Монголчуудын интернэт хэрэглээнд гарч буй өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог Digital 2024: Mongolia тайланд дурдсанаар энэ оны эхний байдлаар Монгол Улсын сошиал медиа идэвхтэй хэрэглэгчийн тоо 2.5 саяд хүрчээ. Энэ нь 2023 оны эхэн үетэй харьцуулахад 200 мянгаар нэмэгдсэн буюу хүн амын талаас илүү хувь нь мэдээллийг цахимаар хүлээж авч түгээж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад сошиал медиа, Facebook идэвхтэй хэрэглэж байгаа 2.5 сая хүн хүссэн мэдээллээ үйлдвэрлэх, түгээх боломжтой. Энэ бол нэг талаас ардчилсан Монгол Улсын хамгийн том давуу тал боловч цаг үе, техник технологи хувьсан өөрчлөгдөхийн хэрээр эргээд эрсдэл дагуулж мэдэхээр орон зай болж байна.
Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад хуурамч мэдээлэл хувь хүний эрх ашгаас эхлээд улс орны хэмжээнд нөлөөлөхүйц хүчтэй болж байна. Олон нийт үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллээс болж төөрөлдөх, бусдын талаар буруу ойлгох улмаар өөрсдөө хохирогч болох эрсдэл дунд амьдарч байна. Ингэхдээ дийлэнх хүмүүс цахим орчин дахь мэдээллийг үнэн бодитой эсэхийг ялгаж чаддаггүй. Үүнийг нь зарим нэг ашиг сонирхолтой этгээдүүд ашигладаг. Эцэст нь нийгмийг айдаст автуулж сэтгэл зүйд нөлөөлөх бүр цаашлаад төр-иргэн хоорондын итгэлцлийг сулруулах, шийдвэр гаргах хэмжээнд очтолоо гүн гүнзгий “хор” шахдаг. Харин энэ аюул эрсдлээс сэргийлэх, олон нийтийн сэтгэл зүй, хандлага, үзэл бодлыг хамгаалж авч үлдэх ерөндөг нь мэдээллийн боловсрол гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч энэ чиглэлд онцгойлон анхаарч байна. "Унших+Ойлгох+Нухацтай бодох = Мэдээллийн боловсрол" гэж НҮБ-аас тодорхойлжээ. Хэвлэл мэдээллийн боловсрол нь шүүмжлэлтэйгээр бодох, мэдээллийн ухаалаг хэрэглэгч болох, үзэл бодлыг таних, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хариуцлагажуулах чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, худал, ташаа мэдээллийг хөөсрүүлэхгүй байх шийдэл бол олон нийтэд мэдээллийн боловсрол олгох бөгөөд хожим арилгаж барахааргүй үр дагавар үүсгэхгүйн тулд худал мэдээлэл түгээхтэй тэмцэх, олон нийтийг зөв мэдээллээр хангахад нийгмийн бүх талын төлөөлөл идэвхтэй оролцох нь чухал юм. Үүний нэг жишээ нь худал мэдээлэл тарааж болзошгүй хуурамч хаяг, хуудсуудыг илрүүлэх устгах, хиймэл оюун ухаан Монгол хэл дээрх мэдээллийг үр дүнтэй ялгаж таних тал дээр Монголын хамгийн түгээмэл хэрэглэгчтэй фэйсбүүк компанитай Монгол Улсын Засгийн газрын түвшинд хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг мэдээллийн аюулгүй байдлын экспертүүд хэлж байгаа.
Хуурамч мэдээлэл, хортой агуулгын талаар олон нийтэд тогтмол сурталчлан таниулахад чиглэсэн мэдээллийн боловсролыг өргөн фронтоор олгосноор сошиал хэрэглэгчид худал, хуурмаг, гадны нөлөөтэй мэдээллийг эсэргүүцэх дархлааг суулгах өндөр ач холбогдолтой. Үр дүнд нь гадны хортой мэдээллийг түгээх зохион байгуулалттай кампанит ажилд өртөх магадлал багасдаг. Хамгийн гол нь олон нийтийг хагалган бутаргахаас сэргийлэх эрсдэлтэй худал, хуурамч мэдээлэлд шүүлтүүртэй хандах үндэсний эв нэгдэл, нийгмээ хамгаалахад төр, иргэн, хэвлэл мэдээлэл зэргээр нийтээрээ “давших” хамтын оролцоо чухал.
