Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Timesmn@gmail.com
2025/07/12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Дэлгэр Монгол орны минь түмэн үзэсгэлэн бүрдэж, усны тунгалаг, ургамлын сор жигдэрсэн энэ сайхан өдрүүдэд монголчууд бид төрт ёсны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, тэгш сайхан тэмдэглэлээ.

Тал нутгаа хотолзуулсан хурдан хүлгийн төвөргөөн, хүй мандлаа өндөлзүүлсэн хүчит бөхийн дэвээ, хөх тэнгэртээ исгэрсэн эрчит сумын уухайн дор монголчууд бид сүлд хийморио сэргээж, сэтгэл оюунаа баясган хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.

“Наадмын маргааш намар” хэмээн манай ард түмэн хэлдэг.

Байгалийн ёс, цагийн эрхээр хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахыг санаж, хатуу өвлийг өнтэй, хахир хаврыг хавтай давах бэлтгэлээ эртнээс базааж, аж амьдрал, ажил үйлсээ цэгцэлж, төр, засаг, түмэн олноороо цаг алдалгүй хичээнгүйлэн зүтгэх учиртай.

Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ.

Тиймээс монгол хүн бүр халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж, уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, улс эх орноо хөгжүүлж, ард түмнээрээ амар амгалан амьдрах учиртай.

Аргамаг хүлгүүд нь хурдан, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ийнхүү энэ жилийн өнгө жавхааг нэмж, итгэл зоригийг дүүргэж, цог хийморийг бадраан ёслол төгөлдөр өндөрлөж байна.

Монгол наадам өнө мөнхөд оршиж, монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс байж, монгол түмний сүлд хийморь өнө мөнхөд бадрахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2026/11/25
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй 2026/11/25
Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ 2026/11/24
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна 2026/11/24
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт з… 2026/11/23
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХ… 2026/11/23
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ? 2026/11/23
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол 2026/11/20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… 2026/11/20
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13