Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

Timesmn@gmail.com
2024/07/23

Монгол орны уулсын манлай төрийн тахилгат Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Алтай таван богд хайрхан уулын Тахилгат овоонд боллоо.

Тахилгын ёслолын өмнөх орой лам хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав.

Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Баян-Өлгий аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл бөгөөд байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотгов.

Байгалийн болон соёлын өв хосолсон дурсгалт газар болох Алтай Таван богд тэргүүтэй Алтайн өндөр уулсыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлэх ажил эрчимтэй өрнөж байгааг сонордууллаа.

Ингэснээр Монгол Алтайн нурууг байгалийн болон соёлын өвийн чухал дурсгалт газар болохыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах монгол уламжлалыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг эрчимжүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Өндөр сүрлэг Алтай Таван богдоо түшин нутаглаж, өлгий  сайхан нутгаа  хүндлэн дээдэлдэг Баян-Өлгийчүүд их хайрхныхаа хайр хишгийг хүртэж, эв нэгдлээ бататган, ажил үйлсээрээ үлгэрлэж, үеийн үед дэвжин байхын  ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Алтай Таван богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.

Лам хуврагууд Буман цагаан судар, Алтай Таван богд хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, үндэсний сурын Улсын мэргэн, урианхай сурын дархан мэргэн, буриад сумын хошой мэргэн М.Батгэрэлд хүлээлгэн өгч, тус аймгийн Цэнгэл сумын аварга малчин Ч.Хэнзхүүгийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.

Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн ёслол өндөрлөлөө.

Монгол Улсын дээвэр буюу хамгийн өндөрт өргөгдсөн цэг бол Алтай Таван богд уулсын Хүйтэн оргил юм. Хүйтэн оргил далайн түвшнөөс дээш 4,374 м өндөрт өргөгдсөн. Алтай Таван богдын уулс нь Хүйтэн, Наран, Найрамдал, Малчин, Бүргэд гэсэн оргилтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 5 цагийн өмнө
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 6 цагийн өмнө
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 8 цагийн өмнө
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15