Хариуцлага талаасаа өөрчлөх зүйл ч бий. “Худал мэдээлэл тараах, төөрөгдүүлэх байдлыг зөрчил, гэмт хэрэг болгож авч үзэх зохицуулалт бий. Тэгвэл зөрчил, гэмт хэргийг шалгахад үнэн бодит мэдээллийг өгөх үүрэгтэй хүмүүс нь ажлаа хийсэн үү гэдгийг харгалзаж үздэггүй. Үнэн бодит мэдээлэл өгөөгүй бол ямар нэг хариуцлага яригддаггүй. Тиймээс худал төөрөгдүүлсэн мэдээлэл түгээх чиглэлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, тухайн асуудлаар үнэн бодит мэдээлэл өгөх үүргээ төрийн албан тушаалтан биелүүлээгүй бол хариуцлага тооцох зэргээр өөрчлөлт оруулах шаардлага бий” гэдгийг Л.Галбаатар хуульч хэллээ.
Худал, хуурамч мэдээллээс хамгаалах дархлааг бий болгоход мэдээллийн боловсрол чухал. Энэ талаар хуульч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ямар гарц шийдэл хэлж байгааг хүргэе.
Хуульч, судлаач
-Мета-гаас Монгол болон англи хэл дээрх контентыг зохицуулахдаа өөр өөр үр дүн гаргадаг. Өөрөөр хэлбэл, Англи хэл дээрх мэдээллийг илүү сайн ялгаж таньдаг бол Монгол хэл дээрхийг ялгаж танихад хиймэл оюун ухаан үр дүн багатай ажилладаг тал бий. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас фэйсбүүк компанитай Монгол хэл дээрх хуурамч мэдээллийг зөв таньж ойлгох, өргөн хэмжээнд тархахаас сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах хэрэгтэй. Хувь хүмүүсийг буруутгахаас илүү платформ буюу мета-д хуурамч мэдээллийг харагдахгүй болгох зэргээр үүрэг хүлээлгэх талаас нь шаардлага тавих нь зүйтэй.
Монголын уншигчдын насны бүлэг өөр. Тэр болгонд буюу зорилтод бүлэгт тохирсон арга хэлбэрээр хуурамч мэдээллийг ялгаж таних чиглэлээр мэдээллийн боловсрол олгох нь үр дүнтэй. Тухайлбал, өндөр настай хүмүүст залуучуудын ойлгох хэлбэрээр мэдээлэл хүргэх нь төдийлөн үр дүнгүй.
Охидын подкастын үүсгэн байгуулагч, сэтгүүлч
-Миний хувьд 2016 оноос хойш сэтгүүлчээр ажиллаж байна. Энэ хугацаанд ойлгосон нэг зүйл бол мэргэшсэн сэтгүүлчид аль болох олон болж байж л иргэдийн мэдээллийн боловсрол дээшилнэ. Учир нь 2019 онд сэтгүүлч мэргэжлээр оюутан бэлтгэдэг 20 их, дээд сургуульд 1700 гаруй оюутан элсэж суралцсан бол 2023 онд энэ тоо даруй 738 болж хоёр дахин буурсан байх жишээтэй. Мөн сэтгүүлчээр суралцаж байгаа оюутнууд төгсөөд мэргэжлээрээ ажиллах эрмэлзэл маш багассан. Гэтэл яг үнэндээ сэтгүүлч мэдээллийг боловсруулж, худал ташаа, хуурмаг эсэхийг нягталсны дараа эх сурвалжийн тэнцвэрийг хангаж мэдээлдэг.Олон нийтэд үнэн бодит мэдээллийг өгөх ийм чухал мэргэжлээр ажиллах хүний тоо цөөрч байгаа нь эргээд иргэдэд хүрч буй мэдээллийн чанар огцом буурахад нөлөөлж байгаа гэж боддог. Тиймээс сэтгүүлчийн аюулгүй ажиллах хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, хараат бус мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо олон болох тусам олон нийт иргэдийн мэдээллийн боловсролыг сайжруулахад чухал нөлөөтэй гэж бодож байна.
Ерөнхий редактор, Unread Media
-Санаатай болон санаандгүй худал ярих бол хүн бүрд л байдаг байгалийн зан. Үүнийг өөрчлөх, ялангуяа хааж боох боломжгүй. Ташаа мэдээлэл биднээс олон мянган жилийн өмнө байж л байсан, ирээдүйд ч байсаар л байна. Тиймээс энэ төрлийн мэдээллийг хүлээн авч, түүнийгээ шийдвэр гаргахдаа ашиглаж байгаа явдалд л анхаарах хэрэгтэй. Хамгийн энгийн бөгөөд зайлшгүй байх ёстой арга бол мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх. Энэ төрлийн боловсролыг уламжлалт боловсролын тогтолцоондоо шингээж, ирээдүйн иргэддээ бага наснаас нь өгөх хэрэгтэй. Энгийн сонсогдож байгаа ч үүн шиг үр дүнтэй арга байхгүй гэж бодож байна.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 95 (7339)