Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Цэвэр агаар”-аас “Тавантолгой түлш” хүртэл сонсох уу?!

Timesmn@gmail.com
2024/12/09

Улаанбаатарын утаа бол иргэдийн, бүр улсын зовлон. Гэхдээ энэ зовлон бол бизнес. Заримд нь мөнгө “хийж” өгдөг. Том бизнес. Олон жил болж байна. Үндсэндээ, Монголын хууль хяналтын байгууллагынхан “...Утаагаар 2008 оноос эхлээд бизнес хийсэн” гэдгийг тогтоочихсон. Бас Улаанбаатарын утаатай холбоотой улс төрийн мэдэгдлүүдийг ч бид олон сонссон. 2013 онд Ерөнхий сайд ... Одоо Засгийн газарт дээр зангидаж аваад би хариуцлагыг нь хүлээе. Гурван жилийн дотор утаа арилахгүй бол надтай яриарай. Өнөөдрийг хүртэлхийг надтай яриад хэрэггүй” гэж байв. 2018 онд БОАЖ-ын сайд “…2019 оны улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулахад 200 тэрбум төгрөг хуваарилахаар тусгаж байгаа юм. Уг эх үүсвэрийн 54 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 100 мянган айлын янданд бүрэн шаталтыг дэмжсэн индукцин төхөөрөмж суурилахаар тавьж байгаа юм. Энэ арга хэмжээг хэрэгжүүлээд үр дүн гарахгүй бол би хариуцлага хүлээе” гэсэн байдаг. Гэвч Улаанбаатарын утаа улам “өтгөрсөөр” гамшгийн хэмжээнд хүрэв. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Су Нюунт У “…Монголын улстөрчид өөрсдийнхөө халаасыг дүүргэх шуналаасаа татгалзаж, ард иргэд, Улаан­баатар хотын төлөө Сингапурын олон нийтийн орон сууцны төслийг амжилт­тай хэрэгжүүлж чадвал танай нийслэл өөрчлөгдөж, агаарын бохирд­лоосоо салж чадна” гэсэн нь бий.

Харин Улаанбаатар хотын иргэд 2024 онд анх удаа утааны эсрэг жагсаж үзлээ. Нэр бүхий иргэд “…Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая” цахим гарын үсэг цуглуулж байгаа юм. Цахим өргөдлийн дагуу гарын үсэг зурсан иргэдийн тоо өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотын утааны асуудлаар УИХ дээр Хяналтын сонсгол зохион байгуулах хэмжээнд хүрчээ. 70 мянга давсан байна.  Ингэснээр Хяналтын сонсгол хийх эсэх нь УИХ-аас шалтгаалахаар болов. Гэхдээ хууль нь байгаа болохоор УИХ утааны асуудлаар Түр хороо байгуулж, Хяналтын сонсголыг хийх нь бараг тодорхой юм.

Ер нь бол өнгөрсөн хугацаанд Монголын төр ердөө 2-3 удаа л утааны эсрэг зарцуулсан хөрөнгө санхүү хийгээд үр дүнгийн талаар хөндөж шалгасан. Аудитын байгууллага 2018 онд “Цэвэр агаар” сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд аудит хийснээ танилцуулж байв.

Тэгэхдээ “…Аудитаар илэрсэн зөрчлийн дийлэнх нь агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, чиг үүргийн зохион байгуулалт уялдаа холбоогүй. Энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, хяналт тавих байгууллагуудыг нэгдмэл удирдлагаар хангаагүй. Хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй. Үр дүнг нэгтгэн дүгнээгүй. Хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллаагүйтэй холбоотой байна” гэсэн.

Мөн тэр жил УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ асуудлаар буюу Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар албан тушаалтнуудаас тайлбар авах хэлэлцүүлгийг зохион байгуулж байв. Тэр үеэр БОАЖ-ын дэд Ц.Батбаяр “…БОАЖ-ын сайдын 2018 оны А-11 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа “Цэвэр агаар” сангийн санхүү, үйл ажиллагааны архивын эх материалтай танилцаж, 92.2 тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг нэгтгэн гаргасан. Тус сангаас хэрэгжүүлсэн арга хэмжээнд ҮАГ, Мөрдөн байцаах газар, АТГ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн”, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Энхбат “…“Цэвэр агаар” сангийн таван жилийн үйл ажиллагаанд санхүүгийн болон аудитын мэргэшсэн байгууллагаар шалгуулан дүгнэлт гаргах нь зүйтэй”гэж ярьсан. Тус хэлэлцүүлгээс “… “Цэвэр агаар” сангийн ҮАГ-аас хийсэн гүйцэтгэлийн, санхүүгийн болон нийцлийн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хянан шалгах, тухайлбал, Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайлан 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрсөн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, “Цэвэр агаар” санд учирсан хохирлыг тодорхой болгож, уг хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах, мөн төсөл хөтөлбөр тус бүр дээр гарсан зардал, үр өгөөжийн тооцоог хянан үзэж, буруутай этгээдэд хариуцлага тооцох зөвлөмжийг гаргаж байжээ.

