Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ховор элементийн төлөө хошуурах нь...

Timesmn@gmail.com
2025/04/04

Технологийн шинэ эрин зуунд тэргүүлэх байр сууриа алдахгүйн төлөөх өрсөлдөөн улс орнуудыг газрын ховор элементийн төлөөх уралдаан руу асар хурдтай аваачсан нь өнөө цагийн геополитикийн нөхцөл байдлаас шууд харагдах болов. Товчхондоо бол хэн хүчтэй нь бус хэн ховор элементийг ашиглах боломжтой байгаа нь илүүрхэж тэр хэрээр технологи, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт тэр байтугай улс үндэстний аюулгүй байдлаа бодитоор хамгаалах гээд дэлхийд ноёрхлоо тогтоох цаг иржээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд АНУ Орос Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээг байгуулах гол тоглогч болж байгаагийнхаа хариуд Украинтай газрын ховор элементийн гэрээ байгуулах ашиг сонирхлоо илэрхийлээд байгаа. Хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа энэ хэлэлцээрийн үр дүнд АНУ гурван жил үргэлжилсэн дайныг зогсоосныхоо төлбөрт Украины байгалийн баялгийг ашиглах болзол тавьж байгааг бид мэднэ. Мөн  АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Гринландыг авах тухай онцгойлон анхаарах болсны шалтгаан ч үнэндээ энэ арал улсад байгаа асар их баялаг нөөцтэй холбоотой. Тэгвэл АНУ-д ховор элементийн ашиг сонирхол яагаад ийм гүнзгий нэмэгдэх болов гэдэг асуулт яалт ч үгүй гарч ирнэ. Тэгвэл тус улсын Аспен институтийн гаргасан” АНУ-ын газрын ховор элементийн өнөөгийн бодлого, Конгрессээс хүлээх хүчин зүйлс” илтгэлд “Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байгаагийн хэрээр АНУ-д газрын ховор элементийн хүртээмжийг хариуцлагатай, тогтвортойгоор нэмэгдүүлэх стратегийн зорилго илүү тулгарах болов” хэмээн бичсэн байна.

 Сүүлийн олон арваны турш технологийн хүчээр дэлхийд тэргүүлж эдийн засгаар ч, улс төрийн манлайллаар ч дэлхийн зохицуулагчийн байр сууриа хадгалж ирсэн АНУ-ын гол өрсөлдөгч БНХАУ технологийн салбарт цойлон гарч ирсэн нь маргаангүй. Ганцхан энгийн жишээ гэхэд Apple, Tesla-аар гайхашруулдаг байсан АНУ-ын өөдөөс БНХАУ-ын Huawei, BYD гээд техологиор дутахааргүй том өрсөлдөгчид болон өндийж чадав. Энэ бол зөвхөн технологийн салбар дахь жижигхээн өрсөлдөөний зах зух нь. Үүнээс цаашлахад өдөр тутамд шинэчлэгдэж байгаа үнэт цаасны арилжааны өөрчлөлт, хөрөнгийн биржийн мэдээлэл зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний эрэлт зэргээс харахад БНХАУ сүүлийн үед илт илүүрхэж эхэллээ.

Үүний нууцыг ховор элементийг эзэмшиж байгаагийн хүч гэж тодорхойлж буй. Дэлхий дээрх газрын ховор элементийн 40 хувь нь Хятад улсад тогтоогдсон. Дэлхийн нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг тэд дангаараа хангадаг. Мөн нийт үйлдвэрлэлийн 60 орчим хувийг мөн Хятад улс ашигладаг байна. Харин БНХАУ-ын хувьд Засгийн газар олон жижиг үйлдвэрүүдийг хааж, Газрын ховор элементийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого гаргасан. Урд хөрш экспортын татварын хөнгөлөлт үзүүлэх замаар шинээр бий болж байгаа ГХЭ-ийн үйлдвэрлэлээ дэмжих алхам хийсэн нь Хятадын уул уурхайн компаниудын зардлыг бууруулж, дэлхийн зах зээлд байр сууриа эзлэх боломж олгосон гэгддэг.

Тиймээс ч Худалдааны дайны гол өрсөлдөгч БНХАУ-тай технологиор ч тэр цаашлаад батлан хамгаалах, аюулгүй байдлын салбараа бэхжүүлэхэд ч ховор металлын салбарыг өөрсдийн болгох нь юу юунаас хэрэгцээтэй томоохон алхам байх нь зайлшгүй болов.

