Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна

Timesmn@gmail.com
2025/08/13

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна

Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 09-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж буй. Энэ хугацаанд авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн танилцууллаа. Тус баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан, ажиллаж байна. 

2025 оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийнх нь амжилтгүй болж,  20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс зарсан. Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ долоодугаар сарын эхээр өсөж тонн нь 700 юаниас 1000 юань болж өссөн бөгөөд биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар долоодугаар сараас наймдугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд 23 удаагийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс борлуулжээ. 

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

2025 оны зургадугаар сард “Эрдэнэс Тавантолгой”-н дансанд 90 сая ам.доллар орсон бол 2025 оны долоо болон наймдугаар сарын эхний 10 хоногт нийт 210 сая ам.доллар орж, валютын нөөц нэмэгдүүлсэн байна.

Нүүрс тээвэр болон зарим төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашиглалтад оруулах, төслийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зорилгоор Хяналт шалгалтын баг, техникийн ажлын хэсэг ажиллаж байна. Мөн компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр, зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд эхний ээлжинд худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргийн давхардлыг арилгаж, бусад  чиг үүргийн давхардлыг арилгах бэлтгэл ажлыг хангаж байна. Дунд хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна зэрэг мэдээллийг өглөө.

Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина

Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарна.

Зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж байна. Тус шалтгаант нас баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд байна. Иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй байна.

Монгол Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлж байна. Тус эмнэлэгт  2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр тооцоолжээ. 

“Зүрх судасны үндэсний төв” төслийн хүрээнд нийт 119 ортой эмнэлэг барихаар төлөвлөж байна. Тус төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /25.13 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. 

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана

Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх аймгийн үнэт цаасыг тухайн жилийн төсвийн тухай хууль, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад зөвшөөрлөө. 

Аймгийн үнэт цаас гаргах хэмжээ болон санхүүжүүлэх дүнг жил бүрийн төсвийн төсөлд тооцож тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нарт, аймгийн үнэт цаас гаргах замаар төвлөрүүлсэн хөрөнгийг энэ тогтоолд заасан зориулалтын дагуу зарцуулж, үнэт цаасны эргэн төлөлтийг аймгийн төсөвт тусгах арга хэмжээ авч, хуваарьт хугацаанд төлж барагдуулахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад тус тус даалгав.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ өсөж байна. 2023 онд 59.2 сая кВт.ц байсан бол 2033 онд 105.8 сая кВт.ц-д хүрнэ гэж тооцоолжээ. Мөн төвлөрсөн системийн оргил ачаалал 2023 онд 1,636 МВт хүрч, 2022 оноос 11.3 хувиар өссөн нь суурь хэрэглээний аюулгүй байдлыг хангах, дэмжих эх үүсвэр хэрэгцээтэй байгааг харуулж байна. Одоо ашиглаж буй 9МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц нь хуучирсан, 30.6 сая кВт.ц хэрэглээг даах чадвартай, үлдсэн хэрэглээг төвийн эрчим хүчний системээр хангаж байгаа нь найдвартай бус байна. Иймд өсөж буй хэрэглээг хангах хүрээнд 50МВт-ын хүчин чадалтай дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц барих шаардлага үүсээд байна.

Уг станц нь зөвхөн Даланзадгад сумын хэрэглээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээнд эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан хангамж бий болгох, уул уурхайн төсөл, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд суурь дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж үзлээ. Өмнөговь бонд гаргаж буй анхны аймаг болж байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экс… 11 цагийн өмнө
2025 оны эхний долоон сарын байдлыг 2024 оны мөн үетэй харьцуулахад ни… 17 цагийн өмнө
Хууль зүйн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах та… Өчигдөр
Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьса… Өчигдөр
Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаа… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэч… Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ … Өчигдөр
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 204 хороо тус бүрд тохижилтын ажил хийж… 2025/08/11
AFC CHALLENGE LEAGUE ТЭМЦЭЭНИЙ УРЬДЧИЛСАН ШАТНЫ ТОГЛОЛТ ЭХЭЛЛЭЭ 2025/08/11
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг б… 2025/08/11
Монгол Тайванийн дээд лингийн тамирчдын тоглолт маргааш болно 2025/08/11
Ерөнхийлөгчийг УИХ-уу, Ерөнхийлөгч Засгийн газрыг уу?! 2025/08/11
О.Цэрэндондог: Нууц гэрээ гэж байхгүй. Хуулийн хүрээнд арилжаа явж бай… 2025/08/08
Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм бай… 2025/08/08
Хувьчлал яригдаж, Б.Хурц яриад эхэлсэн нь “...Л.Оюун-Эрдэнийн үе дуусс… 2025/08/08
ДЦС-5 төслийн уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад орсон 2 оролц… 2025/08/06
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яри… 2025/08/05
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “эзэн”-д нь буцаах улс төрийн тохиро… 2025/08/05
Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг “ТАСО” к… 2025/08/04
Монголбанкны ерөнхийлөгч улс төр, доллар хоёрын “хайч дундах халиуны з… 2025/08/04