Түүнчлэн Америкийн Мянганы сорилтын корпораци, Дэлхийн банкнаас “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж, түүнийг нь “Эм Си Эс” компани гүйцэтгэж байв.  Тэр талаараа “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “…“Юу хийвэл хамгийн үр дүнтэй бөгөөд массыг хамарсан байх вэ” гэвэл ерөөсөө ойлгомжтой, хотын утаа юм байна. Энэ хүрээнд бид нар хоёр үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт “…Яаж хурдан шийдэх вэ” гэдэгт бид нар Туркийн 70 мянган зуухыг оруулж ирж байгаа. Энэ нь өөрөө яг үнэхээр хамгийн сайн гэдэг нь Мянганы Сорилтын сангийн лабораториор баталгаажаад хамгийн утаа сайн ялгахуйц, утаа гаргахааргүй зуух гээд батлагдсан зуух байгаа. Засгийн газраас үүнийг хэрэгжүүлж байгаа, энэ дээр бид нар бизнесийн хэвшлийн хувьд оролцьё гээд энэ дээр нилээн дорвитой оролцохоор хүн хүч зохион байгуулалтад орсон. Түрүүчийн 10, 20 мянган зуух нь ирчихээд борлуулаад явж байна” гэж байжээ.

Эдгээрийн дараа “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал босож ирнэ. Таван жил гаруйн хугацаанд сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж Улаанбаатарын иргэдэд нийлүүлээд энэ сарын 1-нээс Улаанбаатар хотын захиргааны мэдэлд шилжиж буй энэ компанийг тойрсон маш олон зүйл яригддаг. “…Түлшний найрлагыг нарийн шалгавал ноцтой зүйлс илрэх нь дамжиггүй” гэж олон эх сурвалж онцолдог. Мөн энэ үйлдвэрийг байгуулснаас хойшх 3-4 жилд санхүү, хөрөнгө зарцуулалтын олон хийдэл гарсныг ч эх сурвалжууд барим тавим баримтаар гаргаж тавьсаар ирсэн. Анх “Энержи ресурс” компаниас мидлингээ авчирч түлшээ хийж байсан энэ компани сүүлийн жилүүдэд хаанаас, ямар түүхий эд авдаг болсон бэ. Энэ бас л ноцтой хариулттай байж мэдэх асуулт юм. Хамгийн гол нь энэ түлшний барьцалдуулагчид ихээхэн асуудал бий гэдэг. Энэ мэтчилэн “Тавантолгой түлш” ХХК-ийг нэг л шалгаад эхэлбэл нэлээд ноцтой “үр дүн” гарч ирнэ.

Ер нь бол УИХ-аар утааны Хяналтын сонсголыг хийвэл дээр хэлсэнчлэн “Цэвэр агаар” сан, “Цэвэр агаар” төслөөс эхлээд Агаарын бохирдлыг бууруулах Үндсэн хорооны үйл ажиллагааг дамжаад “Тавантолгой түлш” ХХК хүртэл сонсоход л “…Улаанбаатарын утаа улс төр, бас бизнес байсан” эсэх нь тодорхой болно. Энэ хүрээнд “…Утааг сонсоно” гэсэн үг.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 237 (7481)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 3 цагийн өмнө
​ Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлий… 4 цагийн өмнө
Бид цөмийн технологиос айх ёстой юу? 6 цагийн өмнө
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн б… 7 цагийн өмнө
Фукушимагийн осол: жинхэнэ шалтгаан Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна Өчигдөр
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
Бидэнд цөмийн эрчим хүч хэрэгтэй юу? 2024/12/24
Сонгинохайрхан дүүргийн “Мөнгөн шинэ жил” арга хэмжээ арванхоёрдугаар … 2024/12/24
Нийслэлийн хэмжээнд нийт 4377.7 тонн давсны нөөцтэй байна 2024/12/24
Гуравдах хөршийн хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй юу? 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23
А.Амартүвшин: 2025-2026 онд 100 мянган айл өрхийг газын систем рүү шил… 2024/12/23
Автобусанд 1000 төгрөг төлж, өдөрт цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчи… 2024/12/23
​УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ТАЛААРХ ДЭМБ-ЫН ЗОРИЛТ 2024/12/23
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт” 2024/12/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж байна 2024/12/20
“Яндангүй бүс” байгуулна 2024/12/18
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна 2024/12/18
Ерөнхийлөгч Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барихад дэмжлэг үз… 2024/12/18