Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

Timesmn@gmail.com
2025/06/10

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын цэргүүдийг дайчлах зарлиг гаргасан. Тэгвэл энэ нь хууль бус үйлдэл болсон уу гэсэн бас нэгэн маргааныг бий болгоод байна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас Лос Анжелес хотод АНУ-ын цагаачлалын албаны ажилтнуудын эсрэг эсэргүүцлийн арга хэмжээ эхэлж, цааш үргэлжилсээр илүү хурцадмал нөхцөлд хүрээд байна. Баасан гарагт ерөнхийлөгч Трамп зарлиг гаргаж Лос Анжелес хотноо Үндэсний хамгаалалтын цэргүүдийг байрлуулаад байгаа. Харин Калифорни мужийн амбан захирагч үүнийг хууль бус хэмээн үзэж байна. Эл асуудлаас үүдэн АНУ-ын улстөрчид Трамп үндэсний гвардыг дайчилсан нь зөв, буруу гэсэн хоёр тал болон хуваагдав. Бүгд Найрамдах намын голдуу хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн зөв хэмээн үзэж байгаа бол Ардчилсан намын сенатчид эсрэг байр суурьтай байна. Ардчилсан намын сенатор Крис Марфи “Трамп энх тайван байдлыг хадгалах, нөхцөл байдлыг намжаах талаар огт оролдохгүй байна. Харин ч галыг улам өрдөж, талцал бий болголоо” хэмээн эрс шүүмжилжээ.

Лос Анжелес хотын эсэргүүцлийн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Гартаа Мексикийн далбаа барьсан олон хүн “Трампын Цагаачлалын бодлого хууль зөрчсөн” “Цагаачлалын террорыг зогсоо” зэрэг бичиг барин эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд Лос Анжелес хотын цагаачдыг албадан гаргах байрнаас эсэргүүцлээ эхэлсэн бол гурав дахь өдрөө улам өргөжиж, гол замыг хааж, цагдаа нар руу чулуу нүүлгэн, “Та нарын өмнөөс ичиж байна” хэмээн орилж байгаа нь дүрс бичлэгээс харагдаж байгаа юм. Нөхцөл байдал дээрдэхгүй хэвээр байгаа бөгөөд зарим газарт автомашинуудыг шатааж, эмх замбараагүй байдал бий болжээ. Цагдаа нар энэхүү жагсаалын эсрэг нулимс асргаруулагч хий болон хийн буу ашиглаж эхэлжээ.

Баасан гарагийн эсэргүүцлийн жагсаалд 1000 гаруй хүн оролцсон гэж тэмдэглэж байсан бөгөөд 44 хүнийг баривчилсан бол бямба, ням гарагт нэмж 20 гаруй хүнийг баривчилсан байна.

Ерөнхийлөгч Д.Трамп хууль бус цагаачлалын эсрэг бодлогыг эрчимжүүлснээр улс орон даяар цагаачдыг баривчлах, албадан нутаг буцаах үйл ажиллагаа өрнөж байгаа. АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын газрын дарга Тодд Лайонсийн мэдээлснээр тус албаныхан өдөрт дунджаар 1.600 орчим хууль бус цагаачдыг баричвлан саатуулж байгаа нь урьд өмнө байгаагүй өндөр тоо юм. Тиймээс Холбооны засгийн газар Цагаачдын эсрэг хэтэрхий хатуу бодлого баримталж байна хэмээн жагсаалыг эсэргүүцэгчид үзэж байна.

 Трамп гвардыг дайчилсан нь хууль зөрчсөн үү?

Ерөнхийлөгч Трамп зарлиг гаргахдаа АНУ-ын Зэвсэгт хүчний үүргийг тодорхойлсон Холбооны хуулийн 10 дугаар бүлгийг эш татсан байна. Энэхүү  хуулийн 12406 дугаар зүйлд “АНУ руу халдан довтолсон, бослого болон бослогын аюул гарсан тохиолдолд, ерөнхий хүчнийхэн АНУ-ын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд ерөнхиийлөгч Үндэсний гвардийн ангийг холбооны албанд оруулах эрхтэй” гэсэн агуулга байдаг аж.

Харин Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсомын зүгээс ерөнхийлөгчийн зарлиг 1878 онд батлагдсан “Posse Comitatus Act” хуулийг зөрчиж байна хэмээн мэдэгджээ. Энэхүү хуульд зааснаар АНУ-ын арми, тэр дундаа Үндэсний гвардийг иргэний хууль сахиулах ажиллагаанд оролцохыг ерөнхийд нь хориглодог бөгөөд мужид болж буй үйл явдал нь иргэний шинжтэй учир гвардын цэргийг дайчилж байгаа нь хууль бус хэмээн үзэж байна.

Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом ерөнхийлөгчийн зарлигийг хэтрүүлсэн үйлдэл хэмээгээд, Трамп зөвхөн “үзүүлбэр үзүүлэхийг” хүсч байна гэж мэдэгдсэн бол ерөнхийлөгч мужийн захирагчийг дэг журам сахиулж чадаагүй хэмээн буруутгав.

Трампын зарлигт үндэслэсэн 12406 дугаар зүйл нь цэргүүдэд хууль сахиулах үйл ажиллагаа явуулж буй холбооны төлөөлөгчдийг хамгаалах, холбооны өмчийг хамгаалах эрхийг олгодог. Өөрөөр хэлбэл, Үндэсний гвардийн цэргүүд АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн албаныхныг хамгаалж болох ч жагсагчдыг баривчлах ёсгүй хэмээн тайлбарлаж байна.

Зарим шинжээчид Д.Трамп цагаачлалын эсэргүүцлийн эсрэг, Калифорнийн захирагчийн оролцоогүйгээр үндэсний гвардыг томилсон нь хурцадмал байдлыг улам хурцатгаж болзошгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ. Учир нь Калифорни дахь эсэргүүцлийн жагсаал “бослого” болтлоо өргөн хүрээнд хамраагүй хэмээн үзэж болно. Гэхдээ АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс болон Батлан хамгаалахын сайд нар энэ бол бослого хэмээн мэдэгдээд байгаа билээ.

 Калифорни мужийн захирагч хэлмэгдүүлэлт явуулж байна хэмээн ерөнхийлөгчийг буруутгав

Ардчилсан намаас сонгогдсон мужийн захирагчийн зүгээс ерөнхийлөгч өөртэй нь санал нийлэхгүй байгаа эсвэл засаг захиргааныхаа бодлогыг шүүмжилсэн улс төрийн үг хэллэг, үйл ажиллагааг нухчин дарахын тулд хэлмэгдүүлэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна хэмээн мэдэгджээ.

Калифорни мужийн зүгээс “бослого” эсвэл үндэсний хэмжээний аюул занал учруулаагүй байхад Үндэсний гвардийн цэргүүдийг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой тухай шинжээчид үзэж байна. Гэхдээ шүүхийн маргааныг шийдвэрлэхэд нэлээд хэдэн сар шаардагдах бөгөөд үр дүн нь тодорхой биш юм. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө жагсаал дуусч магадгүй тул шүүхэд өгөх шийдвэр нь хуулийн гэхээсээ илүү улс төрийн асуудал байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Харин асуудал намжихгүй бол Д.Трамп 1792 оны Бослогын тухай хуулийг хэрэглэж, илүү өргөн хүрээтэй алхам хийж магадгүй хэмээн үзэх хуульчид бий. Энэ хууль нь цэргүүдийг иргэний хууль сахиулах ажиллагаанд шууд оролцох боломжийг олгодог байна. Гэхдээ энэхүү цагаачдын бодлогын эсрэг эсэргүүцлийг АНУ-ын иргэдийн эсрэг цэрэг оруулахыг шаардсан “бослого” болгон зарлах нь илүү эрсдэлтэй. Бослогын тухай хуулийг өмнө нь 1794 оны Вискиний бослого, Америкийн иргэний дайны дараах Ку Клукс Клан зэрэг хямралын үед ашиглаж байжээ. Энэ хуулийг хамгийн сүүлд Ерөнхийлөгч Жорж Буш 1992 онд Калифорнийн амбан захирагч Родни Кингийн шүүх хурлын дараа Лос Анжелес дахь үймээн самууныг дарахын тулд ашиглаж байжээ.

Б.НЯМСҮРЭН

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 108 (7605)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа 3 цагийн өмнө
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсө… 6 цагийн өмнө
172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглал… 7 цагийн өмнө
АЧАА ДААХ 70-ААД ОНЫХОН Өчигдөр
Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна Өчигдөр
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу? Өчигдөр
MGL-1 Fighting Championship #22 - “Khangarid Cup” тэмцээнд олон улсын … 2025/06/06
“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж … 2025/06/05
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо 2025/06/04
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбу… 2025/06/04
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/03
Талбайд жагсаал үргэлжилж, Төрийн ордонд Ерөнхий сайдад итгэх эсэх асу… 2025/06/03
​ХҮҮХДЭЭ УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРУУЛААРАЙ 2025/06/02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сер… 2025/06/02
"ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" ОЛОН УЛСЫН ХУРЛЫ… 2025/05/23
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах… 2025/05/23
“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих санг… 2025/05/23
Ц.Уранчимэг:ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛЫГ ХАМТДАА ШИЙДЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ Б… 2025/05/22
“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ… 2025/05/22
Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна 2025/05/21