арматурын үйлдвэр байгуулахаар зээл авсан “Бэрэн” компанитай холбоотой асуудалд нэлээд “анхаарсан” байдаг.

Тухайлбал, Дээд шүүх “...Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. ...Мөн 2014 онд Хөгжлийн банкны ТУЗ-өөс “Бэрэн” ХХК-д хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон гэх хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар хууль, тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар үйл баримтын болон хууль зүйн дүгнэлтийг хангалттай түвшинд хийгээгүй байна” гэж дүгнэсэн.

Шүүх хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “…Засгийн газрын 299 дүгээр тогтоолыг үндэслэн намайг буруутгадаг. Тэр нь бүтэлгүйтээд ирэхээр 256 дугаар тогтоолоор яллах гэж оролдож байна. Нүдэнд чинь харагдаж байгаа гэрэл цахилгаан, машины чинь дор чихарч байгаа зам, жижиг, дунд үйлдвэрүүд гээд олон зүйлийг “Чингис” бондоор бүтээсэн. Гэтэл “Чингис” бондыг Н.Алтанхуяг болон АН-ынхныг намнах хэрэгсэл болгож ирлээ. Хүнийг айлгаж, хөтөлж, тулгаж байгаад золигт гаргах хүнийхээ нэрийг хэлүүлдэг технологийг манай хүчнийхэн ашигладаг. Би цаашид дахин олон хүнийг хэлмэгдүүлсэн дурсгалыг тэмдэглэмээргүй байна” гэв. Мөн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “…Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монгол Улсад шинээр 3000 км авто зам тавьсан. Гэтэл 2012 оныг хүртэл манай улсад тавигдсан нийт замын урт 3000 км хүрэхгүй байсан. Хоёрхон жилийн дотор 90 жил тавьсан замыг “дабльдаж” тавих тэр шийдвэрийн төлөө өнөөдөр биднийг буруутгаж сууж байгаадаа ичих хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг “…“Чингис хаан” бондыг гадаадаас босгож, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэх шийдвэрийг УИХ, Засгийн газар, ЕТГ-ын хүрээнд хамтаар шийдвэрлэсэн”, Зам тээврийн сайд асан А.Гансүх “…“Чингис бонд”-ын асуудлаар ҮАБЗ-ийн чиглэл гарч, ЕТГ, УИХ, Засгийн газар, Монголбанк зэрэг олон газрын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Бондын зөвлөл байгуулагдаж байсан. Бондоос төслүүд санхүүжүүлэх шийдвэрийг хамт гаргацгаасан” гэсэн юм. Харин “Бэрэн”-гийн асуудлаар бодит тайлбарыг хийх гол хүн нь тухай үеийн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан юм байна. Гэвч, тэр шүүхийн дуудсанаар очилгүй, уг хэргийг “гол гэрч”-гүйгээр шүүгээд эхэлсэн болж таараад байна.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 171 (7668)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 20 цагийн өмнө
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 22 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02