Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Timesmn@gmail.com
2025/05/06

Уг нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардагдах усны эх үүсвэрийг шийдвэрлээгүйгээс цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орох боломжгүйд хүрчээ” гэсэн дүгнэлтийг төрийн хяналт, шалгалтын байгууллагаас хийж байв.

Гэсэн ч, олон жил яригдсан Тавантолгойн уурхайн нүүрсийг угаах, баяжуулах үйлдвэр өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад орсон. Албаныхан “…“Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн төслийн эхний ээлж нь болж буй тус үйлдвэр жилд 10 сая тонн нүүрсийг баяжуулах хүчин чадалтай” гэж байв.

Үүнээс сарын дараа УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Тавантолгойн уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонссон. Тэр үеэр нүүрс баяжуулах үйлдвэрийн усны хэрэглээний асуудал хөндөгдөж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Жангабыл “…Энд нэг хувийн “Админерал” компани бас нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа юм. Миний авсан мэдээллээр бол хуурай аргаар ус хэрэглэхгүйгээр нүүрс баяжуулдаг гээд сонссон. Тэгэхээр танай үйлдвэр энэ технологиор ус хэрэглэхгүй хуурай аргаар нүүрсээ баяжуулж болдоггүй юм уу” гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн газрын дарга Ө.Нямаа “…“Админерал” гээд компанийн технологи бол зургаагаас доош миллиметртэй нүүрсийг бол баяжуулах боломжгүй. Ийм нүүрсийг хуурай бус, нойтон аргаар баяжуулах ёстой” гэж хариулж байв.

Тэгвэл саяхнаас энэхүү нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой албаны хяналт шалгалтын талаарх албан бус мэдээлэл яригдах болсон. Бид өмнө нь “…Тус баяжуулах үйлдвэр нь тээй холбоотой ноцтой зөрчлийг хууль, хяналтын байгууллагаас илрүүлсэн. Эх сурвалж тус нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийг эхнээсээ уурхайгаас нь хол барьсан нь үүнтэй холбоотой байж болзошгүй” гэсэн мэдээллийг хүргэсэн.  Гэвч, уг мэдээллийг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан няцаасан. Харин, Тавантолгойн уурхайн нүүрсийг шинээр барьсан нүүрс баяжуулах үйлдвэрт нь бус уурхайд нь шахам байрлах хувийн үйлдвэр угаадаг аж. Үнэхээр ч уурхайгаас нүүрс баяжуулах үйлдвэр хүртэлх зай нь хол юм байна. Энэ талаар УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дээрх хуралдаан дээр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн “…Үйлдвэрийн байршлыг сонгохдоо ер нь юун дээр үндэслэсэн бэ. Яг ордоосоо нэлээд хэмжээний зайтай байна вэ” гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог “…Яг одоо олборлолт явж байгаа Цанхийн уурхайгаас үйлдвэр 15 орчим километрийн зайтай байрлаж байна. Тавантолгойн орд маань өөрөө 64 мянган га талбайг хамаарсан таван тусдаа ордоос бүрдсэн. Тэгэхээр ирээдүйн олборлолтод өртөх нөөц байршлуудаа бодож талбайг сонгосон. Одоогийн сонгосон байрлал нь Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын голд байрлаж байна. Мөн дээрээс нь Цанхи, Онч хараат, Бор толгой гэсэн гурван ордын голд байрлалтай” гэж байсан юм. Уурхайгаас олборлосон нүүрсийг ийм зайд тээвэрлэж угаахад зардал нь нэмэгдэнэ. Хар яриагаар бол, алт шиг үнэтэй нүүрс болно. Үүнтэй холбоотой юу, эсвэл өөр учир шалтгаантай юу, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн шинэ баяжуулах үйлдвэр нь одоогоор өөрийнхөө уурхайн нүүрсийг угааж, баяжуулахад хүндрэлтэй л байгаа бололтой. Энэ үүргийг хувийн үйлдвэр гүйцэтгэдэг байна. Харин тэр “…Хувийн” гэх тодотголтой нүүрс угаах, баяжуулах үйлдвэр хэнийх вэ. Зарим хууль, хяналтын байгууллагаас эзнийх нь эрэлд гараад байгаа аж.

Үүнээс гадна, Тавантолгойн уурхайн хөрс хуулалтын үйл ажилллагаанаас ноцтой зөрчил илэрсэн байж болзошгүй байна. Тендерт шалгарсан гадаад, дотоодын компаниуд хөрс хуулалтын ажлыг хийдэг. Энэ үйл ажиллагааны зардал буюу төлбөр нь гаднын компанид өндөр, дотоодын компанид хямдаар тогтоогдсон байна. Тодруулбал, хөрс тээвэрлэх зай нь ойрхон ч гаднын компани бол өндөр, харин хол зайтай атал дотоодын компаниуд үүнээс бараг хоёр дахин бага төлбөртэйгээр уг ажлыг гүйцэтгэдэг байгаа юм.

Иймэрхүү хардлага, эргэлзээ төрүүлсэн мэдээллүүд гараад эхлэв. Өөр бусад ноцтой асуудлууд ч удахгүй дэгдэж мэдэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, “…Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү” гэдэг асуулт тавигдаж байх шиг байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 84 (7581)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 1 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02