2022 оны байдлаар АНУ-ын засгийн газар 50 ашигт малтмалыг АНУ-ын эдийн засагт чухал ач холбогдолтой хэмээн онцгойлон тодорхойлсон байдаг. Тиймээс ч дэлхий дахин эрчим хүчний шинэ холимогт шилжсэнээр эрдэс баялаг ихтэй цэвэр эрчим хүчний технологи шаардлагатай болно. Ашигт малтмалын эрэлт урьд өмнө байгаагүй хурдацтай нэмэгдэж, нийлүүлэлтийн хомсдол үүсгэж болзошгүй байгаа. Нөгөө талаар ховор элементийн голлох хүч БНХАУ-д зонхилж байгаа нь худалдааны дайн өрнөж байгаа өнөө цагт эдийн засаг, геополитикийн хувьд томоохон эрсдэл байх нь тодорхой. Тиймээс эдийн засгийн эрх мэдлээ бэхжүүлэх, Хятад улсад байгаа хүчийг саармагжуулах зорилгоор АНУ ховор газрын ашигт малтмалын нөөцийг баталгаажуулах сонирхлоо ч илэрхийлсээр байгаагийн гол шалтгаан ч энэ юм.

Газрын ховор элемент хэмээн ерөнхийлөн бичигдэж байгаа ч бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлдвэр үйлчилгээнд өргөн ашиглагдаж байгаа ховор металуудын үнэ цэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх нь зайлшгүй юм. Энэ хэрэглээ нь энгийн бидний мэддэг гар утас, компьютерийн литиум батерейгээр хязгаарлагдахгүй цаашид үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц цөмийн эрчим хүч, цөмийн аюулгүй байдлыг хангах үйлдвэрлэлд ч томоохон хэмжээний ач холбогдолтой байдаг. Тиймээс ч ховор элементийн олборлолт нь өөрөө дэлхийн эхний гуравд бичигддэг АНУ-ын эдийн засгийн өсөлт хөгжил, үндэсний аюулгүй байдлын чухал үндэс суурь юм гэдгийг дотоодын институт ч онцлон тэмдэглэж байна.

Тэгвэл манай улсын хувьд ч газрын ховор элементийг ашиглах тухай асуудлыг зөвхөн их гүрнүүдийн тоглодог тоглоом мэтээр ойлгох нь нөгөө талд өөрсдөд байгаа боломжийг үгүйсгэж байгаа нэг хэлбэр гэж үзэж болохоор. Засгийн газраас боловсруулсан “Алсын хараа 2050”-д  газрын ховор элементийн хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх тухай заасан байдаг. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялагийн нөөцийг арвижуулна” гэж мөн тусгасан. Олон сарын турш маргаан мэтгэлцээн дагуулж ирсэн Халзан Бүргэдэйн ордыг ашиглах тухай асуудлыг энэ өнцгөөс, улс орны ирээдүйн хувь заяанд ээлтэй нөхцөл байдлаас харвал их гүрнүүд хүртэл ашиглахын төлөө тэмцэж, бодлого боловсруулж байгаа энэ “тоглоомоор” бид ч бас өөрсдийн арга барилаар ашиглаж, оролцох нь яагаад болохгүй гэж. Халзан Бүргэдэйн хувьд дэлхийд томоохонд тооцогдох орд гэж мэргэжлийнхэн нь ч онцлон ярьдаг.  ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш судлаач доктор С.Жаргалан хэдэн жилийн өмнө танилцуулж байсан нэгэн илтгэлдээ “Халзан Бүргэдэй ордын бүртгэлтэй нөөц нь 1.4 сая тонн байгаа нь дэлхийн нөөцийн 1.1 хувь, хамгийн их эрэлттэй байгаа газрын ховор хүнд элементийн орд юм” гэж онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, Халзан Бүргэдэйн орд бол нөөцийн хэмжээгээр дэлхийн том ордын ангилалд орох бүрэн боломжтой орд юм.

Өнөө цагт хэн хүчтэй нь бус, хэн байгаагаа баялаг болгож үнэ цэнийг нь өсгөж чадсан нь хожиж байна. Дэлхий даяар газрын ховор элементийн эрэлт хурдан өсч байна. Энэ хэрээр үнийн хамгийн өндөр цэгтээ хүрээд байгаа. Байгалийн баялаг гэдэг хөрсөн доороо байсаар байвал ашиглагдахгүй, шороо хэвээрээ л байна. Харин ашиглах боломжийг нь бүрдүүлж, үнэ цэнийг нь өсгөсөн цагт жинхэнэ баялаг болж чаддаг. Тиймээс ч манай улсын хувьд хоёр их гүрний дунд оршдог эгзэгтэй газар зүйн тогтлоос эмээхгүйгээр, газрын баялгаа зүй зохистой хэмжээнд эдийн засгийн эргэлтэд оруулснаар цаашид үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах, эдийн засгийн хувьд нэг улсаас хараат бус байх, гол тоглогч биш гэхэд том тоглогч болох боломж бүрдэх гарц ч болохыг үгүйсгэхгүй юм.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 62 (7559)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 15 цагийн өмнө
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 18 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06