Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Гишүүд цагдааг байцааж хуулиа “гишгэв” үү?!

Timesmn@gmail.com
2025/03/26

Одоогоос долоон жилийн өмнө, 2019 оны арваннэгдүгээр сард ЖДҮ-гийн хулгай мандчихсан, улс даяар дуулиан шуугиан болж байсан юм. Тиймээс Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулаад байв. Түүний саналыг чуулганаар хэлэлцсэн ч УИХ-ын гишүүд Б.Батзоригийг хамгаалж авч үлдсэн. Тэгэхэд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэр хуралдаан дээр ирж нэг үг хэлж байсан юм. Тэрээр “...Хөгжлийн банк болон “Чингис” бондын зарцуулалттай холбоотой хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллага шүүхэд шилжүүлэн өгсөн. Шүүхийн шатнаас дээрх хэргүүдийг буцаасан. Иймээс дахин шалгаж, нягтлаад шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. “…Яригдаж буй асуудлыг яагаад шалгадаггүй юм, дуугүй өнгөрөөд байдаг юм бэ₮ гэж байна. Бүх хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад шалгаж байна. Та нар өөрсдөө цагдан хорих боломжгүй хууль батлаад өгчихсөн. Ийм хууль өөрсдөө батлаж өгчихөөд, нөгөө хуулийнх нь дагуу ажиллаж буй биднийг “…Ажлаа хийхгүй байна, энэ хүмүүсийг аваачиж хорихгүй байна, ард түмэн хараад байхад зүгээр гадуур явуулаад байна” гэж хуулийг хэрэгжүүлдэг бидэн рүү ярих нь тохиромжгүй. Тиймээс хуулиа нарийн болгох хэрэгтэй. Практик ажлаас урган гарч буй саналуудыг маш сайн тусгах шаардлагатай. Дээр нь нэмж хэлэхэд хуулиар нөхцөл байдал тогтоогдсон учраас нийгэмд үүсээд буй асуудал дээр Б.Батзориг гэдэг хүнийг яллагдагчаар татлаа. Яллагдагчаар татсан учраас Үндсэн хуулийнхаа дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирж, та бүхэнд танилцуулж байна. Энэ хүнээ түдгэлзүүлэх эсэхээ та нар өөрсдөө шийдвэрлэнэ. Гэхдээ аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Сүүлийн үед би гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Өмнөх хоёрт нь та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байна тэр шударга ёс. “…Хууль ёсыг дээдэлнэ” гэсэн үндсэн зарчимтай энэ УИХ чинь хүмүүсийг яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм бэ. Өнөөдөр “…УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэхгүй шалга л даа” гэж байна. Гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах, жирийн иргэнийг шалгах хоёр тэс өөр. Жирийн иргэн болох дээрх сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон байна. Шийдвэр гаргасан хүн болох УИХ-ын гишүүн нь одоо чуулган дээрээ сууж л байна шүү дээ. Энэ чинь шударга ёс мөн юм уу. Шударга ёсны төлөө би саналууд оруулж ирж байна” гэж байсан юм.

Тэгвэл уржигдар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Хууль зүйн байнгын хороонд сүүлийн үед сошиалыг шуугиулаад байгаа асуудлаар танилцуулга хийлээ. Гэвч сайд, түүнийг дагаж тус хуралд орсон цагдаагийн ажилтнууд УИХ-ын гишүүдэд “байцаагдсан” юм. Гишүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийн нарийн ширийн мэдээлэл, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг “сонирхож” байв. Сүүлдээ тэр нь “улстөржүүлсэн байцаалт” болж хувирсан. Тэр үедэ нь Хууль зүйн байнгын хорооны дарга “…Ингэж арай болохгүй байх аа, гишүүд ээ” хэмээн анхааруулж харагдсан. Мөн зарим гишүүн “…УИХ-ын гишүүд чинь яачхаад байгаа юм бэ. Өдөрт хэдэн зуун мянган хэрэг гарч байхад нэг хэргийг авч ирээд УИХ, Засгийн газрын түвшинд яриад байх юм уу. УИХ-ын гишүүд хууль тогтоох үндсэн үйл ажиллагаандаа анхаарлаа хандуул”, “…УИХ-ын гишүүд Хууль зүйн сайдыг давж, хууль сахиулах байгууллагын үүдэнд очиж улс төр хийдгээ боль. Бас “…Миний өрөөнд цагдаагийн даргыг дууд, тэрийг дууд” гэж байнгын хороо болон бүлгийн чатад бичдэгээ боль. Нийгэмд болж буй үйл явдлууд дээр цагдаагийн байгууллага руу довтолж, үнэн худал нь мэдэгдэхгүй улс төр хийдгээ боль” гэж байв.

Уг нь танилцуулгад томилогдож ирсэн цагдаагийнхан долоон жилийн өмнө М.Энх-Амгалан прокурорын хэлснийг давтаад сууж байж болох л байв. Угаасаа хууль нь тийм юм. Гэвч тэд өөрсдөө хэрэг хийчихсэн аятай гишүүдийн өмнө гэлбэлзэж суусаар хуралдааныг дуусгасан.

Гэтэл энэ нь “…УИХ-ын гишүүд УИХ-ын тухай хуулийн 44.1-т “...Гишүүнд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 44.1.3-т “…Гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 44.1.7-д “…Хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх”, 44.1.8-д “…Гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх”, 44.1.11-т “…Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны болон нэгдсэн хуралдаанд, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох”, 44.1.12-т “…Бусдаар албаны чиг үүрэгт нь хамаарахгүй ажил, үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хийхийг шаардах” зэрэг зүйл заалтуудыг ноцтойгоор зөрччих шиг боллоо. Тэр байтугай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зөрчил харагдлаа” хэмээн хууль, эрх зүйн мэргэжлийн экспертүүд дүгнэж байна.

Уг нь УИХ-ын гишүүд хуулиа дагадагсан бол, мэддэ сэн бол сайд, цагдаа хоёрыг “байцаах” бус прокуророос албан бланкаараа мэдээлэл хүсэх эрх зүйн боломж бий. Гэвч тэгэлгүй, цагдааг байцааж хуулиа “гишгэчих” шиг боллоо.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 55 (7552)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үй… Өчигдөр
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ? 2025/12/18
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: АЯЛЛААР ДАМЖУУЛАН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА… 2025/12/17
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 2025/12/15
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж… 2025/12/11
МОНГОЛ УЛС БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН СТРАТЕГИ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ АНХА… 2025/12/10
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2025/12/10
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр… 2025/12/10
ЦӨЛЖИЛТИЙН 87% ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛДАГ 2025/12/09
Nature Summit 2025: Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны… 2025/12/08
​Хариуцлагатай иргэн ТА ашиглаагүй цахилгаан хэрэгслээ тэжээлээс салга… 2025/12/05
НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ III ХУРАЛДААН БОЛЛОО 2025/12/05
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн … 2025/12/04
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал ө… 2025/12/04
ШАВЖНЫ ЭРЛЭГ... 2025/12/03
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВЛӨЛДӨХ… 2025/12/03
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2025/12/03
Гурван өдрийн турш үргэлжилнэ 2025/12/03
Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэ… 2025/12/03