Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

Timesmn@gmail.com
2024/05/16

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа. Орох оронтой л болчихвол болох нь тэр” хэмээн хүмүүс ярьж байна. Энэ бол 22-40 насны эх орондоо ажиллаж, амьдрах хүсэлтэй залуусын мөрөөдөл.

 ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТЭД ДАРАГДСАН АРИЛЖААНЫ БАНКНУУД

 Орон байртай болох хүсэлтэй иргэдийн найдвар болсон ипотекийн зээл сүүлийн жилүүдэд удааширч, зогсох дээрээ тулсан байв. Тодруулбал, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ипотекийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулсан. Үүнээс үүдэж эргэлтийн санхүүжилтгүй болж хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдэд зээл олголт түр зогсолт хийсэн тухай албаныхан тайлбарладаг. Гэтэл нөгөө талдаа арилжааны банкнууд ипотекийн зээлийн хүсэлтэд дарагдсан. Өнгөрсөн сарын байдлаар нийт 17 мянга гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтийг арилжааны банкуудад ирүүлжээ. Хэрэв энэ хүсэлтүүдийг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр нь санхүүжүүлбэл 2-3 жил хүлээх төлөвтэй байсныг албаныхан онцолдог.

Харин хэд хоногийн өмнө Засгийн газраас Баялгийн сангийн тухай хууль баталж, хуулийн хүрээнд Хуримтлалын сан байгуулсан. Хуримтлалын санд төвлөрсөн 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар болсон гэдгээ зарлав. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Монгол банканд Хуримтлалын сангийн дансыг нээж, арилжааны банкнууд руу хуваарилалтаа хийж эхэлсэн байна. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумын санхүүжилт олгодог байсан бол Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж нэмэгджээ.

 СҮҮЛИЙН 10 ХОНОГТ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТ 42 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

 Хуримтлалын сангаас эх үүсвэрийг арилжааны банкнууд руу шилжүүлж эхэлсэн юм. Үүнээс хойш ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 10 хоногт 42 хувиар нэмэгджээ. Тодруулбал, тавдугаар сарын эхний 10 хоногт нийт 38.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Энэ талаар Хаан банкны 11 хорооллын салбараас тодруулахад “2022 оны арванхоёрдугаар сарын зээлийн хүсэлтүүдийг шийдвэрлэж байна. Зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээр зээл олголт сайжирсан” гэсэн юм. Харин Монгол банкнаас өгч буй мэдээлэлд “Эх үүсвэр нэмэгдсэнээр ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс буюу энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 365.9 тэрбум төгрөгийн зээлийг 3101 өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 248.9 тэрбум төгрөгийн зээлийг 1944 өрхөд, орон нутгийн хэмжээнд 116.9 тэрбум төгрөгийн зээлийг 1157 өрхөд олгосон аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 50 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 90 хувь өссөн” гэжээ.

 ҮНИЙН ТҮВШИН НИЙСЛЭЛИЙНХТЭЙ АДИЛ Ч ЗЭЭЛ ОЛГОЛТ НЬ ШУУРХАЙ, ХӨДӨӨ

 Орон нутагт ипотекийн гурван хувийн зээл олголт хурдан шийдвэрлэгдэж эхэлжээ. Б.Сэр-Од бол орон нутаг руу шилжиж ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн төлөөлөл. Тэрээр жилийн өмнө Улаанбаатар хотоос Орхон аймаг руу шилжиж тус аймгийн “Баян-Өндөр мед” эмнэлэгт уламжлалтын эмчээр ажилд орж, жилийн дараа орон сууцны зээлд хамрагдсан байна. Энэ тухайгаа “Би уламжлалтын их эмч мэргэжилтэй. Улаанбаатар хотод Монос эмийн санд эмчээр ажилладаг байсан. Завгүй амьдралын хэв маягаас залхаж орон нутаг руу нүүх тухай боддог болсон. Энэ үед Засгийн газраас орон нутагт шилжин суурьших иргэдэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг сонсоод орон нутаг руу шилжсэн. Орон нутагт жил ажиллаад өнгөрсөн нэгдүгээр сард орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ өгч дөрөвдүгээр сард нь зээлээ шийдвэрлүүлсэн” гэв. Орон нутагт зээл олголт сайн байгаа ч орон сууцны сонголт муу байгааг Б.Сэр-Од хэлж байлаа. Тэрээр “Мөн орон сууцны ам метрийн үнэ нь хоттой адил байгаа нь хүндрэлтэй байсан” гэж байв. 

 “ДЭЭШЭЭ, БҮР ДЭЭШЭЭ”

 Улаанбаатар хотод орон сууцны үнэ байршлаасаа хамаарч өсөж байгаа ч чанар, орчны хувьд ялгаагүй байна. Жишээлбэл, хүмүүсийн хэлж заншсан “Офицер”-ын тойргоос зүүн тийш орон сууцны ам метрийн үнэ 2.7-3 сая төгрөг байгаа бол “Баянбүрд” орчимд 3.2-4.7 сая төгрөгийн үнэтэй байна.

Хүмүүс хотын төвд байр авах сонирхолтой байгаа боловч санхүүгийн чадамж нь хүрэлцэхгүй байгаа тухай хэллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны иргэн Б.Батдэлгэр “2022 онд Төрийн банканд ипотекийн зээлийн хүсэлт өгсөн. Өнгөрсөн долоо хоногт банкнаас дараалал болсон тул зээлээ судлуулаарай гэж холбогдсон. Зээлээ судлуулаад явж байна. Зээлийн хүсэлт өгч байх үед ам метр нь 2.7 сая төгрөг байсан орон сууц энэ жил 3.5 сая төгрөг болж өсжээ. Тэр дундаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд”-ийн тойрог орчмын байрнуудын үнэ нэлээдгүй өссөн байна. 150 сая төгрөгт хотын төвд хоёр өрөө шинэ байр олдохгүй байна” гэсэн юм.

Төр бодлого гаргаж иргэдээ орон сууцжуулах төлөвлөгөөнүүдийг янз бүрээр л хэрэгжүүлж байна. 2012 оноос эхэлсэн ипотекийн зээлийн хөтөлбөр хүлээлгээд ч болов “бай”-гаа оносоор л байгаа. Хонх нь дугарахаар дамар нь таг гэдэг шиг зээлийн асуудлыг нь шийдвэрлэхээр үнийн өсөлтөөр “дарлачихдаг” барилгын компаниуд бодит хөрсөнд буумаар юм. Тэр ч бүү хэл орон сууцны үнийг хөөсрүүлж байгаа эсэхийг холбогдох газрууд нь нягтлах нь зөв байх.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 98 (7342)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 21 цагийн өмнө
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 23 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02