Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “эзэн”-д нь буцаах улс төрийн тохироо хийсэн үү?

Timesmn@gmail.com
2025/08/05

Уг нь, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” яахын аргагүй Монгол Улсад стратегийн ач холбогдолтой байгаад байдаг. Гэтэл, улс төрийн нөлөөгөөр харьяалал нь ийш тийшээ болоод, эзэмшил нь наашаа цаашаа хөдлөөд байдаг юм. Сар гаруйн өмнө Монголын улс төрд томоохон “өөрчлөлт” явагдсан. Түүнийг дагаад, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дахиад л өөрчлөгдөхөөр болж буй бололтой. Улс төрийн хүрээнд ярьж буйгаар, “…“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “эзэн”-д нь буцаах улс төрийн тохироо хийгдсэн” гэх юм. Нэмээд, энэхүү улс төрийн “бор шувуу”-г батлах мэт Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн амралтын өдрүүдээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллахдаа “…Бодлогын уялдаа хангагдаагүй, мэргэжлийн яамны оролцоо хангалтгүй, уялдаа холбоо сул байснаас гангийн төсөл тодорхойгүй байдалд орж, бодлогын алдаа гарсан нь тодорхой болжээ. Энэ алдааг даруй засч, төслийг эрчимжүүлэх арга хэмжээ авч эхэлнэ. “Эрдэнэс Монгол” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” тус тусдаа өөр өөр төслийн нэгжтэй ажиллаж байна. Энэ нь мэдээллийн зөрүү, зардлын давхардал зэрэг асуудал үүсгэж буй. Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас нэгдсэн бодлогын удирдамжаар хангаж, зохион байгуулалтыг сайжруулна” гэж мэдэгдээд авлаа. Нэг үгээр, тэрээр “…“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “Кью Эс Си”-гээс төрд шилжүүлсэн нь буруу байсан” гээд хэлчихэв. Ер нь бол, “…Энэ үйлдвэр төрд байхдаа муу байдаг” гэвэл өрөөсгөл юм. Лав л, Т.Ганболдыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар 2006-2009 онд ажиллахад “…Ашигтай” л гэгддэг байв. Т.Ганболд өөрөө ч энэ талаар хэвлэлд ярьсан. Тэрээр “… Намайг энэ үйлдвэрийг авахад хүчин чадлынхаа дөнгөж 20 гаруй хувийг ашигладаг байсан. Би 88 хувь болгосон. Олон банкинд өртэй, тог, дулаанаа хаалгачихсан байхад нь татварын хуримтлагдсан 20 гаруй тэрбумтай нь хамт дарсан. Тэгээд, үйлдвэр орлоготой, чөлөөт сул үлдэгдэлтэй болж байсан юм. Яагаад гэвэл, тухайн үед энэ үйлдвэрт эрүүл, зөв менежмент хийсэн. Дээр нь иргэний идэвх зүтгэл гаргаж байгаад асар том стратегийн орд газруудыг олж авчирч байсан. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй баримттай бодит үр дүн” гэсэн. Түүнчлэн, “…Бүлэглэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр концесс гэдэг нэрийн дор шилжүүлж авсан байдаг. Төмрийн үйлдвэрээсээ гадна 450 сая тонн төмрийн хүдрийг адаглаад нэг доллараар бодоход 450 сая ам.долларын үнэлгээтэй компани байхгүй юу. Гэтэл үүнийг үнэгүй авсан юм. “…Металлургийн үйлдвэр барина” гээд хугацаа нь гурав дахин хэтрээд дээр нь өрсөлдөөнгүй концесс авсан. Кконцессоо зөрчиж хугацаандаа үйлдвэрээ бариагүй. Төрийн өмчит үйлдвэрийг Хөгжлийн банкинд барьцаалж их хэмжээний зээл аваад хувьдаа зарцуулчихсан. Энэ хулгай, луйвар, үе үеийн засаг төрийн хөшигний ар дахь хуйвалдааны гайгаар олон жил улс орны эдийн засаг, хөгжил, иргэдийн амьжиргааг уруудуулсан юм. Аз болж өнөөдөр төр өөртөө авч байна” гэж ярьсан нь бий.

Тэгвэл, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” анх яагаад “хөдөлгөөн”-д орсон бэ. Засгийн газрын 2008 оны “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ТӨХ-ны даргын 2009 оны 333 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс “Кью Эс Си” ХХК-ийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг концессын гэрээгээр хувьчлах тендерт санал болгосон. Улмаар, Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг ЭЗХ-ийн сайдад олгож, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд “Кью Эс Си” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг ТӨХ-нд үүрэг болгосон. Энэ дагуу ТӨХ-ны 2014 оны 155 дугаар тогтоолоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-д шилжүүлжээ. Гэтэл, дараа нь Сангийн яам, ТӨБЗГ, Татварын ерөнхий газар, ГЕГ-ын хамтарсан шалгалтаар “…“Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хөрөнгийн удирдлагын эрхийг хэрэгжүүлэхдээ концессын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, олон зөрчил гаргаж, нийт 1 233 781 640 000 төгрөгийн хохирол учруулсан” гэдгийг тогтоосон. Тиймээс, ТӨБЗГ-аас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн, НПГ-аас “…“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон” гэдэг асуудлаар нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн. Цаашлаад, Засгийн газрын 2022 оны “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоол, ТӨБЗГ-ын 2022 оны “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-аас буцаан шилжүүлэн авах тухай” 123 дугаар тогтоолоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн концессыг хүчингүйд тооцож төрийн өмчид буцаан авсан. Ийм л зүйл болсон.

Тухайн үед, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “…Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж ажиллаж байгаа ч мэдээлэлд ойр, улс төр, эрх мэдлийн давуу байдлаараа ард түмний өмчид халдсантай эвлэрэхгүй. Засгийн газар тус компанийн учруулсан бодит хохирлоос гадна алдагдсан боломжийг үнэлж байна. Олон улсын зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан. Зургаан компанид борлуулалтын хөнгөлөлт үзүүлж, 15 компанид өөрийн өртгөөс бага үнээр борлуулсан. Мөн 61 компанид зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр борлуулсан. Эдгээрийн өртгийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцоход 3.5-5 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг олох боломжтой байсан. Гэвч, өнөөдөр борлуулалтын орлого 1.8 их наяд төгрөг гэжээ. Үүний цаана маш их алдагдсан боломж бий. Борлуулалтын орлого оффшор бүсэд бий гэсэн хардлага байна. Хууль хяналтын байгууллага үүнийг олж тогтоох ёстой. Энэ их хэмжээний байгалийн баялгаас орж ирэх ёстой байсан АМНАТ-ын орлогыг хэдээр тооцож, яаж олж авах вэ” гэж байсан юм. Харин, “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир өөр зүйл ярьдаг. Тэрээр хэвлэлд “…Бид тоггүй болохоор цахилгаанаар ажиллах гангийн үйлдвэр барих боломжгүй болсон. Тиймээс, 2017 оноос эхлээд гангийн үйлдвэрийг барьж байгуулах төслөө өөр бага эрчим хүчний хэрэглээтэй технологиор хэрэгжүүлэхээр өөрчлөлт хийж эхэлсэн. Үүн дээр мэргэжлийн байгууллага, яам, тамгын газруудтай хамтраад явж байсан. Гэтэл цар тахал гарсан. Энэ үед ч бид ажлаа зогсоолгүй бага багаар явуулсаар л байсан. 2021 оны есдүгээр сард ТЭЗҮ-ээ коксын эрчим хүчээр ажилладаг домен зуухны технологиор хийгдэх гангийн үйлдвэрлэлийн төслийг ЭБМЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлсэн. 2021 оны арванхоёрдугаар сард ТЭЗҮ-ээ батлуулсан. Төртэйгээ хамтраад л явж байсан. Тэгтэл 2022 оны дөрөвдүгээр сард “…Гангийн үйлдвэрлэлтэй холбоотойгоор “Кью Эс Си” ХХК-ийг юу ч хийгээгүй байна” гэх үндэслэлгүй шалтгаанаар концессын гэрээг цуцалж гацааж зогсоосон. Ингээд л биднийг хашаанаас хөөгөөд гаргачихсан. Тиймээс бид 2022 оны тавдугаар сараас бид шүүхэд хандаад явж байна. Захиргааны хэргийн шүүхийн процесс удаашралтай, одоог хүртэл үргэлжилсээр байна” гэдэг. Э.Шижир бас, Хөгжлийн банкны сонсгол дээр “…Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэгтэй хамааралгүй” гэж мэдэгдсэн.

Эндээс үзэхэд, Засгийн газар “Кью Эс Си”-д эрүүгийн хэрэг, “Кью Эс Си” нь Засгийн газарт захиргааны хэрэг үүсгүүлчихээд, аль аль нь шийдэгдэхгүй явж байгаа юм байна. Ийм үед “…“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “эзэн”-д нь буцаах улс төрийн тохироо хийгдсэн” гэдэг яриа тарлаа. “…Даарин дээр давс” гэдэгчлэн, сүүлийн өдрүүдэд “Кью Эс Си”-гийн Э.Шижир ч том том дуугараад эхэлсэн нь ч хардлагыг лавшруулж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 142 (7639)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажилл… 18 цагийн өмнө
"Шинэ Хөршийн Санаачилга" ТББ АНУ-ын Конгрессын ордонд гурав дахь жилд… 19 цагийн өмнө
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ? 20 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн ха… 2026/03/13
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ 2026/03/13
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/03/11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ 2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина 2026/03/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр б… 2026/03/10
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ир… 2026/03/09
2026 онд жуулчдыг татах стратеги боловсруулсан таван улс 2026/03/09
​Менингококкт халдвар 2026/03/06
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа 2026/03/06
Трампын Иранд өгсөн цохилт Конгресст маргаан дагуулж байна 2026/03/06
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна 2026/03/05
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/03/04
Intl community should take a clearer and firmer stand in opposing law … 2026/03/04
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан ч тодорхой шийдвэр гаргасангүй 2026/03/04
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дуусла… 2026/03/03